Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” судалгааны тайлан гаргажээ. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт нэг салбарт хэт төвлөрсөн, урсгал нь савлагаатай байсныг уг тайланд тэмдэглэжээ.
2012 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) 81 хувь нь эрдэс баялгийн салбарт ногдсоныг энд жишээлж болох аж. Дээрх группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Завиер Форнерис “Хөрөнгө оруулалтын тогтвортой, тодорхой бодлоготой болох хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчийг “нэг удаагийнх” гэж харж болохгүй. Шинэ хөрөнгө оруулагчдыг татахаас гадна орж ирснийг нь удаан хугацаанд үлдээх нь чухал. Хөгжиж буй эдийн засагтай орнуудын гадаад санхүүжилтийн хамгийн гол эх үүсвэр нь ГШХО байдаг” гэв.
Мөн тэрбээр “ГШХО-ын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ алсын хараа, стратегийг бий болгох хэрэгтэй. Үүний хүрээнд хоёр тулгуур чиглэлд анхаарах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг тайлангаас гаргасан. Эхнийх нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн татах юм. Үүний сацуу дотоодын нэмүү өртгийг нэмэгдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын уялдааг хангах стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёр дахь тулгуур нь бусад салбарт ГШХО татах замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй.
Аялал жуулчлал, цахим худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбарт ГШХО татах нь оновчтой нь судалгаанаас харагдсан” гэв. Бас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, үүний хамгааллыг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизм ажиллуулах, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй хэмээн зөвлөмжид тусгасныг тэмдэглэсэн юм.
Ташрамд дурдахад, Дэлхийн банк группээс хөрөнгө оруулагчдаас (дэлхий даяарх) “Хөгжиж буй оронд хөрөнгө оруулахад дараах асуудлууд хэр нөлөөтэй вэ?” гэж лавлахад улс төрийн тогтвортой, аюулгүй байдал, хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг юуны түрүүнд харгалзан үздэгээ хариулсан аж.
ОУСК-ын туслалцаатайгаар Үндэсний хөгжлийн газар Хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдлийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулах ажлыг эхлүүлснийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан энэ үеэр дуулгав. Уг бодлогын баримт бичгийг гаргаснаар манай улс богино, дунд, урт хугацаанд хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт хийх гэж буй, аль салбарт ГШХО-ыг ямар хэлбэрээр татах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө олон улсад нээлттэй зарлах нь.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизмыг цахим систем болгон хөгжүүлэхээр Дэлхийн банк групп, ОУСК-тай хамтран ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр хөрөнгө оруулагч гомдлоо биечлэн буюу цаасаар гаргах шаардлагагүй, аль нэг төрийн байгууллагын албан хаагчтай уулзахгүйгээр өгч, түүнийг нь Үндэсний хөгжлийн газар хүлээн авч, нягтлах аж.
Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нээхээр ажиллаж буй юм байна. Энэ төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг хөрөнгө оруулагчид авч болох аж. Тухайлбал,
- Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл
- Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, мэдээлэл
- Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл
- Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах
- Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, түүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл
- Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх багтаж байна.