Төрийн өндөр албан тушаалтнууд бүлэглэн, зохион байгуулалттайгаар төрөө дээрэмдлээ
Татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан 100 орчим тэрбум төгрөгийг эрх баригч намынхан хуваагаад “хүртчихсэн” нь нийгмийг намаржин, өвөлжин бухимдуулж байна. Улстөрчид увайгүй, хомхой ч төрийн өндөр албан тушаалтай ийм олон хүн оролцож, зохион байгуулалттайгаар төрөө цөлмөсөн, түүнээсээ ичиж зовохгүй, нууж хаах ч үгүй, байдаг л зүйл хэмээн тайлбарлах гэж оролдсон хэрэг өмнө нь гарч байсангүй.
Засгийн газрын тусгай сангийн мөнгийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр тараасан, улстөрчид бүлэглэж, зохион байгуулалттайгаар төрөө тоносон гэхэд хатуудахааргүй энэ явдлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад санал өгч, оролцсоны шагнал гэж хардаж буй хүн цөөнгүй. Тусгай сангаас зээл авсан нь нэгэнт ил болж, өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрөөд байгаа хүмүүсийг харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжигчид голдуу байх бөгөөд тэдний үүсгэсэн УИХ дахь албан бус бүлгийг “ЖДҮ-чид” хэмээн нэрлэх болсон. ЖДҮХС-гийн зээл ийнхүү энэ оны улс төрийн амьдралын нэг томоохон үйл явдал, үзэгдэл болсон тул оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Төрийн дээр сандайлсан луйварчдын хоорондын дажин тогоондоо багтахаа больж, нэг нь нөгөөгөө унагах гэж задалсан мэдээллийн зах зухаас Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Б.Жавхлан нарын нэр одоогоор тодроод буй. Зээл авсан нь бараг тодорхой болоод байгаа хүмүүсийн нэр тэдний араас сонсогдоод хэд хонож байна. Төрөө тоносон энэ хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлснөөс өөрөөр хариуцлага хүлээсэн хүн одоогоор хараахан алга. Харин олон нийт тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласных нь төлөө хариуцлага хүлээлгэхийг хүлээсээр хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгож байна.
Ам.долларын ханш ахиад “цойлов”
Ам.долларын ханш энэ жил ахиад л “цойллоо”. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэс, энэ сарын эхээр “ногоон”-ы ханш огцом чангарав. Валют арилжааны “Найман шарга” захад ам.долларын ханш 2680 төгрөгт хүрсэн нь сүүлийн нэг жилийнх нь дээд түвшин юм. Монголбанкны албан ханшаар энэ сарын 4-нд ам.доллар 2639.21 төгрөгтэй тэнцсэн нь сүүлийн нэг жилийнх нь дээд түвшинд тооцогдож байна. Мөн энэ нь 2006 оноос хойших хамгийн өндөр түвшин гэдгийг дурдах хэрэгтэй. Он гарснаас хойш Монголбанк зах зээлд 1.2 тэрбум ам.доллар нийлүүлсэн ч “ногоон”-ы ханшийг “аргамжиж” чадаагүй гэхэд болно.
Америк мөнгөн тэмдэгтийн ханш чангарсантай холбоотойгоор дотоодод борлуулах газрын тосны үнэ мөн өссөн. Нөгөөтээгүүр, дэлхийн зах зээлд “хар алт”-ны ханш өссөнөөс шалтгаалж ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлэх шатахууны хилийн үнэ нэмэгдсэн тухай АМГТГ аравдугаар сард мэдээлж байв. Ерөөс 2018 он гарсаар шатахууны ханш дөрвөн удаа нэмэгдсэн тул ийн тайлбар тавихаас аргагүйд хүрсэн биз. Тэгвэл энэ сарын 7-нд шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр хямдруулсан. АМГТГ-аас импортлогч компаниудад хүргүүлсэн албан бичигт аравдугаар сарын дунд үеэс газрын тосны ханш огцом доошилж, “Роснефть”-иэс нийлүүлж буй шатахууны хилийн үнэ буурч буй тул дотоодынхыг ч мөн хямдруулах тухай дурдаж байв. УУХҮЯ, АМГТГ-аас цаашид шатахууны үнэ шат дараатай буурна гэж удаа дараа мэдэгдэж буй ч одоогоор хямдарсан зүйл алга.
Энэ ташрамд дурдахад, 20 гаруй жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн нь 2018 оны онцлох үйл явдлын нэг байв. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг хүлээж авсан бөгөөд гаднах дэд бүтцийн ажлыг нь зургадугаар сард эхлүүлсэн билээ. Айсуй оны гуравдугаар улиралд уг ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж буй. Үйлдвэрийн бүтээгдэхүүний дундаж өртөг 850 орчим (литр) төгрөг байх тооцоо бийг салбарын яам саяхан дуулгасан. Жилд нэг сая гаруй тонн бүтээгдэхүүн нийлүүлэх тус үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг өмнө нь мэдээлж байв. Газрын тос боловсруулах үйлдвэр барих өмнөх төслүүдийг бодвол санхүүжилт нь шийдэгдсэн (Энэтхэг улс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно) гэдэг утгаараа хэрэгжих тун боломжтой гэж үзэхэд буруудахгүй. Уг үйлдвэрийг ашиглалтад оруулбал ам.доллар, дотоодын зах зээл дэх газрын тосны ханш “намжих” нь тодорхой.
Энэ төрийн үед эрх баригчид эвлэрэхгүй
Эрх барьж буй намынхан эргэж нийлэхээргүйгээр эвдрэлцэв бололтой. Эв нэгдэлтэй мэт имиж бүрдүүлж ирсэн энэ намын хэдэн мянган гишүүнд эл явдал үнэндээ хамаагүй. Үндсэндээ удирдлагын түвшинд буй, УИХ-ын гишүүн голдуу хэдэн нөхрийн үл ойлголцол ийм байдалд хүргэсэн. Харин тэд одоо жирийн гишүүд, даган баясагчдаа өөр өөрийн талд үйлчлүүлж, жагсахдаа барих уриа лоозонг нь чиг чигтээ бэлтгэх болсон. Тэд намаа хагалаад зогсохгүй төрийн ажлыг ч гацаав. Ардын намынхны “зодоон” АН-ыг хөлдөө чирч, парламентад бүлэгтэй байх, эсэхтээ тулаад буй. Төрийн дээр Ардын нам сандайлсныг баталлаа, тэд.
МАН өнгөрөгч УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа дангаар байгуулчихаад жил гаруйн дараа дотроосоо огцруулахад эвдрэлийнх нь эх, үндэс тавигдсан. Нэг танхимд шадарлаж явсан нөхөр нь Ж.Эрдэнэбатыг түлхэж, өөрөө Ерөнхий сайд болоход тэд өөр хоорондоо элдэв муу үг чулуудаж байсан ч эвлэрснээ зарлаж, уучлал эрсэн нь зуурдынх байж. Ердөө жилийн дараа Засгийн газраа дахин огцруулахдаа тулна чинээ санаагүй. “Давхар дээл”-тэй сайд нарынхаа хүчинд дэнжигнэж үлдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах оролдлого дахиад ч “амилж” магадгүй болоод байна. Бас дандаа гишүүн сайдтай Засгийн газар төрийн эрх барих дээд байгууллагын өмнө яаж “даам гардгийг” хангалттай харуулав. “60 тэрбум”-ынхан ба “ЖДҮ-чид” хэмээн хуваагдаад буй тэд бие биеийнхээ булайг хэзээ дэлгэж дуусахыг таашгүй.
Хүчингийн хэрэг, хуулийн мухардал
Энэ парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзан, чөлөөлөгдөв. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, жирийн иргэний амьдрал сонгосон тохиолдол манай парламентад нэг бус. Гэхдээ хүчингийн хэрэгтэй холбоотойгоор чөлөөлсөн нь анхных. Гучин хэдхэн настай түүний гэнэн, томоогүй зан нь ийм болчимгүй зүйл хийхэд хүрсэн байж мэдэх ч 60 гарчихаад үүнтэй төстэй дуулианы эзэн болсон хүн энэ парламентад бас бий. Эмэгтэй хүнийг эр хүнд л байдаг эрхтнээрээ дарамталдаг гэх бүсгүйн гомдол, ёс бус зураг, баримт бүхий эрээ цээргүй дуулианд холбогдсон Д.Мурат гишүүнийг шүүхээс цагаатгаад буй. Юутай ч ийм маягийн хэл аманд өртсөн гишүүд нь энэ парламентыг сондгойруулж байна. Нас бол тоо, намба заах үзүүлэлт биш болохыг мань хоёр баталсан учраас УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босго хэд байх нь зүйтэй талаар харилцан адилгүй байр суурь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөвөрлөө.
Үнэндээ Д.Гантулга бүрэн эрхээсээ шууд татгалзчихаагүй. Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан ч ах нар нь явуулахыг зөвшөөрөөгүй. Ингэхдээ УИХ “хуулийн мухардалд” орсноо зарлаж, холбогдох хуулийг нь хүртэл өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой зарим зүйл, заалтыг өөрчилсөн. Ийнхүү нэлээд гүрийсний эцэст чөлөөлөгдсөн түүний оронд хэн байхыг шийдэх нөхөн сонгуулийг өнгөрөгч аравдугаар сард товлосон ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хойшлуулсан. Нэгэнт нөхөн сонгууль товлосон тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг эцэслэн тогтоосон тул одоо мөн Сонгуулийн тухай хуульд гар хүрэхээр зэхэж сууна. Ирэх зургадугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно гэж өнөөдөр хэлж зүрхлэхгүй нь.
“Том алхсан” хөрөнгийн зах
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил энэ онд шинэ шатанд гарлаа гэж дүгнэхэд хэн ч маргахгүй биз ээ. Хөрөнгийн зах зээл урьд өмнөхтэй харьцуулбал ер бишийн идэвхтэй жил улирч байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан долоон компани олон нийтэд хувьцаагаа арилжлаа. Энэ бол өмнө нь байгаагүй амжилт агаад бизнесийн салбарынхан хөрөнгийн зах зээлийн ашиг тусыг мэдэрч, сонирхож эхэлсний илэрхийлэл юм. Үүгээр зогсохгүй хувьцааны арилжааны дундаж хэмжээ ч өсөв. Энэ хэрээр хувьцаа эзэмшигчдийн тоо ч нэмэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх жилүүдэд ногдол ашиг тараана гэсэн удаа дараагийн мэдэгдэлтэй холбоотой олон зуун мянган иргэн үнэт цаасны данс нээлгэсэн. Цаашдаа үнэт цаасны данс эзэмшигчдийн тоо хоёр сая давна гэсэн таамаг бий. Өөрөөр хэлбэл, манай улсын насанд хүрсэн иргэн бүр үнэт цаасны данстай болно гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын хувьцаа худалдаж авах эрэлт ч өндөр байв.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгосон “ЛэндМН ББСБ”, “Монгол базальт”, “Эрдэнэ ресурс девелопмент”, “Хөвсгөл Алтан дуулга”, “Мандал даатгал”, “Ард даатгал”, “Хөтөлийн цемент шохой” компани нийт 31.4 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн. Тэгвэл тэдний хувьцааг хөрөнгө оруулагчид 85.4 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал ирүүлсэн юм. Энд нэгэн зүйлийг онцлоход “Эрдэнэс ресурс девелопмент” нь Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлжүүлсэн анхны компани болж, хөгжлийн түүхийн шинэ хуудсыг нээв.
Одоогоор Монголын хөрөнгийн бирж 91.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал, 20.5 хувиар өссөн үзүүлэлт. Түүнчлэн өдөрт дунджаар 373 сая төгрөгийн арилжаа хийжээ. Хөрөнгийн биржийн арилжааны дундаж хэмжээ сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Энэ жилийн арилжааны дундаж хэмжээг 2014 оныхтой харьцуулбал дөрөв дахин өссөн үзүүлэлт гарав. Хувьцаа эзэмшигчдийн тоо энэ жил 10 мянгаар нэмэгдэж, 330 мянгад хүрлээ. Манай улсын 700 мянга орчим иргэн үнэт цаасны данстай байсан. Тэгвэл 1.2 сая иргэн үнэт цаасны данстай болжээ. Дээрх статистик тоо баримтууд хөрөнгийн зах зээлийн хөгжил урагшаа “том алхсан”-ыг илтгэж буй.
12 жилийн дараах ашигтай төсөв
Монгол Улсын төсөв 2018 онд ашигтай гарах нь тодорхой боллоо. Манай улсын төсөв хамгийн сүүлд 2006 онд ашигтай гарч байв. Түүнээс хойш 12 жилийн дараа төсөв ашигтай гарах нь гэсэн сайн мэдээг дахин сонсох нь тэр. Улсын төсөв өнгөрсөн жил 0.98, 2016 онд 2.6, 2015 онд 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байжээ. Засгийн газар маш их өр тавьсан нь төсвийн алдагдлыг гадаад, дотоодын зээлээр нөхсөнтэй нь холбоотой. Төсөв ашигтай гарч буйг нэмж өр тавихгүй нь, цаашлаад бага боловч нэгээхэн хэсгийг нь дарах нь гэж харах хэрэгтэй. Төсөв ашигтай гарсан нь татварын орлого нэмэгдсэнээс голлон шалтгаалжээ. Дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ өндөр байсан учраас манай аж ахуйн нэгжүүдийн орлого өсөж, борлуулалт нь нэмэгдсэн. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл сайжирсан учраас татвараа шударгаар хураадаг болсон билээ.
Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг, нийгмийн байдал оны эхний 11 сард ямар байгааг танилцуулсан. Оны эцсийн дүн гаргаагүй байгаа учраас эхний 11 сарын байдлаар улсын төсвийн ашиг хэдэн төгрөгт хүрснийг дуулгая. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний 11 сард 8.2 их наяд төгрөгт хүрчээ. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ найман их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр улсын нэгдсэн төсөв 266.4 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого 7.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд буюу 30.8 хувиар өссөн нь төсөв ашигтай гаргахад голлон нөлөөлжээ. Одоогоор нэмэгдсэн өртгийн албан татвар 483.6, орлогын албан татвар 437.2, онцгой албан татвар 203.5, нийгмийн даатгалын орлого 264.3, гадаад үйл ажиллагааных 160.8, бусад татвар, төлбөр хураамжийнх 134.9 тэрбум төгрөгөөр өсөөд байгаа аж. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.4 хувийг татвар, 9.6 хувийг татварын бус, 6.7 хувийг Ирээдүйн өв сан, 2.2 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого эзэлж буй гэнэ.
БНХАУ-ын бодлогоос шалтгаалан нүүрсний экспорт энэ онд саарсан. Нийт эскпортын 40 хувийг бүрдүүлж буй нүүрс борлуулалт саарсан нь эдийн засагт, төсвийн орлого бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлнө гэж таамаглаж байв. Эдийн засаг зургаа орчим хувиар өсөх нь тодорхой болж, төсөв ашигтай гарлаа. Нүүрсний экспорт саараагүй бол үүнээс өндөр өсөлт, ашигтай гарах байсан гэж эдийн засагчид хэлдэг.
Хоёр ч Ерөнхий сайдыг хэрэгт татав
2018 он өндөр дээд албан тушаалын зарим “нөхдөд” ширүүхэн жил болж өнгөрөв. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрынхан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хоёр ч удаа хорьж, шалгалаа. Тэднийг Ерөнхий сайд байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад илт давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгасан юм. Урьд өмнө нь өндөр дээд албан тушаалтнуудыг ингэж олноор нь, дахин дахин шалгасан тохиолдол бараг үгүй бөгөөд уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Иргэд уг хэргийг ямар нэгэн байдлаар мартагдах вий хэмээн ярьж, эцсийн шийдвэр хэрхэхийг чагнаж сууна.
Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлснээр бол төрд өндөр алба хашиж байсан хэд хэдэн хүний хэргийг шалгаж байгаа бөгөөд хэнд ч ял завшуулахгүй гэнэ. Албан тушаалтнуудын хэрэг ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэх авлигын асуудлаар өргөжсөн ч тэрбээр өөрийгөө гүтгүүлсэн, нэр төрөө сэргээхээр шүүхэд хандахаа мэдэгдээд байна.
Нэг удаагийн гялгар уутанд баяртай гэх үү
Хамгийн амь бөхтэй, хөрсний дайсан гэгддэг гялгар уутыг хэрэглээнээс халах тухай дэлхий нийтээрээ ярьж, тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Манай улсын хувьд ч энэ төрлийн бүтээгдэхүүний урхаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг сурталчилж, өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэхдээ тас хориглож чадаагүй. Тэгвэл Засгийн газар орчны бохирдлыг бууруулах зорилгоор нэг удаагийн, нийлэг гялгар уутыг ахуйн хэрэглээнээс бүрмөсөн халах, хориглох тогтоолыг өнгөрсөн зун баталлаа.
Тус тогтоолд “0.035 миллиметрээс нимгэн, нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар ашигладаг гялгар уут хэрэглэхийг хориглоно” гэж тусгасан. Энэ нь бидний нэрлэдгээр, “10-ын” уут юм. 50, 100 төгрөгийн зузаан уутыг хориглоогүй бөгөөд яваандаа мөн л хэрэглээнээс халах зорилготой гэнэ. Зах зээлд хамгийн эрэлттэй, хаягдлын зонхилох хувийг эзэлдэг учраас энэ төрлийн уутыг нэн түрүүнд хоригложээ. Засгийн газрын тогтоол ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих ч “Нийлэг, нимгэн гялгар уутны нийлүүлэлт энэ онд 40 хувиар багассан” гэж МХЕГ-аас мэдээлжээ.
НҮБ Монголын агаарын бохирдлын асуудлаар дуугарлаа
Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны нэгдүгээр сард хүлээн зөвшөөрснөөр шат шатны байгууллагууд агаарын бохирдолтой холбоотой асуудалд илүү бодитой хандах болсон. Харин энэ сарын 16-нд НҮБ Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын нэг гэж ертөнц даяар цоллолоо. Тус байгууллагаас мэдэгдэл гаргахад нэгдүгээрт, хорт утаа, хоёрдугаарт, манай улсын иргэдийн хичээл зүтгэл нөлөөлсөн. Дэлгэрүүлбэл, идэр есийн хүйтэн эхлээгүй үед хорт утаа хүлцэх хэмжээнээс давж, эрүүл мэндэд нь заналхийлэх болсонд бухимдаж, бачуурсан иргэд НҮБ-ыг энэ асуудалд анхаарал хандуулан, туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
50 мянга гаруй монголчууд үүнд нэгдсэн билээ. НҮБ-ын мэдэгдэлд “Агаарын бохирдолтой тулгарсан улс орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс. Харамсалтай нь, үүнийг богино хугацаанд хялбар аргаар шийдэх боломжгүй. Утааны эх үүсвэртэй тэмцэж, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахад төрийн болон хувийн хэвшлийн тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай байгууллага агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хэмнэлттэй, байгальд ээлтэй эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон бусад талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, техникийн зөвлөгөө үзүүлэхэд үргэлж нээлттэй байх болно” гэжээ.
Монголчууд багийн спортоор ч дэлхийд үнэлэгдэхэд ойрхон байна
Өнөө жил Монголын спортынхон эх орныхоо нэрийг тив, дэлхийн дэвжээнд дуурсгаж, анхны гэх тодотгол бүхий олон амжилтыг түүчээлэв. Хэдийгээр манай гол найдвар болсон олон шилдэгтэй жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөс дэлхийн аварга төрөөгүй ч багийн спортоор цойлсныг нь онцолъё. Монголчууд багийн төрлөөр амжилт гаргаж чадахыг сагсан бөмбөгийнхөн анх үлгэрлэсэн. Тэд энэ жил шилдэг байж, монгол түмнээ олон удаа баярлуулав. Ялангуяа 3х3 төрлийн тамирчид бүр ч онцгой байлаа. Манай улсын сагсан бөмбөгчдийн түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа өрсөлдөн, “Их дуулга”, гран при тэмцээнээс медаль авав. Токиогийн олимпод оролцохын төлөө зүтгэж буй тэд өдгөө чансаагаараа Ази тивд тэргүүлж, дэлхийд эхний наймд багтаж байна.
Манай хоккейн насанд хүрэгчдийн шигшээ багийнхан Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлж, өмнө нь нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав. Түүгээр ч үл барам залуучууд нь эл тэмцээний дэд аварга болсон нь яах аргагүй түүхэн амжилт. Тууштай хүнийг амьдрал шагнадгийг тэдний амжилт үлгэрлэсээр байна. Учир нь манайхан өнгөрсөн жил эх орноосоо автомашинаар гаран, адал явдалтай зам туулсаар Шведэд очоод бөмбөгтэй хоккейн В ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийг хүмүүс мэднэ.
Монгол хөлбөмбөгчид мөн багийн спортын хөгжлийг шинэ түвшинд гаргаж байна. Манай улс эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ багийг өнгөрсөн жил байгуулсны үр дүн богино хугацаанд гарсаар. “Токио-2020” олимпын эрхийн оноо авахын төлөө өрсөлдсөн тэд төдийгүй эрчүүд Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд түрүүлж, удаах даваанд өрсөлдсөн нь яах аргагүй онцлох амжилт.
“Монголд багийн спорт өндөр хөгжих боломжгүй. Тамирчид амжилт гаргах хэмжээнд хүрээгүй” гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг дээрх амжилтууд эргүүлж чадав. Түүхэн амжилт байгуулснаас дутахгүй Монголын сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккейн тамирчдын бүтээсэн гавьяа энэ. Тэдний амжилтаас өмнө манай тамирчид багийн спортын төрлөөр тив, ДАШТ-д эн тэнцүү өрсөлдөх нь биелшгүй мөрөөдөл мэт байсан гэхэд хилсдэхгүй. Харин одоо тийм биш болж. Монголчууд ганцаарчилсан бус спортоор ч дэлхийд үнэлэгдэхэд ойрхон байна.