Өнгөрсөн долоо хоногоос нийт нутгаар цочир хүйтэрч, агаарын температур 5-12 градусаар сэрүүссэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ялангуяа энэ сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий, Дорноговийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсгээр 18.1 мм хүртэлх хур тунадас унажээ.
Азаар газар тариалангийн талбай төдийлөн өртөөгүй гэнэ. Тэнгэрийн байдал засрахгүй, өнөөдрөөс ихэнх нутгаар нойтон цас орж, хүйтрэн, цаг уурын аюултай үзэгдэл болох нөхцөл бүрджээ. Тухайлбал, өнөөдөр баруун, маргааш баруун болон төвийн, нөгөөдөр говийн аймгуудын нутгаар цас орж, шууран, цочир хүйтрэх эрсдэлтэй байгаа аж. Үүнээс үүдэн зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүйг малчид, тариаланчдад онцгойлон сэрэмжлүүллээ.
Дашрамд дурдахад, есдүгээр сард буюу ургац хураах үеэр цас орж, шууран, их хэмжээний хохирол учруулсан тохиолдол манай оронд хамгийн сүүлд 2009 онд бүртгэгджээ. Тухайн оны есдүгээр сарын 18-20-нд нийт нутгийг хамарсан цаг агаарын аюулт үзэгдэл болсны дотор газар тариалангийн бүс нутагт ихээхэн хэмжээний цас орж, хүйтэрсэн гэнэ. Тодруулбал, Сэлэнгийн Ерөөд 31.6, Орхонд 30.1, Хүдэрт 27, Дархан-Уул аймагт 26.8 мм цас унаж, ургацын талбайг дарж байжээ.
М.Оч