АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Исламын улс" террорист бүлэглэлтэй эхний ээлжинд газар зүйн байрлалаар ойрхноороо эхний ээлжинд Орос, Иран, Сири улсууд тэмцэх ёстой гэж мэдэгджээ. Энэ тухай Америкийн тэргүүн өөрийн “Твиттер” хуудснаа “Сирээс гарах явдал гэнэтийн зүйл байгаагүй. Энэ бодлогыг дэмжих ажлыг би хэдэн жилийн турш хийсэн бөгөөд 6 сарын өмнө дээрх алхамыг хийх болсноо олон нийтэд мэдэгдсэн билээ. Орос, Иран, Сири улс “Исламын улс” бүлэглэлийн орон нутгийн дайснууд. Харин бид гэртээ эргэж ирээд дахин сэргэх цаг боллоо. Америкийг дахин агуу орон болгое” гэж Сирээс цэргээ гаргах тухай тушаалын талаар тайлбарлан бичсэн байна.
Өмнө нь хэвлэл мэдэллээр Америкийн цэргийн хүчин Сирээс гаргах гэж буй талаар шуугиж эхэлсний дараа Трамп “Исламын улсыг бид ялан дийллээ” гэж мэдэгдсэн билээ. Америкийн цэргийн хүчин Сирийг ойрын хугацаанд орхих гэж буй талаар хамгийн түрүүнд “Wall Street Journal” сонин мэдээлжээ. Сонины эх сурвалжийн үгээр эхний ээлжинд 2 мянган цэргийн албан хаагч Сирээс явах аж. Цэргийн хүчээ гаргах шийдвэрийг Трамп Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьсныхаа дараахан гаргсан тухай тус сонин дурьдсан байна. Туркийн удирдагч Америкийн арми курдын зэвсэгт хүчнийг дэмжсэн явдалд цэргийн хариу барихаа амалсан ажээ. Турк улс Курдын зэвсэгт хүчнийг террорист бүлэглэл хэмээн үздэг бөгөөд АНУ-ын Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа тус улсын засгийн газрын зөвшөөрөлгүй явуулж буйг анхааруулаад зогсохгүй АНУ-р ахлуулсан олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээлгэх хүсэлтйиг НҮБ-д нэг бус удаа тавьж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Сирийн талаар өөр хоорондоо зөрчилтэй мэдэгдэл хийдэг. Тэрээр өмнө нь “Исламын улсын” эсрэг компанит ажилд АНУ утга зардал гаргаж байгааг дурьдаад удахгүй цэргээ гаргана хэмээн мэдэгдэж байсан бол долоо хоногийн дараа “бид Сирээс цэргээ яаравчлан гаргахгүй” гэж ярьсан аж. Тэгэхэд Трампын шийдвэрийг өөрчлөхөд түүний зөвлөхүүд нөлөөлсөн гэж мэдээлж байсан. Энэ удаа АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Цагаан ордон “Исламын улсын ялж Сирийн ажиллагаа өөр хэлбэрт орлоо гээд эвсэл үгүй болж байгаа хэмээн ойлгож болохгүй. АНУ болон манай холбоотнууд аль ч түвшинд Сирийн ажиллагаанд эргээд ороход бэлэн ” гэж албан ёсоор баталлаа. Цагаан ордны уг мэдэглийн дараа Ройтер агентлагын эх сурвалж Америкийн арми Сирээс 60-100 хоногийн дотор гарна гэж мэдээлжээ. Гэтэл Францын батлан хамгаалахын сайд Флоранс Парли өчигдөр мэдэгдэл хийхдээ “Исламын улс” террорсит бүлэглэлын хүч урьд байгаагүйгээр суларсан байгаа. Тэд нууц байдалд шилжин бослогын үйл ажиллагааг явуулах болно. Гэсэн ч Исламын улс газрын хөрснөөс арчигдаагүй тул эл террорист бүлэглэлийг нэг мөнсөн цэргийн хүчээр дарах хэрэгтэй гэжээ. Эл мэдэгдлийг хатагтай Парли Америкийн Ерөнхийлөгч цэргийн хүчээ Сирээс бүрэн гаргах тушаал өгсний дараа хийсэн байна.
Үүнээс гадна “Исламын улс” террорист бүлэглэлтэй хийх тэмцэл үргэлжлэх ёстой хэмээн үзэж байгаа Их Британийн гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тус байгууллагын мэдэгдэлд Сири дэх цэргийн эвсэл том амжилтад хүрсэн ч цаашид хийх зүйл их бөгөөд “Исламын улс” хэдий газар нутаггүй болсон ч том аюул заналхийлэл хэвээр үлдэж байгааг анхаарулжээ. Британи улс цаашид ч тус бүс нутгийн хамтрагчидтай цуг “Исламын улс”- ыг бүрэн устгах ажиллагаанд оролцохоо мэдэгдлээ.
ОХУ Сири дэх өөрийн цэргийн ажиллагаагаа 2015 оны есдүгээр сараас эхлүүлсэн аж. Сирийн тухайд Москва болон Вашингтоны улс төрийн зорилго өр хоорондоо ялгаатай ч “Исламын улс” бүлэглэл тэдний хамтын дайсан болсон аж. 2017 оны арван хоёрдугаар сард Оросын Ерөнхий штабын дарга Валерий Герасимов Сирийн нутаг дэвсгэр дэх “Исламын улс” бүлэглэл бүрэн утсгагдсан тухай мэдэгдэхэд Оросын Ерөнхийлөгч В.Путин төдхөн Сирээс цэргээ гаргах тушаал өгсөн билээ. Москва Сирийн тусгаар тогтнолыг хүндэтгэн үзсэн тохиолдолд АНУ-тай “Исламын улс”ыг устгахад хамтран ажиллахад бэлэн гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэж байжээ.
Харин Сири улс Америкийн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд эргэлзэж байгаагаа мэдэгджээ. Энэ талаар НҮБ-дах Сири улсын байнгын төлөөлөгч Башар Джаафари “Энэ бүхэн бодит хэрэг дээр биелэнэ гэдгийг бид эхлээд магадлах хэрэгтэй. АНУ-ын цэргээ гарах явц 100 хүртэл хоног үргэлжилж магадгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ шийдвэр биелэх үгүйг харцгая” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн бусад орноос цэргээ гаргана гэсэн шийдвэр биелэллээ олоогүй тохиолдол гарч байсныг сануулжээ.