“Монгол ялна” хэмээн гарч ирсэн Ерөнхийлөгчийн өнгөн дээр монголчууд бид ялагдлаа, утаанд. Нисдэг тэрэг хөлөглөн, нийслэлийн утааг дээрээс нь тольдчихоод, “Утаатай дайн зарлалаа” хэмээн сүржигнэж байсан экс Ерөнхийлөгчид ч эгдүү хүрч байна. Одоо шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүд утааны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцана гэж “галзуурахаа” больчих. Ард түмнээ ингэж доромжлох хэрэггүй. Нийслэлийн төв цэгт ч, таван одтой тансаг буудлын хүлээлгийн танхимд ч утаанд угаартах нь халаг байна. Одоо бид юунд найдах ёстой вэ. Ерөнхийлөгчийн санаачилгаар хийх гэж буй ерөнхий хяналтын сонсголоос үр дүн хүлээх нь зүйтэй юү.
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 10-нд хүргүүлсэн. УИХ ч Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжив. Улмаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд сонсголын тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцүүлэхийг чиглэл болголоо. Тэгээд ч Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулах ёстой. Ийнхүү 2015 онд Нийтийн сонсголын тухай хуультай болсноос хойш анх удаа хуулийн дагуу зохион байгуулах гэж буй ерөнхий хяналтын сонсгол нь энэ болох юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравдугаар сард “60 тэрбум”-ын гэх хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан, гүйцэтгэх ажил явуулсантай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжилж байсан юм. Гэвч дээрх асуудлын алийг нь ч хөндсөн сонсгол зохион байгуулаагүй. “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахыг УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн зуны турш шаардаад ч бүтээгүй.
Үүнээс гадна өнгөрөгч оны сүүлчээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонсгол (томилгооны) хийх санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулсан ч хийж чадаагүй. УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу 19 нь гарын үсэг зурсан гэж байсан ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй. Эцэст нь тэд нийтийн сонсгол бус, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
...Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хийсэн ажил, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах гэж буй нь энэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 2008-2016 онд гэхэд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо, судалгаа бий. Үндсэндээ үүнийг тодруулах нь...
Уг хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын нэг нь өдгөө “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдтой “дайн зарлаад” буй Л.Оюун-Эрдэнэ гишүүн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга яг жилийн өмнө УИХ-д хандан ҮАБЗ-ийн зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон ч тусыг эс олсон. Тухайн үед УИХ Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталж, холбогдох байгууллагад чиглэл өгснөө Ерөнхийлөгчид хариу мэдэгдээд л өнгөрсөн юм.
Нийтийн сонсголын тухай хуульд заасанчлан хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн зургаан төрлийн сонсгол зохион байгуулах боломжтой. Харин уг хуулийн 8.1-д “УИХ, түүний бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна” гэж заасан байдаг.
Төрийн тэргүүн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан ч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болно” хэмээн онцолж, дээрх санаачилгыг гаргаад буй.
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хийсэн ажил, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах гэж буй нь энэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 2008-2016 онд гэхэд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо, судалгаа бий. Үндсэндээ үүнийг тодруулах нь.
Хуульд зааснаар сонсголыг товлочихвол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо долоо хоногийн дотор нийтэд зарлах ёстой юм. Улмаар товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлэхээр хуульчилсныг баримталбал ирэх жилийн эхний сард буюу идэр есийн хүйтнээр утааны талаар бүхий л талын мэдээллийг нэгэн дор сонсож чадах нь.
Байнгын хорооныхон бэлтгэл ажлыг бүрэн ханган, хууль, тогтоомжид заасны дагуу хариуцан ажиллах үүрэгтэй. Ингэхдээ сонсголын товыг зарлан мэдээлэх, оролцогчдыг бүртгэхээс авхуулаад даргалагчийг сонгох, түүний эрх үүрэг, дэгтэй холбоотой харилцаа, зохион байгуулалтын бүхий л асуудлыг тэд журам батлан нарийвчлан зохицуулах юм. Тухайлбал, УИХ-аас зохион байгуулах сонсголд холбогдох байнгын, дэд болон түр хорооны гишүүдийн олонх нь оролцоогүй тохиолдолд хүчингүйд тооцох заалт ч бий.
Мөн албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр бай хад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг УИХ-ыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар хаалттай явуулахыг хоригложээ.
Хуульд заасныг хөөж, гэнэн цайлганаар төсөөлбөл нэг иймэрхүү. Гэвч төрийн шийдвэрийг боловсруулахаас эхлээд батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийнхээ санаа бодлыг ямар нэг хэмжээгээр тусгах гэсэн “сонсгол” гэх ойлголт, үйл ажиллагааны хэлбэр нь нэг үеэ бодвол бидэнд харьцангуй танил болсон ч тусгайлсан хууль баталснаас хойш УИХ сонсгол зохион байгуулсан туршлага үгүйг дахин тэмдэглэе.
Сонсгол зохион байгууллаа гэхэд үр дүнд хүрэх, эсэх нь том эргэлзээ дагуулж, тэгтлээ найдахгүй байна. Уг нь сонсголын явцад хэлэлцүүлэгт оролцдогоос хамаагүй олон хүн байр сууриа илэрхийлэх боломж бүрддэг нь түүний давуу тал. Гэвч улиг болсон зүйлээ давтаж, орилж, хашхичаад дуусах уу. Улаанбаатарын утааг яаж бууруулахаа ядаж ойлголцож дөнгөх болов уу.