Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна.
Өнөөдөр “Вансэмбэрүү-2018” экспод оролцохоор бүртгүүлсэн 80 гаруй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийг Хангарди ордны Их танхимд хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан “Экспорт ба боломж” сэдвээр илтгэл тавилаа.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд сурталчлах, бүтээлч хөдөлмөр, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Вансэмбэрүү-2018” экспо МҮОНРТ-ийн үзэсгэлэнгийн танхим /MNB event hall/-д энэ сарын 17,18-ны өдрүүдэд, 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах болно.
Анхны “Вансэмбэрүү” экспог 2016 онд Баянгол дүүргийн Улаанбаатар төмөр замын авто вокзал, “Барс” захын хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд 30 гаруй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоотой зохион байгуулж, “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн эзнээр “Хас гутал” ХХК, “Эм Ар Эс Би” ХХК шалгарч, Итали Улсын Милан хотод зохион байгуулагдсан арьс, арьсан бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн яармагт оролцоод ирсэн.
Хоёр дахь жилдээ буюу “Вансэмбэрүү-2017” экспог 2017 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн УБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж, нийт 50 гаруй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсоноос “Шинэ санаа - Шилдэг бүтээл”-ээр "Spirit of Nature" ХХК-ийн органик, арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан гоо сайхны салбарын үзэсгэлэн яармагт оролцож, туршлага судалсан юм.