Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран банкуудын гадаа үе үе дугаарлах иргэдийг хараагүй хүн үгүй болов уу. Энэ бол манай нийгмийн бас нэгэн сонирхолтой үзэгдэл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай иргэд нийгмийн халамжийн тэтгэврээ авахаар тийнхүү дараалал үүсгэдэг юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хагас бүтэн өнчин хүүхдийг харж хандаж буй иргэд нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авдаг.
Манай улсад одоогоор 120 мянга гаруй иргэн тус сангийн тэтгэвэр, тэтгэмжээр амьжиргаагаа залгуулж байна. Үүний 61 мянга нь ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны хоёрдугаар сараас нийгмийн халамжийн тэтгэврийг 15 000, асаргааны тэтгэмжийг 6000 төгрөгөөр нэмж, тэтгэвэр 155, тэтгэмж 72 мянган төгрөг болсон.
Гэтэл иргэд төрөөс өгдөг хэдэн төгрөгийг авахын тулд сар бүрийн 10-15-нд банкны үүд сахин, гадаа дугаарласаар байна. Хэн түрүүлж очсон нь мөнгөө авч, сүүлдсэн нь “санхүүжилт дууссан” гэх шалтгаанаар хоосон хоцордог гэж ойлгодгоос болж иргэд ийнхүү “манаач” болон даарч хөрөн зогсдог гэж албаныхан хэлдэг.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяраас энэ талаар тодруулахад “Цахим үйлчилгээ хөгжсөн өнөө үед гадаа дугаарлах шаардлагагүй болсныг иргэд ойлгох хэрэгтэй. Бүх хүн харилцагч банкандаа нэрийн данс нээлгэх эрхтэй. Нэрийн данстай болчихвол сар бүрийн 10-15-нд халамжийн тэтгэврээ дугаарлахгүй авч, банкны гадаа үүр цүүрээр очиж, дугаарлах шаардлагагүй.
Санхүүжилт хүрэлцдэггүй гэх асуудал хааяа гардаг нь үнэн. Учир нь халамжийн сан нь орон нутгийн төсвөөр санхүүждэг. Ялангуяа оны сүүлчийн саруудад орон нутгийн төсөв тасалдах, санхүүжилт дутах нь бий. Гэсэн ч тухайн сардаа нөхөн олгох ёстой. Огт олгохгүй, орхино гэж байхгүй” гэлээ.
Сардаа хүргэж яддаг таван төгрөг нь хугацаандаа орохгүй байх нь өвдөж, зовсон, өнөө маргаашийнхаа хоолыг яая гэж буй иргэдэд хүндрэл учруулдаг талаар гомдоллодог. Тэр мөнгөөр өдрийн талхаа авдаг хүмүүсийг яана вэ. Тэд хоцорсон санхүүжилтээс болж хэд хоног өлсгөлөн явах уу. Ах, дүүсээсээ хэдэн удаа мөнгө гуйна. Тэгээд цааш яах юм бэ. Энэ талаар л албаныхнаас асуугаад байгаа юм. Гэтэл “Хэд хоног саатдаг ч нөхөн олгодог” гэх юм. Тэд хэд хоног өлсөж, цангаг гэсэн үг үү.
Хоол хүнснээс авхуулаад өдөр тутмын хэрэглээгээ залгуулах шаардлага тулгарах нь ойлгомжтой. Хөдөлмөрийн чадваргүй болсон иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох халамжийн тэтгэврийг цагт нь олгохгүй хойшлуулах нь “хоосон хоно” гэснээс ялгаагүй.
Тиймээс Засгийн газраас халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оны нэгдүгээр сараас улсын төсвөөс санхүүжүүлэх болсон нь сайшаалтай. Ингэснээр халамжийн тэтгэврийг хойшлуулах, дараа сард нь нөхөж олгох асуудал үгүй болно гэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр хэлэв.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас нийгмийн халамжийн тэтгэвэр авахад ямар хүндрэл гардаг талаар лавлахад “Хааяа хоцордог ч нөхөөд олгочихдог. Харин орон нутгийн зарим иргэнд данс нээж өгдөггүй юм билээ. Тэр нь хараагүй иргэдэд хүндрэлтэй.
Учир нь банкнаас заавал гарын үсэг шаарддаг. Уг нь улсаас харааныхаа чадварыг 70 буюу түүнээс дээш хувиар алдсан иргэд гарын үсгээ зурж чадахгүй тул дардас ашиглахыг зөвшөөрдөг. Гэтэл тэтгэвэр олгодог банкууд, ялангуяа Төрийн банк дардсыг хүлээн зөвшөөрдөггүй” гэлээ. Тэд хэрвээ гарын үсгээ зурж чаддаг байсан бол дардас ашиглах шаардлагагүй.
Энэ талаар Өмнөговь аймгийн иргэн Д.Ариунтунгалаг “Би төрөлхийн хараагүй. Тэтгэврийн мөнгөө Төрийн банкаар дамжуулж авдаг. Нэрийн данс нээлгээд картаараа авъя гэхээр “Заавал өөрийн биеэр ир. Манайх картаар үйлчилдэггүй” гэсэн шаардлага тавина. Хараагүй учраас хэн нэгнийг гуйж дагуулж явахаас эхлээд хүндрэл бий. Мөн өөрийн биеэр очиж авахад гарын үсэг зурах шаардлага тулгардаг. Уг нь надад дардас бий шүү дээ. Гэтэл дардсыг хүчингүй гэдэг. Хамт явж байгаа хүн миний гарыг бариад, арай ядан зурахаар “Баталгаат гарын үсэг чинь буруу байна. Дахиад зур” гэх мэтээр хүнд суртал гаргана. Миний нэр их урт учир дахин дахин зурах хэцүү гэдгийг ойлгодоггүй юм шиг байна лээ. Жил жилдээ сунгуулдаг хүмүүсийнхийг болдоггүй юм гэхэд сунгах шаардлагагүй, өөрөөр хэлбэл, хугацаагүй болгосон хүмүүсийнхийг картаар олгоход болохгүй зүйлгүй юм шиг санагддаг. Түүнчлэн Өмнөговь аймгийн холбогдох албаныхан халамжийн мөнгийг хугацаанд нь олгодоггүй. Сар бүрийн 15-наас хойш банк, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар руу ээлжлэн утсаар залгадаг. Энэ мэтчилэн зовлон бий. Хараагүй иргэд сард харилцаа холбооны зардал гэж 20 мянган төгрөг авдаг. Гэтэл зарим сард тэр мөнгөө авч чаддаггүй. Өнгөрсөн сарынхыг одоо ч аваагүй л байна. Тэр мөнгө хаашаа ороод байгаа нь сонин байна” гэлээ.
Мөн Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Сарантуяа “Би IX хороо буюу Нисэхийн 63 дугаар байранд байрлах Төрийн банкны салбараас халамжийн тэтгэврээ авдаг. Теллерүүд нь танд үйлчлэхгүй, өөр хүнээр үйлчлүүл гэнэ. Би харааны чадвараа алдаад 10 жил болж байна. Бичиг үсэг мэддэг, харахгүй ч гэсэн бичиж чадах учраас дардас аваагүй. Гэсэн ч гарын үсгээ харахгүй учраас өөр, өөр бичдэг шиг байгаа юм.
“Баталгаат гарын үсэг чинь зөрөөд байна” гэдэг. Гарын үсэг зуруулсны дараа заавал хурууны хээ даруулна. Түүнчлэн зарлагын баримт дээр яг хаана нь гарын үсэг зурахыг ч зааж өгдөггүй” гээд Төрийн банкны үйлчилгээнд сэтгэл дундуур байдгаа хэлэв. Нэрийн данс нээлгээд, картаар тэтгэврээ авахаар хүсэлт тавьсан ч “Бүрэн хараагүй учраас нэрийн данс нээлгэх эрхгүй” гэжээ. Тэгсэн атал дараа сараас нь “Таны нэрийн данс руу шилжсэн байна” гээд сар бүр 1000 төгрөг суутгадаг болсон гэнэ. Ямар данс гэдгийг нь тэрбээр мэдэхгүй байдгаа хэлэв.
Баянгол дүүргийн III хорооны иргэн Ж.Э халамжийн тэтгэмжээ тус банкнаас хоёр ч удаа хугацаанд нь авч чадаагүй. Биеийнх нь баруун хэсэг саажилттай, сэтгэцийн өөрчлөлттэй тэрбээр карт авах боломжгүй учраас мөн л үүрээр банкны үүд сахисан гэдгийг дагуулж явсан өндөр настай ээж нь хэлж байлаа. Ийм жишээ олон.
Халамжийн тэтгэвэр авдаг иргэдэд үүнээс өөр орлого байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй нь бүү хэл эрүүл, саруул, хөдөлмөрийн чадамжтай хэдэд нь ч олигтой ажил олдохгүй, олдсон ч цалин мөнгөө өгдөггүй гээд тогтсон ажил олж хийхэд хэцүү болсон цаг.
Гэтэл сар бүр хэдхэн төгрөгөө авах гэж гэр бүл, ойр тойрныхноо, дараа нь банкны теллерүүдийг царайчилж байж арай ядан авч байна. Улсын бодлогоор дэмжиж, хамгийн их санаа тавьж, асран хамгаалах ёстой иргэдээ нүд үзүүрлэхээ хэзээ болих вэ. Уг нь төрийн байгууллагуудаас бүх гарц, гаргалгааг нь шийдвэрлээд өгчихсөн байхад банкны ажилтнууд тус шийдвэрийг уландаа гишгэж байгаа нь зүйд нийцэх үү.