Нэр бүхий эрх мэдэлтнүүдийн “оффшор” баримтууд дэлгэгдсээр л. Тэд төсвөөс нэн хөнгөлөлттэй зээлийг хувааж авдаг болох нь тогтоогдоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд, тодорхой албан тушаалтнуудын хамааралтай аж ахуйн нэгжүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болж, олон нийтийг нэлээдгүй шуугиулаад амжсан. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпато анарваан”, УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК тус сангаас тэрбумаар тоологдох төгрөгийн зээл авчээ. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас сонгон шалгаруулалтгүй 7.3 тэрбумын зээлийг дөрвөн компанид олгожээ. Энэ бол ердөө л олны сонорт ил болсон тоо баримтууд. Үүний цаана хэчнээн их хөрөнгө улстөрчдийн халаасыг түнтийлгэдэг юм бүү мэд.
ЖДҮХС-гаас 2018 онд 134 иргэн, аж ахуй нэгжид зээл олгосон бөгөөд тэдгээрээс 120 гаруй нь улстөрчидтэй ямар нэгэн хамааралтай аж ахуй нэгжүүд эзэлж байгаа нь шалгаруулалт шударга явагдаагүйг илтгэж байгаа юм.
ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 2018 онд зээл олгосон 134 аж ахуйн нэгжийн шалгаруулалт шударга болсон талаар тодруулах, Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны гуравдугаар сарын 28-ны тушаалаар баталсан. 2018 оны дөрөвдүгээр сарын 03-наас 16-ны хооронд зээлийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж 1031 төсөл хүлээн авсан байдаг. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан 13 нэр төрлийн 38-н шаардлагыг 498 аж ахуйн нэгж хангасан. Тэдгээрээс 134 нь болзлыг хангаж, уг журмын 6.2-д заасны дагуу ХХААХҮ сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний тушаалаар баталсан байдаг. ЖДҮХС нь 24 ажилтан, албан хаагчтай. Гэтэл төсөл хүлээн авах өдөр дууссанаас сайдын тушаал гартал ажлын 20-хон хоногийн дотор 1031 төсөлтэй танилцаж, судалгаа хийж, 498 төслийг шалгаруулах нь боломжгүй хэрэг юм. Шалгарсан 498 төслөөс 134-н төслийг дахин шалгаруулж, төсөл шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан харагдаж байгаа нь төсөл сонгон шалгаруулалт шударга, үнэн зөв явагдаагүй гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд батлан харууллаа.
Сүүлийн арваад жил үйлдвэрлэгч орон болно, гуравдагч хөрш рүү, Европын зах зээл рүү дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлоно гэж Монгол төрийн бодлого баримталж буй. Гэтэл гадагшаа урсах валютын урсгалыг барих гол хөшүүрэг болох дотоодын үйлдвэрлэгчид маань мөнчигрөөрөө зүтгэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 10 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй гэсэн судалгаа бий. Гэтэл энэ дундаас тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь ердөө 30 хүрэхгүй хувийг л эзэлдэг. Уг нь улс орны эдийн засаг дөнгөж тогтворжиж буй өнөө үед улс төрчдийг биш үндэсний үйлдвэрлэгчдээ тулж байж л өндийх ёстой баймаар сан. Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ хэрэгжиж, улстөрчид өөрсдөө улсын төсвийг их хэмжээгээр завшсаар байх юм. Ингэхдээ хуулийн төслүүдийг өөрсдөдөө ашигтай байдлаар боловсруулдаг нь ч нууц биш.
ЖДҮ-ийн тухай хуулийн 5.1.3-т “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хуулийн этгээд нь 5.1.1, 5.1.3-т заасан нөхцлүүдийг зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгоно” гэж заасан. Энэ нь тухай аж ахуйн нэгжийг хэчнээн төгрөгийн орлого олдог байх нь хамаагүй, зөвхөн ажилтны тоог голчилж үзнэ гэсэн үг. УИХ-ын гишүүд, сайд нарын эхнэр, ах дүүгийн компани 5, 10 тэрбум, цаашлаад 60 тэрбум төгрөгийн орлого олж байсан ч хамаагүй ажилтны тоо бага бол хөнгөлөлттэй зээлд хамрагдаж болох нь л дээ. Энэхүү жишээгээр 10 тэрбумын орлоготой, таван ажилтантай нэгэн сайдын компани ч бий, төсөлд ч шалгарчээ. Тус компаниуд өнөөдөр ЖДҮХС-гийн зээлийг тэрбум, тэрбумаар нь авч байна. Гэтэл яг өнөөдөр Монгол Улсынхаа эдийн засаг, ДНБ-ийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ЖДҮХС-гийн зээлд хамрагдахаар материалаа бүрдүүлж өгөөд, зээл хариуцсан мэргэжилтнүүдээс тэвэр дүүрэн магтаалтай хэрнээ гар хоосон гарч ирдэг. Тэдэнд шалгарах нөхцөо, боломж ч үгүй. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тус зээл МӨРӨӨДЛИЙН зээл болон хувирсан. Мөрөөдлийн гэсэн учир нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгодог зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх дэмжлэгтэй юм. Гэвч мөрөөдлийн зээл маань жижиг, дунд үйлдвэрлэлд биш том даргын бизнест завшуулсаар дууслаа.
Ийм байхад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, энтрепренёр болно, инновац нэвтрүүлнэ, гарааны бизнес эхлүүлнэ, экспортыг орлоно, дэлхийд гарна" гэж ярихын ч хэрэг алга.
Үндэсний үйлдвэрлэгчид байгаа хөрөнгөө барьж очоод арилжааны банкнаас зээл хүсдэг. Банк зээлийг судалж байна гээд 2-3 сар болдог. Жижиг, дунд үйлдвэрлэлийг сөхөрч унатал нь хүлээлгэдэг. Тиймээс аргаа барсан үндэсний үйлдвэрлэгчид 4.8 хувийн хүүтэй зээл олгодог ББСБ-д хандахаас өөр аргагүйд хүрдэг.
Банк болон банк бус байгууллагын өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэлээ эхлүүлж, гуравхан сарын дараа хаалгаа барихаас өөр аргагүй байдалд ордог өч төчнөөн үйлдвэрлэгч бий. Татвар, даатгалын байцаагч нарт өртэй гэж үргэлж чичлүүлж, данс хаана гэж байнга дарамтлуулдаг.
Өрөө өрөөр даран байж улсад төлдөг татварыг нь авлигачид зээл, тендер, тэтгэлэг болгож шударга бусаар завшиж байна. Гэтэл татвар төлөгчид “хор”-оор хооллож, хогон дунд амьдарч, уушиггүй болтлоо утаагаар амьсгалж байна. Уг нь төр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжийг нь бүрдүүлж, иргэд дэмжиж, үйлдвэрлэгчид ашиглаж чадвал манай улс гадаадаас гуйлга гуйж, иргэд нь гадны хөдөлмөрийн зах зээл рүү дүрвэцгээхгүй байсан биз ээ.