БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тус тус хүлээн авч уулзав. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг тэмдэглээд, УИХ эл харилцааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.
Түүнчлэн Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэг бөгөөд цаашид ч үргэлжлэх болно гэдгийг онцоллоо. Тэрбээр “Тяньжин хот бол Монгол Улсад хамгийн ойр далайн гарц, манай эдийн засгийн гадаад харилцаанд чухал ач холбогдолтой боомт юм. Миний бие 1999 онд Улаанбаатар хотын даргын хувиар Тяньжин хотод зочилж, хоёр хотыг найрамдалт харилцаатай болгох баримт бичигт гарын үсэг зурж байлаа. Мөн 2008 онд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүний хувьд Тяньжиний Дунжян дүүрэгт Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газар байгуулах ёслолд оролцсон.
Тус Төлөөлөгчийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах талаар анхаарах зүйл бий” хэмээсэн. Түүнчлэн “БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах зорилтод тусгасан төслүүдийг бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Энэ чиглэлээр манай парламентаас холбогдох шийдвэр гаргаж ажиллахад бэлэн байна” гээд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хөндлөө.
Тяньжин хотын Намын хорооны дарга Ли Хужун “Бүс ба зам” санаачилга, “Талын зам” төслийг уялдуулж, эдийн засгийн коридор байгуулах зорилтын хүрээнд олон төсөл хэрэгжинэ. Түүний нэг болох Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил нааштай шийдэгдэж байна. Дунжян дүүрэг дэх Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлж, Тээвэр, ложистикийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хэмээн онцолсон. Мөн Хятадын онцлогтой социализм байгуулах шинэ бодлогын хүрээнд хөрш орнуудад ч эдийн засгаа хөгжүүлэх завшаан болохыг тэмдэглэв.
Тэрбээр хүнсний ногооны хүлэмжийн аж ахуй хамтран эрхлэх, Тяньжин-Улаанбаатар чиглэлд нислэгийн шугам нээх, Тяньжиний их сургуульд монгол хэлний анги нээж, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, орчин үеийн анагаах ухаан, Хятадын уламжлалт эмчилгээг хослуулсан туршлага, мэдлэгээ монголчуудтай хуваалцах, Дунжян дүүрэгт Тээвэр, ложистикийн төв байгуулах, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж, Улаанбаатар хотод Тяньжиний жуулчны төв байгуулах, тэндхийн гаалийн үйлчилгээг хялбарчлах зорилгоор Улаанбаатарт дээрх төрлийн бүрдүүлэлт, үйлчилгээ үзүүлдэг болох, Төлөөлөгчийн газраа манай нийслэлд байгуулах зэрэг тодорхой 10 санал дэвшүүллээ.
УИХ-ын дарга эдгээр саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр тал 2019 онд тохиох Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, 2021 онд болох МАН, ХКН-ын 100 жилийн ойг угтаж улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайдтай уулзах үеэр “Бүс ба зам” хөтөлбөр, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах нь илүү их хичээл зүтгэл, хамтын ажиллагаа шаардаж байгааг талууд энэ үеэр санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон хэлэлцээрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх томоохон ажлууд хэдийн эхэлснийг онцлов. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж буй энэ үед Азийн бүс нутгийн үүд хаалга болсон Тяньжин хоттой бүх талаар, тэр дундаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монгол, Тяньжиний “Дүнцян” тээвэр, ложистикийн төв байгуулах хэлэлцээр хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газраас дэмжихээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Тяньжин хотын Намын хорооны дарга Ли Хужун Тяньжин, Улаанбаатарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэх, хотуудад харилцан соёлын төв байгуулах, төлөөлөгчийн газар нээх, хот хоорондын нислэг эхлүүлэх, Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйг цогцлоон хөгжүүлэх боломж байгаа талаар хүсэлт тавьсан. Ярьж, эхлүүлсэн ажлаа бодитой хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн эл айлчлал нь Улаанбаатар, Тяньжиний хамтын ажиллагаанд шинэ зам гаргалаа хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд хэллээ.
Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мөн хүлээн авч уулзав. Далайд гарах нэр бүхий төсөл хэрэгжүүлэх, өмнө нь амжилттай туршсан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тээврийг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн болон мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтрах, хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан дэмжих, Бизнес форум зохион байгуулах зэрэг саналыг тэд хөндөн ярилцсан юм.
Г.Уран