Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурав. Баррель нь 85 ам.доллартой дүйсэн газрын тосны ханшийг 60 “ногоон” руу ортол уруудуулахад монголчууд ширхэг хялгасны чинээ нөлөөлөөгүй. Угаасаа ч нөлөөлж чадахгүй. АНУ, ОХУ зэрэг хүчирхэг гүрэн, ОПЕК-ийн гишүүн орнуудын бодлогоос газрын тосны ханш хамаарна. Тиймээс бидэнд аз тохиолоо гэж бодож болох юм. Тэнгэрт хадсан шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарсан, дахиад 200-гаар буурах чимээг сонсоод ингэж хэлэх гэсэнгүй. Шатахууны үнээс гадна өдөр хоногоор өлсөж буй ам.долларын ханшийг ч тогтворжуулахад чухал нөлөөтэй учраас ийн өгүүллээ. Манайх ОХУ-аас шатахуунаа ам.доллароор тооцож худалдаж авдаг. Шатахууны үнэ өсөх тусам монголчууд хойд хөрш рүүгээ их хэмжээний “ногоон” шилжүүлнэ. Их хэмжээний ногоон шилжүүлэх тусам төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэнэ. Төлбөрийн тэнцлийн алдагдал өсөх тусам ам.долларын ханш дээшилнэ.
Төлбөрийн тэнцлээр манай орноос гарсан болон орж буй валютын харьцааг илэрхийлдэг. Монголд орж буйгаас гарч байгаа валютын хэмжээ үргэлж их байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улс үргэлж гадаад руу шилжүүлэх валютын дутагдалтай явж ирсэн гэсэн үг. Дутагдаж буй зүйлийн үнэ өсдөг нь эдийн засгийн бичигдээгүй хууль. Төлбөрийн тэнцлийн алдагдлын үр дүнд сүүлийн 14 жилд “ногоон”-ы ханш дунджаар жил бүр зургаан хувиар өслөө. Энэ оны аравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр манай орны төлбөрийн тэнцэл 51.2 сая ам.долларын алдагдалтай гараад байна. Эдийн засаг хүндэрсэн жилүүдэд төлбөрийн тэнцлийн алдагдал тэрбум ам.доллар давсан удаа ч бий. Үүнтэй харьцуулахад 51.2 сая “ногоон”-ы алдагдал бол алга урвуулах төдий шийдэж болох үзүүлэлт юм. Ийм хэмжээний алдагдал валютын ханшийг огцом өсгөхөд нөлөөлөхгүй учраас ингэж дүгнэх үндэстэй.
Төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн есдүгээр сарын эцэст 475 сая ам.долларт хүрсэн. Монголбанк улсын валютын нөөцөөс 408, Олон улсын валютын сангаас зээлсэн хөрөнгөөс 67 сая “ногоон” гаргаж энэ алдагдлыг хаажээ. Манай оронд төлбөрийн тэнцлийн алдагдал дээрх хэмжээнд хүрвэл, өөрөөр хэлбэл, 500 сая ам.долларт дөхөхөд ханш өсөх нь дамжиггүй. Ам.долларын ханш 2680 төгрөгт “шүргэхэд” төлбөрийн тэнцлийн алдагдал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн байж таарна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгдүгээрт, нүүрсний экспорт саатсан, хоёрдугаарт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой” гэж тайлбарлажээ. Төвбанк өнгөрсөн сард 400 сая ам.долларын интервенц хийсэн. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд зах зээлд ийм хэмжээний валют нийлүүлсэн хэрэг. Гэвч ам.долларын ханшийн өсөлтийг “хазаарлаж” чадаагүй. Нүүрсний экспорт саатсан нь цаашид ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсгэсэн нь үнэн. Мөн эрх баригч МАН-ынхан Засгийн газраа огцруулах гэж оролдсон нь ч ханш өсөх хүлээлт бий болгосон. Товчхондоо, үндэснийхээ мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг сулруулсан гэсэн үг. Иргэд, аж ахуйн нэгжүүд сүүлийн хоёр сарын хугацаанд зах зээлээс 220 сая ам.доллар худалдан авч, валютын хадгаламжаа зузаалснаас төгрөгт итгэх итгэл нь хэрхэн суларсныг харж болно.
Саатаад байсан нүүрсний экспорт сэргэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар “тэсэж” үлдлээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал 10 дахин буурлаа. Тэгэхээр одоо ханшийг өсгөх хүчин зүйлүүд үндсэндээ байхгүй болжээ. Энгийнээр гал түймрийг цурманд оруулжээ гэж зүйрлэж болох юм. Харин иргэдийн маань төгрөгтөө итгэх итгэл хэрхэх бол. Ам.долларт итгэж, их хэмжээгээр худалдаж авах нь ханшийг хөөрөгдөх нэг шалтгаан болдог. Тиймээс төгрөгтөө итгэж, цаг зуурын үймээн, үл ойлголцол намжихыг хүлээх нь ханшийг хөөрөгдөхөөс сэргийлэх нэг арга зам юм.
Ам.долларын ханш хэд хоногийн өмнө 2685 төгрөгт хүрсэн юм. Гэтэл арилжааны банкууд ханшаа 50 төгрөгөөр огцом буурууллаа. Монголбанкнаас ханшийг хүчээр буулгах даалгавар банкуудад өгсөн гэж шинжээчид хардаж байгаа. Бараг л оносон таамаг болов уу. Одоогоор хар захад “ногоон”-ы ханш 2642 төгрөгтэй дүйж байна. Захиргаадаж буулгасан ч аажмаар дээшилсээр л байгаа нь иргэдийн төгрөгт итгэх итгэл сэргээгүйг харуулж байх шиг. Гэхдээ ойрын үед ам.долларын ханш зарим хүний төсөөлж буй шиг 3000 төгрөгт хүрээд, гай гамшиг тарьчихгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин ирэх оны эхэнд 2700 төгрөгт хүрчихсэн байх магадлал бий.
Төлбөрийн тэнцлийн алдагдлаа манай улс үргэлж гадаадын зээл, тусламжаар нөхдөг. Монгол Улс нийт 27 тэрбум ам.долларын өртэй болсон. Үүний дийлэнхийг төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөхөд зарцуулсан гэхэд хилсдэхгүй. Хэрэв манай улсын төлбөрийн тэнцэл ашигтай гардаг бол ам.долларын ханш тогтвортой, манай улс их хэмжээний валютын нөөцтэй, өрөө өрөөр биш, өөрсдийнхөө хуримтлалаар дарах чадалтай даналзах байлаа. Даанч монголчуудад ийм хувь тавилан алга. Гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрэв. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээлснээр энэ онд нийт 1.2 тэрбум ам.долларын интервенц хийжээ. Энэ бол төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх, валютын ханшийг тогтворжуулахад зарцуулсан ам.доллар. Хэрэв төлбөрийн тэнцэл ашигтай байсан бол манай улсын гадаад валютын нөөц 4.6 тэрбум “ногоон”-д хүрэх байж.
Бид хаагуураа “цус алдаад”, төлбөрийн тэнцлийн алдагдалд ороод байна вэ. Юуны түрүүнд төлбөрийн тэнцлийг бүрдүүлдэг гадаад худалдаа, үйчилгээний хөлс гэсэн хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Одоогоор манай улсын гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын ашигтай байгаа. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсвөл манайх гадаад худалдаанаас ашиг олдог. Харин үнэ буурвал гадаад худалдаа ашиггүй болж, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлдэг жамтай. Харин үйлчилгээ авахын тулд манай улс гадаад руу их хэмжээний мөнгө шилжүүлдэг. Өдгөө төлбөрийн тэнцэл дэх үйлчилгээний данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гараад байна. Тэгэхээр манайхан гадаад худалдаанаас олсон ашгаасаа илүү “ногоон” үйлчилгээ авахад зарцуулж байна гэсэн үг. Товчхондоо, төлбөрийн тэнцэл үргэлж алдагдалтай гардаг нь үйлчилгээний данс байнга хоосон байдагтай холбоотой. Манайхан сургалтын төлбөр, эмчилгээний зардал, аялж зугаалахад их мөнгө үрдгээс шалтгаалж, төлбөрийн тэнцэл алдагдалтай байдаг юм.
Ашигт малтмалын үнэ өсөх тусам үйлчилгээний алдагдал нэмэгддэг зүй тогтол анзаарагддаг. Үүнийг монголчууд мөнгөтэй болох тусмаа гадаадаас их хэмжээний үйлчилгээ авдаг гэж тайлбарлаж болох юм. Төлбөрийн тэнцлээ ашигтай гаргахын тулд “Хүүхдээ гадаадад сургахаа боль”, “Өндөр хөгжилтэй оронд эмчлүүлээд хэрэггүй”, “Зугаалж цэнгэхээ зогсоо” гэж шаардах эрхгүй. Тиймээс үйлчилгээний дансандаа тав арван ам.доллар оруулж ирэх арга чарга бодсон нь дээр. Манай их, дээд сургууль, эмнэлгийг гадаадынхан тоохгүй. Тэгэхээр харийнханд зарж, “ногоон” олж болох хамгийн боломжит салбар нь аялал жуулчлал юм. Төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд төр нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, баячууд нь байсхийгээд гадаад руу аялаад байхаа больчих хэрэгтэй. Гэхдээ энэ бол алга урвуулахтай адил амар хялбар хийчих ажил биш. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Тиймээс одоохондоо түүхий эдийн ханш өндөр хэвээрээ байгаасай гэж залбирахаас өөр гарцгүй. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унавал төлбөрийн тэнцлийн алдагдал талийж өгнө. Мөнөөх ам.долларын “аядаж” ядаж буй ханш “цоройгоод” эхэлнэ.
Эдийн засгийн хүндрэл гүнзгийрсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн “хасах” руу орохоо шахсан 2014 онд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч эхэлсэн. Тухайн үед баррель нь 110 ам.долларт хүрээд байсан “хар алт”-ны ханш 2016 он гэхэд 28 “ногоон”-д хүртэл унасан юм. Төлбөрийн тэнцэл хэдэн жил дараалан өндөр алдагдал хүлээснээс шалтгаалж ам.долларын ханш 2000 төгрөг давах шахсан манай улсад газрын тосны үнэ унасан “аз”-тай тохиол байлаа. Газрын тосны үнэ 110 “ногоон”-оос буураагүй бол ам.долларын ханш хэдэн төгрөгт хүртэл “цойлж”, эдийн засаг хэр хэмжээгээр “хорогдох” байсан бол. Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй биз. Азанд найдсаар суух уу, төлбөрийн тэнцлийн ужгарсан хямралаас гарах арга чарга хайх уу. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа тохиолдолд ханш дээшээ л явна.