Машинаа бензинээр “хооллоод” баримтаа авах гэтэл түгээгч “Цаашихнаа очоод зогсож бай, бусад хүнд үйлчилчихээд нэгдсэн журмаар хэвлээд өгье” гэлээ. 4-5 машинд шатахуун хийн, 20 орчим минут хүлээлгэсний дараа “Яасан хол зогсчихов оо” гэсээр баримт “шидчихээд” яваад өгөв. Хүлээлгэсэн байдлыг нь үл харгалзан баримт авсан минь чухал. Хотын захын хорооллын нэг мухлагаас задгай сүү худалдан авлаа. Баримтаа нэхэхэд “Хэдхэн үнээтэй хөгшчүүлийн бага хэмжээний сүү борлуулдаг юм. Гүйлгээг нь кассын машиндаа бичих шаардлагагүй болов уу, тэгээд ч манайх нэмүү өртгийн албан татвар төлөгч биш” гэв. Татварын буцаалт авахгүй ч сугалаанд оролцон, мөнгө хожиж болох тухай бодсон ч хэл ам хийхээс төвөгшөөн орхисон юм даг. Эндээс НӨАТ төлөгч болон төлдөггүй байгууллагаар үйлчлүүлэх ялгаатай юу? Мөн бид татварын сугалаанд оролцох, буцаан олголтод хамрагдах гэж л кассын баримт авдаг бөгөөд энэ нь нийт иргэдэд ашиггүй. Харин ч НӨАТ төлснөөр хэрэглэгчийн төлөх татварын хэмжээ 10 хувиар нэмэгдсэн гэж хардах нь бий. Энэ талаар тодрууллаа.
НӨАТ нь дэлхий дахинд өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас, манай улсад 1998 оноос хэрэгжүүлсэн татварын систем. Аж ахуйн нэгжид зориулсан гэхээсээ хувь хүмүүсийн хэрэглээнээс татвар суутгахаар тооцсон зохицуулалт аж. Холбогдох албад нь 2016 оноос татвар төлөгчдийг урамшуулах болон хэрэглэгчдийг дэмжих зорилгоор сугалаа явуулж, азтанд нь 20 000-200 000 000 төгрөг олгож эхэлснээр иргэд илүүтэй мэдэх болсон. Үүнээс өмнө НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр үйлчлүүлэн, төлбөрийн дүн дээр НӨАТ 10 хувь гэснийг цааргалахгүй төлдөг байв. НӨАТ төлөгч байгууллага биш бол заавал баримт дээр бичихгүйгээр авбал зохих дүнг шингээсэн өртгөөр хэрэглэгчдэд үйлчилдэг байж.
Мөн бага хэмжээний худалдан авалт, жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудаас “юм” авах, үйлчлүүлэхэд одоогийнхоор и-баримт заавал өгөх албагүй байлаа. Үүнийг бид нэг их тоодоггүй байсан. Учир нь төлбөр төлсөн баримтаа баталгаажуулан төрд бүртгүүлснээр, НӨАТ-т төлсөн мөнгөнийхөө хоёр хувьтай тэнцэхийг нь буцаан авах болон хонжворт сугалаанд оролцдоггүй байсан хэрэг. Одоо хэн ч ямар ч газраар үйлчлүүлсэн үйлчилгээний хөлс төлсөн баримтыг заавал авах төдийгүй цахим санд бүртгүүлэх “чухал” ажилтай болсон. Ингэж НӨАТ-ын баримт авах болсноор бараа, бүтээгдэхүүний өртөг дээр 10 хувийн татвар нэмж төлөөд байгаа хэрэг биш юм. Харин ч бүтээгдэхүүний үнэд шингэсэн, урьд нь төлж байсан татварыг ил болгосон төдийгүй 2-20 хувийг нь буцаан авах боломж бүрдүүлжээ. Тиймээс “НӨАТ-т төлж буй 10 хувийнхаа хоёрыг нь буцаан авсан ч найман хувьтай тэнцэх мөнгөөр хохироод байна. Нэмүү өртөг нэрээр иргэдээс 10 хувийн татвар нэмж авлаа” хэмээн ялангуяа олон нийтийн сүлжээнд хэлэлцэн, гомдол мэдүүлэх нь ташаа ойлголт ажээ.
Бараа, үйлчилгээ худалдан авч буй иргэн бүр татвар төлөх учиртай. Ялангуяа нэмүү өртгийн албан татварын 10 хувь бол эцсийн хэрэглэгчид чиглэсэн татвар. Хэрэглээний татвар гэсэн үг. Үүнийг бид хүссэн хүсээгүй улсад төлдөг, төлсөөр ч ирсэн. Уг татварын тодорхой хэсгийг улс хураан авахдаа НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр дамжуулан авч, мөн л буцаан олголтыг тус газарт нь өгч байжээ. Харин НӨАТ төлдөггүй байгууллагаар иргэд үйлчлүүлсэн тохиолдолд холбогдох суутгал нь татварын нэгдсэн сан руу очдоггүй байсан гэв. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгч байгууллага иргэдийн төлсөн татварыг, татварын нэгдсэн сан руу дамжуулсан хэвээр байсан бол төлдөггүй нь тэр үүргээ биелүүлэхгүй байж хэмээн ойлговол зохих юм. Эл байдлыг арилгахаар хоёр жилийн өмнөөс холбогдох байгууллагууд НӨАТ-ын урамшууллын системийг санаачлан иргэдийн төлж буй татварын орлого бүрийг аж ахуйн нэгжүүдээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлэх болсон. Ингэснээр иргэд хаанаас ч, юу ч авсан төлбөр төлсөн баримтаа авах эрхтэй бөгөөд баримт өгөөгүй тохиолдлыг холбогдох газарт “ховлох” ёстой. Учир нь бараа, үйлчилгээ борлуулж буй аж ахуйн нэгжүүдээр дамжуулан улсад өгдөг татвараа өгөхийг хичээж буй хэрэг. Хэрвээ үйлчилгээний газар танд баримт өгөхгүй бол таны татвар улсын биш, тэр байгууллагын орлого болно гэсэн үг. Харин иргэн НӨАТ төлөгч байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд татварын буцаан олголтод төлсөн үнийн дүнгийнхээ хоёр хувьтай тэнцэх мөнгийг авна. Тус байгууллага НӨАТ төлөгч бус, түүнчлэн эмийн сан, эмнэлэг, сувилал, хүмүүнлэгийн байгууллага, төрийн алба болон банк санхүү, үнэт цаасны компани бол бидэнд татварын буцаалт ирэхгүй. Гэсэн ч аль ч тохиолдолд и-баримтаа цахим санд бүртгүүлэн сугалаанд оролцох боломжтой.
Ийнхүү татварын орчинд харилцаж буй хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийг и-баримтын системээр холбосноор НӨАТ-ын санд төвлөрөх орлого хоёр дахин нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. 2008 онд НӨАТ төлөгч 14 000 орчим аж ахуйн нэгж байсан бол өнгөрсөн онд энэ тоо 35 000-д дөхжээ. Уг өсөлтийн 40 орчим хувь нь сүүлийн хоёр жилд буюу НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжин, иргэд и-баримт авахад анхаарал хандуулж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Мөн НӨАТ нь үйлчилгээний байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд ямар ч хохиролгүй. Тэд хэрэглэгчийн төлсөн татварыг цуглуулан улсын төсөвт төвлөрүүлэх үүргийн дагуу и-баримт олгох ёстой гэдгийг албаныхан хэлсээр байна. Гэсэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулагч бүр и-баримтын төхөөрөмжгүй хэвээр байгаа.
Үүнийгээ зарим нь борлуулалтын жилийн орлого 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх болон и-баримтын төхөөрөмж авч иргэдэд үйлчлэх шаардлагагүй гэж тайлбарлах нь байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч В.Нарантуяа “Борлуулалтын орлого нь хэд ч байсан үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж бүр и-баримтын төхөөрөмжтэй байх шаардлагатай. Энэ нь бараа, үйлчилгээ худалдан авсан хэрэглэгчдийн улсад төлөх татварыг хуримтлуулахад чухал үүрэгтэй. Мөн тухайн борлуулагчдын орлогыг хянах, ил тод байдлыг хангах бүх төрлийн татварын тайлан гаргахад холбогдох албаныханд тустай юм. Үүнийг иргэд болон үйлчилгээний байгууллагынхан нэмэлт төлбөр авч, илүү татвар ногдуулж байна гэхээс илүүтэй татварын тогтолцоо сайжирч, боловсронгуй, ойлгомжтой болсон гэж ойлговол зохино. Улсын төсвийн дийлэнхийг татварын орлого бүрдүүлдэг. Үүнд татвар төлж буй хувь хэмжээнээс үл хамаарч иргэн бүрийн оролцоо чухал” гэлээ.
Ташрамд дурдахад, ирэх оны улсын төсвийн орлогыг 9.6 их наяд төгрөг хэмээн баталсан. Үүний 88 хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр тооцсон аж. 2017 оны эцсийн дүнгээр манай улсад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамж шаардлагатай хэсгийнхэн 394 000 орчим, 180 000 төрийн албан хаагч байна гэжээ. Тэгвэл тэдний цалин, тэтгэвэр, тэтгэмж, төрийн өмчийн эмнэлэг, сургуулийн засвар, үйлчилгээ бусад шаардлагатай зардалд зарцуулах 10 төгрөг тутмын 8-9 нь татвар төлөгчдийн халааснаас гарах юм. Тиймээс татварын суурийг өргөжүүлэх, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, бараг л хүн нэг бүрээс татвар авахаар бодож, тооцоолж, илүү дэвшилт технологи нэвтрүүлж, сугалаанд хамруулж, өгсөн татвараас нь буцаан хувь хүртээх ажлыг тасралтгүй хийсээр байна.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам