Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Уг ойн хүрээнд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас санаачлан “Их хүрээ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, холбооноос санаачлан зохион байгуулж буй тус арга хэмжээ хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан оролцож байгаа гэдгээрээ онцлогтой аж.
Өнөөдөр МҮХАҮТ-д Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны их хурал болж, тулгамдаж буй асуудлаа олон талаас нь хэлэлцэн, оновчтой шийдэл гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлжээ. Мөн энэ үеэр холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон байна.
МЖХЭХ-ны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ өнөөдөр их хурлаа хийлээ. Маргааш Үндэсний чуулганаа зохион байгуулна. Их хуралд 21 аймаг, сум, дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, жилийнхээ тайланг тавьж, ирэх 2019 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн холбооныхоо дүрмийг баталж, ерөнхийлөгчөө сонгосон юм. Дүрмээ баталж чадсан нь бидний хувьд шинэ ололт, дэвшил юм. Үүнд гишүүн бүрийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн.
Ингэхдээ татварын тухай буруу ойлголтыг засаж, төртэйгөө хэрхэн хамтарч ажиллах болон гуравдагч зах зээл руу хэрхэн яаж гарах талаар гадны туршлагаас судаллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал маань Япон улсын Жижиглэн худалдаачдын зөвлөлд, харин би Женев хотод тус тус туршлага судлаад ирсэн учир “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхаа эх суурийг тавилаа гэж үзэж байна” гэлээ.
Мөн “маргааш болох их чуулган “Худалдааны салбарын шинэчлэл”, “Технологи инноваци”, “Сургалт хөгжил” гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд явагдана. Чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн онцоллоо.
Хурлын дараа Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан баярын цуглаан болсон бөгөөд Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд оролцсон юм.
“Бид их хурлаараа худалдааны салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилж үзсэн. Монголд худалдааны зохицуулалтын хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Иймд чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн “Ивээх сондор” компанийн захирал Ө.Нямсүрэн ярилаа.