Гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Хүннү” гутал үйлдвэрлэдэг “Чий экэ” компанийг энэ удаагийн буландаа онцоллоо. Тэрсхэн дөрвөн хүүхдийн ээж Э.Намуунтунгалаг хүүхдүүдээ харж гэртээ зуух зуураа ямар ажил хийж, өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар бодон, гарын уртай, юм оёж, нэхдгээ харгалзан гуталчин бэлтгэх гурван сарын сургалтад 2014 онд суужээ. Энэ нь “Хүннү” нэрийн гутал үйлдвэрлэх анхны сэдэл болсон байна. Өөрсдийн мөнгөөр урд хөршөөс оёдлын машин хоёрыг авч, гэртээ гутал оёж эхэлсэн тэднийх одоо 80 орчим ам метр талбайтай ажлын байр, 10-аад ажилчинтай жижиг үйлдвэр болон өргөжжээ. Тус үйлдвэрт одоогоор хүүхдийн болон эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан дөрвөн улирлын гутал, ботинк урладаг.
Улирлаас шалтгаалан гутлын загвар, өнгийг тооцоолон өдөрт дунджаар 10-15 гутал хийдэг бөгөөд үйлчлүүлэгчийн захиалгаар хүссэн хэлбэр, хэмжээ, өнгөтэйг оёдог байна. Тэдний нэрийн гутал бол “Хүннү”. Энэ нь ардын уламжлалт хээ шингээсэн эсвэл товч, шилбээр гоёсон гутал юм. Ээтэн хоншоортой, уламжлалт хээтэй гутлууд олон байдаг ч гутлын түрий дэх цахилгаан болон үдээсний оронд товч, шилбэтэй гутал зах зээлд нийлүүлж анхдагч болсон тус компанийнхан бүтээгдэхүүнийхээ чанарт сэтгэл хангалуун байна. Учир нь эсгий болон нэхий дотортой, адууны шир, хонь, нохойн арьсаар гадар татсан гутал нь ямар ч хүйтэнд дулаахан гэнэ. Ихэвчлэн зах дээр буюу гадаа ажилладаг хүмүүс, орон нутгийнхан худалдан авдаг байна. Мөн зузаан, паравгар харагдахгүй, цэвэрхэн хийцтэй, дулаан гутал сонирхож буй хүмүүст шагайнаас доош нэхий оруулж, түрийг нь хиймэл үсээр доторлон, товч шилбээр гоёсон өвлийн, өнгө өнгийн гутлуудыг санал болгодог аж. Эл бүтээгдэхүүнийг нь буриад, якутууд нэлээд сонирхдог аж. Биднийг тус үйлдвэрийн ажилтай танилцаж байх үед ч Якутад гутал борлуулдаг нэгэн захиалсан гутлуудынхаа өнгө, хэмжээ, загварыг нягтлан худалдан авч байхтай таарсан юм. Дотоодод үйлдвэрлэсэн өвлийн гутлаа гадагш нь борлуулж буй нь сайшаалтай.
Бүтээгдэхүүнийхээ чанар, онцлогийн талаар “Чий экэ” компанийн захирал Э.Намуунтунгалаг “Өвөрмонгол, буриад, якутууд манай үйлдвэрийн гутлыг худалдан авах нь нэмэгдсэн. Өвөрмонголчууд хавар, намрын улиралд өмсөхөд тохиромжтой доторгүй, арьсан, мөн бүжгийн гутал нэлээд авдаг. Бид Цагаан сарын дараагаас урд хөршийнхний захиалгад дарагдан энгийн болон тайзны гутал их хэмжээгээр оёж бэлтгэдэг. Харин буриад, якутууд зузаан дотортой, өвлийн гутал худалдан авдаг. Нийлүүлэгчдээрээ дамжуулан захиалгаа ирүүлдэг юм. Манайхтай адилхан чанартай ч өвлийн зарим гутал өндөр үнэтэй байдаг. Манай үйлдвэрийн гутал хямд бөгөөд дулаан, чийг татдаггүй, эдэлгээ сайтай нь хүмүүс сонгох нэг шалтгаан болдог болов уу. Хямдавтар бүтээгдэхүүн сонгох үйлчлүүлэгч цөөнгүй. Гэхдээ сонгосон зүйл нь чанаргүй бол үйлдвэрлэгч ахин юм хийх, борлуулах талаар саналтгүй” гэсэн юм.
“Хүннү” гуталынхан одоогоор өдөрт өвлийн гутал 10 гаруй, хавар, намрынхыг түүнээс олон ширхгийг үйлдвэрлэдэг. Аль ч гутлыг боловсруулсан арьсаар урлаж, 2-3 давхар уллагаатай хийдэг тул чийг татаж, хайрдаггүй. Улны оёдлыг машинаар гүйцэтгэдэг ч заримыг нь гараар оёх шаардлага гардаг аж. Гараар оёсон гутлын ул авсаар ханзардаггүй хамгийн бөх байдаг гэнэ. Харин тус үйлдвэр хүүхдэд зориулсан өвлийн гутал оёхоо түр азнаад байна. Учир нь адилхан ажиллагаа, материал шаарддаг тул тэр хэрээр хэрэглэгчдэд үнэтэй тусдаг, мөн энэ төрлийн импортын гутал зах зээлд их, хямдхан байдаг нь ашиг өгдөггүй гэв.
Тус үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ 35 000-250 000 төгрөгөөр борлуулдаг. Яармагт үйлдвэрийн байрныхаа дэргэд жижиг дэлгүүртэйг эс тооцвол албан ёсны худалдааны цэг, борлуулах талбай байхгүй. Интернэтээр болон захиалгаар худалдаа хийдэг. Энэ нь ч гутлыг үйлдвэрийн үнээр хүмүүст хүргэх нөхцөл болдог аж. Тэд түүхий эдээ урд хөрш болон дотоодоос авдаг байна. Энэ онд ажлын байраа томруулж, эсгүүрийн суурь машинтай болсондоо баяртай буй тэдэнд одоогоор үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй зүйл үгүй гэлээ. Хийж л чадвал ажил их, захиалга олон байгааг Э.Намуунтунгалаг хэлж байв. Тэрбээр гутал оёхоос илүүтэй хүнтэй ажиллах, хамт олон бүрдүүлэх нь амаргүй болохыг онцолсон. Жижиг, дунд ямар ч үйлдвэрт тулгамдсан асуудал нь ажиллах хүчний нөөц гэдэгтэй тэрбээр санал нэг байна. Ажилд орохоор хандаж буй хүмүүсийн олонх нь хаана, юу хийхээ мэдэхээс урьтаж хэчнээн төгрөгийн цалинтай, долоо хоногт хэдэн өдөр амрах талаар асуудаг нь урамгүй гэсэн юм. Мөн үйлдвэрийнхээ хамт олноор бахархан “Манай хамгийн үнэтэй капитал бол ажилчид. Тэднээс энэ салбарт 28 жил ажилласан Б.Наранцэцэгийг онцолмоор байна. Ямар ч сургалт, дамжааанаас олоогүй туршлага, техникийг бид түүнээс сурсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ яарах хэрэггүй, тооноос чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Чанартай бараа үйлчлүүлэгчийг дагуулах нь гарцаагүй гэдгийг ойлгуулсан” гэлээ.
“Чий экэ” компанийнхан ирэх хоёр жилд үйлдвэрийн бүтээмжээ хоёр дахин нэмэгдүүлэх, тэр хэрээр ажилчдынхаа цалинг өсгөж, ахуй хангамжийг нь сайжруулах зорилготой. Үүний тулд бодож, төлөвлөсөн ажил нэлээд бийг дуулгалаа.