“Монгол Улс жилдээ 25 мянга гаруй тонн лонх импортоор оруулж ирдэг. Эдгээрийг зөвхөн БНХАУ-аас ямар ч татваргүйгээр оруулж ирж байгаа. Тухайлбал, “Болор” архины шилийг 8000, “Gold Chinggis”-ийнхийг 5000, “Соёмбо”-ын шилийг 10 гаруй мянган төгрөгөөр урд хөршөөс оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэж байгаа архины үнийн 5000-10 000 гаруй төгрөг нь импортын шилний зардал гэсэн үг. Гэтэл монголчууд цамаандаа ч гэх үү, мэдэхгүйдээ ч юм уу, архины шилийг нэг удаагийн цаасан аяга шиг шууд л хаячихдаг. Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ нэгэнт зарсан л бол гүйцээ, хаягдал шилээ татан төвлөрүүлэх, дахин боловсруулах талаар огт анхаардаггүй” хэмээн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эко парк Улаанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал ярилаа. Импортоор оруулж ирдэг 25 мянга гаруй тонн лонхны 30 гаруй хувь нь буюу архины шилнүүд тэр чигтээ байгальд хаягдал болж үлддэг гээд бод доо.
Манайхны 22 000 төгрөгөөр худалдаж авдаг том шилтэй “Болор” архи угтаа бол 14 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тэртэй тэргүй байгальд хөсөр хаягдах шилний зардалд бид 8000 төгрөг илүү төлдөг байх нь. Малчид бидэнд сүү, тараг зарахдаа 10-ын бидоныхоо үнийг нэмэн, бүтээгдэхүүнээ 25 хувийн нэмэгдэлтэй худалдаж буйг нь мэдсээр байж аваад, гаднах савыг нь жалга руу шидчихэж байгаатай энэ нь агаар нэг буюу. Гэхдээ 10-ын бидон хаана ч хэрэгтэй сав учраас захын хүн олоод авчих нь мэдээж. Тэгвэл татан төвлөрүүлж, боловсруулан ашиглаж чадвал архины шил ч маш хэрэгтэй түүхий эд аж. Алтан тэвшийн хөндий хэмээх сонсголонт сайхан нэртэй Улаанбаатарыг минь “Сархдын шилний хөндий” гэгдэхэд хүргээд буй энэ их хог хаягдлыг далдруулах арга технологи байхгүй биш байна.
Хаягдал шилийг ашиглаад олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг арга туршлага, технологи дэлхийд өчнөөн ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэвэл манай нөхцөлд нэн тэргүүнд тохирох нь зам, барилгын материалын хийцүүд үйлдвэрлэх гэнэ. Тухайлбал, хаягдал шилийг буталж элс болгоод, шохойн чулуутай хольж, тусгай барьцалдуулагчаар бэхжүүлэн, импортыг орлох хиймэл чулуун тавцан хийсэн туршлага, технологи, тоног төхөөрөмж нь ч манайд бэлэн байгааг Д.Батжаргал хэлсэн. Хаягдал шил дахин боловсруулах үйлдвэрийнх нь хүчин чадал багадаад, түүхий эдээ татан төвлөрүүлэх тогтолцоо байхгүй нь нэрмээс болоод, борлуулалтын гачигдал дайран дээр давс нэмснээр өдгөө үйлдвэрлэл нь зогсжээ. Монгол Улс жил бүр 10 мянга гаруй тонн хиймэл чулуун тавцан Хятадаас оруулж ирдэг бөгөөд дотооддоо үүнийг үйлдвэрлэх бүрэн боломжтой юм байна. Төрийн зүгээс дэмжих гол зүйл нь импортоор оруулж ирдэг хиймэл чулуун тавцанд татвар ногдуулах явдал гэнэ.
Түүнчлэн япончууд явган хүний замын хавтанг хаягдал шилээр яаж чанартай, бат бөх хийж болох өндөр технологийн ноу-хаугаа манайхантай хуваалцах санамж бичгээ хүртэл хэдийн үзэглэжээ. Чулуун тавцангийн дараагийн дэвшилт технологи нь энэ аж. Хөлддөггүй, халтирдаггүй гээд тэдний үйлдвэрлэсэн замын хавтан олон талын ач тустай тул баталгаа болгоод “60 ам метр хавтангаа та нарт бэлэглэе. Сайд дарга нартаа танилцуулаад, дэмжлэгийг нь авч чадвал технологио шилжүүлэхэд бэлэн” гэсэн байна. Сүхбаатарын талбайгаас эхлээд өвөл халтирч тэнгэр харуулчих гээд байдаг “уран гулгалтын зам” Улаанбаатарт олон байдаг тул бээрсэн ялаа шиг бээцэгнэн явж үзээгүй хүн ховор болов уу.
Монгол, япончуудын хамтарсан энэхүү ажлыг БОАЖ-ын сайд ямартай ч нааштайгаар хүлээн авч “21 аймагт хаягдал шилийг буталж, элс болгох төхөөрөмж суурилуулах үнийн судалгаагаа гаргаад өг. Харин элсийг нь хөдөө орон нутгаас татан төвлөрүүлээд авчирсан хойно барилгын материал үйлдвэрлэх ажлаа та бүхэн хариуц” хэмээжээ. Хаалга, цонхны хавтгай шилийг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор Багахангай дүүрэгт үйлдвэр барьж буй. Гэвч хавтгай шилний үндсэн түүхий эд болох 99 хувийн цахиурын агууламжтай элс Монголд ховор тул хаягдал шилийг буталж, дахин боловсруулаад цонх, хаалганы шил хийх шаардлага цаашид тулгарах юм билээ. Шууд ахисан түвшинд гартлаа “цоорч” гийгүүлэхээ байг гэхэд ядаж барилгын наад захын материал хийдэг болчихвол их юм биз ээ. Хаягдал шил ний хамгийн хөнгөн хөөсийг нь газар тариаланд, хүнд хэсгийг нь замын дайрганы оронд хэрэглэхээс эхлээд барилгын дулаалгад, усан байгууламжийн шүүлтүүрт ашиглах гэхчлэн олон талын ач тустай. Тэр тусмаа манайх шиг жил бүрийн хэрэгцээт 600 мянган шоо метр барилгын дулаалгын материалынхаа 20 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг улсад хаягдал шилээ ашиглахгүй байгаа явдал нь дэндүү цамаан хэрэг гэлтэй.
Одоогоор хаягдал шилийг боловсруулж, барилгын материалууд болгож ашигласан туршлагатай ганц үйлдвэрийг толгойлж буй Д.Батжаргал “Манай үйлдвэр хаягдал шилээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэвэл дотоодын зах зээлийн гуравхан хувийг хангана. Энэ нь нийт хаягдал шилний 30-аад хувийг л ашиглана гэсэн үг. Тэгэхээр цаана нь дахиад эрэлт их байгаа биз. “Монгол базальт” компани барилгын дулаалгын материалын 20 хүрэхгүй хувийг л хангаж байгаа шүү дээ” хэмээн ярилаа.
Ховдынхон өнгөрсөн намар Хар ус нуурын эрэг орчмоо цэвэрлэтэл ачааны таван машин дүүрэн согтууруулах ундааны шил гарсныг яаж устгахаа мэдэхгүй үгээ хэлж байгаа тухай дуулсан. Тус аймгийн нийт хог хаягдлын 80 шахам хувийг архи, шар айраг, ундааны шилэн лонх, лааз эзлэх болсон тул ИТХ-аараа хэдэнтээ хэлэлцээд ч энэ асуудлыг цэгцэлж чадахгүй байгаа гэх. Тэгвэл саяхан БОАЖ-ын болон Сангийн сайдын хамтарсан тушаал гарснаар хөдөө орон нутагт эзгүй хаягдаад буй согтууруулах ундааны шилийг цуглуулж, устгах зардлыг үйлдвэрлэгч, импортлогчид өөрсдөө хариуцах үүрэг хүлээжээ. Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалтад есөн бүтээгдэхүүн багтсаны дотор “Хаягдал шилэн лонх савыг үйлдвэрлэгч, импортлогчид эргүүлэн цуглуулж, дахин боловсруулах, булах, устгах зардлыг хариуцна” гэж заасан байгаа юм. Үүнийг хаягдал шилийг дахин ашиглах талаар БОАЖЯ-ныхан бодлогын шинжтэй томоохон өөрчлөлт эхлүүлсэн явдал хэмээн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо үзэж байгаа юм билээ. Түүнчлэн энэ талаар эрх зүйн бас нэг таатай орчин бүрдэх гэж буй нь салбарын яамнаас Эко төлбөрийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа гэнэ. Энэ нь байгаль орчин бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдээс төлбөр аваад, тэрхүү хогийг дахин боловсруулж байгаа иргэн, компани, үйлдвэрт урамшуулал болгон өгөх зохицуулалт гэсэн үг аж. Шилний хаягдал байгаль дээрээс бүрмөсөн устаж алга болоход 4000 жил зарцуулдаг гэхээр манайхан эх нутагтаа ямар хайхрамжгүй, хүнийрхүү ханддагийн илрэл энэ буюу.
Нэгэнт Монгол Улсын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлж, өөрсдийн лого тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, худалдаж, ашиг олж байгаа л бол тухайн аж ахуйн нэгжүүд архи, согтууруулах ундааны шил саваа яаж цуглуулах, хэрхэн устгах, эсвэл дахин боловсруулах үйлдвэрт тушаах вэ гэдэгт ч хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох “Ган” бөөний төвийн худалдааны менежерээс энэ талаар тодруулахад “Архины үйлдвэрүүд шилээ буцааж авдаггүй. “Жем интернэшнл”-ийнхэн жилд 1-2 удаа хямд ч гэсэн шилээ буцааж авдгийг мэдэх учраас манай зөөгч залуус цуглуулдаг. Түүнээс биш манай хажуугийн хоёрдогч түүхий эд авдаг цэг лав татан буугдсан. Уг нь ундаа болон шар айрагны үйлдвэрүүд манайх шиг бөөний төвүүдээс шилээ буцааж авдаг жишиг хэдийн тогтсон. Архи үйлдвэрлэгчид шилний хаягдлаа томоохон худалдааны төвүүдээс татан төвлөрүүлэх боломжтой ч манайхан тэгдэггүй” хэмээн бодит байдлыг нуулгүй ярина билээ.
Тэгэхээр төр, засаг бодлогын шинжтэй иймэрхүү томоохон ажил зоригтой эхлүүлэхгүй бол хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд найдаад дорвитой үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Цагтаа улсын хэмжээнд 1000-аад ийм цэг байсан бол энэ тоо буурсаар буурсаар өдгөө Улаанбаатарт 200 хүрэхгүй, орон нутагт 300 гаруй цэг л хог хаягдлыг татан төвлөрүүлж буй. Шуудай үүрсэн нэгэн “Шил авъя, шил авъя” хэмээн гудамжаар хашхирдаг, хүүхдүүд гэртээ байгаа шилийг аваачиж өгөөд ширхгийн чихэр, бохь авдаг байсан үе түүх болжээ гэхэд хилсдэхгүй биз.
Жил бүр 25 гаруй сая ам.долларын шилэн лонх гадаадаас импортоор оруулж ирдэг хэрнээ дийлэнх хувийг нь хог дээр хаядаг “баян” улс хэр олон бол. ХХБ-ны үүсгэн байгуулагч Б.Мэдрээ захирал саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа Монголд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд том түлхэц болох найман үйлдвэрийн жагсаалт танилцуулсны дотор шил боловсруулах үйлдвэрийг багтаасан нь жирийн хэрэг биш байж таарна. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд толгой цохидог, манайх шиг арвин түүхий эд “үйлдвэрлэдэг” оронд ийм үйлдвэр нэн чухал гэдэг нь гашуун боловч үнэн буюу.