ЦЕГ-аас шинэ жилийн баярын үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал хэлэхдээ "Баяр, амралтын өдрүүдэд 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэлээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас таван хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ.
Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл гурван явган зорчигч, нэг жолооч, нэг тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна" гэв.
Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна
Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн "Улаанбаатар хотод Нийслэлийн Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд 4,345 албан хаагч ажилласан. Энэ хугацаанд 953 хүнийг эрүүлжүүлсэн, 23 сая торгуулийн арга хэмжээ авсан байна.
Цагдаагийн албан хаагчид 33 гэмт хэргийг шуурхай илрүүлж ажилласан. Дөрөв хоногийн хугацаанд гэмт хэргийн нийт дуудлага 10 хувиар буурсан байна. Зөрчлийн дуудлага мэдээлэл 25.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Үүн дотроо золгүй байдлаар амиа алдсан тохиолдол 39 бүртгэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан тохиолдол гурав, осгож амиа алдсан хэрэг нэг бүртгэгдсэн.
Мөн дээрэмдэх гэмт хэрэг 53 хувиар, хулгайлах гэмт хэрэг 73 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байгаа" гэлээ.