Монголын улс төрийн түүхэнд нэгэн шинэ үзэгдэл гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах санал бүхий “Зөвшилцөх тухай” бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулсан нь энэ өдрүүдийн гол сэдэв болоод байна. Ерөнхийлөгч Х.Баттулга уг бичигтээ; гишүүдийн мөнгөний 5000 дахин өсөлт, зураг төсөвгүйгээр баригдахаар тусгасан 375 барилга, ЖДҮХ сангийн 0.25%-ийн хүүтэй зээлийг УИХ-ын 50 орчим гишүүн авсан зэрэг үндэслэлүүд нь чин шударгаар зүтгэж буй иргэд, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгааг тус албан бичигт тодоор тэмдэглэлээ. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илтэд алдаж, бүрэн эрхээ цааш хэрэгжүүлэх боломжгүй болсон нь УИХ өөрөө тарах асуудлыг хөндөх үндэслэл болсныг Ерөнхийлөгч онцлов.
Үүнээс улбаалан, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй, эрхгүй гэсэн асуулт гарч ирэн, иргэд энэ тухай маргаж байна. Хууль, тогтоомжийг судлах аваас өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох бүрэн эрх Ерөнхийлөгчид байна. Үндсэн хуулийн 22.2, Ерөнхийлөгчийн тухай хууль 12.11, УИХ-ын тухай хуулийн 31.1.2-т тодорхой ч тусгаж. Тухайлбал, “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн Үндсэн хуулийн 22.2-т заасан.
Харин “зөвшилцөх” тухай ойлголтыг Монгол Улсын Дээд шүүхийн гаргасан тогтоолд тайлбарласнаар “Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, УИХ буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно” гэжээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах саналаа УИХ-ын даргад бичгээр үйлдэж өөрийн биеэр гардуулсан. Хариуг УИХ-ын дарга мөн бичгээр өгнө.
Гэхдээ Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналыг УИХ-ын дарга зөвшөөрөхгүй байх нь уг санал УИХ-аар хэлэлцэгдэх эсэхэд саад болохгүй аж. Үүнийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.11-т тов тодорхой зааж өгсөн нь “...УИХ-ын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэх заалт юм. Тиймээс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах Ерөнхийлөгчийн тогтоолын төсөл УИХ-аар зайлшгүй хэлэлцэгдэх нь. УИХ хэлэлцээд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд УИХ тарах тухай шийдвэрийг гаргана. Үүний хамтаар УИХ-ын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг батлах хуультай. Ингэхдээ ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор товлон зарлах юм.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох нам, эвсэл УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах бол бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа 15, 12 гэсэн хугацаатай байна.