Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр У.Хүрэлсүхийн танхимаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, сайдын албаа өгөх хоёр дахь гишүүн нь Б.Батзориг болж байна.
Түүнийг ийн мэдэгдэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх саналыг хэлэлцсэн юм. Бүлгийн хуралдааны талаар дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийж, сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа ойрын үед УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэнийг уламжилсан.
Давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцон, тэд иргэдээс уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг бүлгийн гишүүдийн олонх нь илэрхийлжээ. Мөн уг шуугиантай нэр холбогдсон гишүүдийг дээрх сангаас зээлсэн мөнгөө даруй эргүүлж төлөхийг шаардсан аж. Түүнчлэн Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж, зээлийн зарцуулалтыг шалгах, хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагааг цаашид “шилэн” болгох ёстой хэмээн онцолсон байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн талаар маш тодорхой зүйл хэлж байсан. Тус санд 700 орчим тэрбум төгрөгийн зээл эргэлдэж байдгаас 200 тэрбум нь найдваргүй. Тиймээс энэ санд мөнгө төсөвлөөгүй гэсэн. Нэлээд маргаан дагуулсны эцэст тус санд 47 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Цаашид уг санг цэгцлэх ёстойг гишүүд хэллээ. Зээлийг нь арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэгт санал нэгдсэн” гэсэн юм.
Ерөнхийлөгчийн саналын тухайд УИХ-ыг тараах үндэслэл болгож буй хоёр зүйлийг үндэслэлгүй гэж үзcэн байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “УИХ-ыг тараах нь улс төрийн тогтворгүй байдал бий болгох эрсдэлтэй алхам. Тийм учраас ҮАБЗ-ийн хүрээнд зөвшилцөлд хүрэх ёстой. Түүнээс бус хүчирхийллийн буюу бие биедээ тулгах маягаар асуудлыг шийдэж болохгүй гэдэгт гишүүдийн олонх санал нэгдсэн” гэлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Б.Батзориг сайдаас бусад гишүүнд ямар хариуцлага тооцох вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдаас өөр хүний талаар яриагүй. Уг асуудалтай нэр холбогдсон гишүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Үүний дараа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой болно.
-УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн саналыг бүлгийн гишүүд хэрхэн хүлээж авсан вэ?
-Хуулийн дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн саналд албан ёсны хариулт өгөх ёстой. Бүлгээс шийдвэр гаргахгүй. Ойрын үед хариугаа өгөх байх.
-Сангийн яамнаас зээлтэй холбоотой шалгалт хийж байгаа. Зээл авсан гишүүдийн тоо нэмэгдвэл яах вэ?
-Давуу байдлаа ашигласан нь тогтоогдвол хариуцлага тооцно. Нэгэнт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүдийн нэр ил болчихсон учраас тэднийг зээлээ төл гэж шаардсан.
-Ерөнхий аудитор Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гэж мэдээлсэн. Барилга, хот байгуулалтын дэд сайдын нэр ч бий. Тэдэнд гишүүдтэй адил хариуцлага тооцохгүй юм уу?
-Ж.Мөнхбат нарын гишүүдээс ерөнхий аудиторт хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг бүлгийн хуралдааны үеэр тавьсан. Үндэсний аудитын газар УИХ-ын харьяаны байгууллага. Тиймээс тэр хүрээндээ сахилга, хариуцлага ярих нь зүйтэй.
-АН-ын бүлгийн шаардлагыг хэлэлцсэн үү?
-Цөөнхийн бүлгийн шаардлагад УИХ-ын дарга хариу өгнө.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хэчнээн сая төгрөгийн зээл авчихаад, асуудал үүсэнгүүт эргүүлээд төлчихье гэдэг нь эрүүл үзэгдэл үү?
-Энэ сангаас тухайн гишүүн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь ёс зүйгүй явдал. Тийм учраас Ерөнхий сайдын зүгээс тэдгээр нэр бүхий гишүүнийг зээлээ төл гэдэг үүрэг өгсөн.
-Б.Батзориг сайд өөрийнх нь хамаарал бүхий компани биш гэж хэлсэн. Түүнийг хэлмэгдүүлчихэж байгаа юм биш үү?
-Олон түмэнд ил болсон шүү дээ. Өөрийнх нь хамаарал бүхий компани гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хариуцлагаа хүлээх ёстой.