Монголын хөрөнгийн зах зээл сэргэж буй нь хөрөнгө оруулагчдын арилжааны идэвхээс харагдах болжээ. Тодруулбал, хөрөнгийн зах зээлд энэ оны эхний 10 сард 83 орчим тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийсэн байна. Энэ нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт болсон агаад өнгөрсөн оныхоос зургаан хувиар өссөн дүн аж. Дээрх хугацаанд хөрөнгийн зах зээлээс гадаад, дотоодын 13 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж үнэт цаас худалдан авсан гэнэ. Үүнийг 2014 оныхтой харьцуулбал дөрөв, өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна. Манай улсын нэг сая гаруй иргэн, аж ахуйн нэгж үнэт цаасны данс нээлгээд буй. Тэгэхээр нийт үнэт цаасны данстай харилцагчдын 1.2 орчим хувь нь арилжаанд оролцсон гэсэн үг. Арилжаанд оролцогчдын 90 гаруй хувь нь дотоодын иргэд байжээ.