Ц.Намсрай эрхлэгчийн зүүн гар талд орлогч эрхлэгч Д.Цэрэндагва, С.Авирмид, хэлтсийн дарга Г.Жамц, Ж.Дамдинсүрэн, утга зохиолын нарийн бичгийн дарга Н.Жамбалсүрэн, баруун гар талд цаашаа хараад сууж буй нь I орлогч эрхлэгч Г.Дэлэг, хэлтсийн дарга Г.Жамсранжав, хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Чимэддорж
ХОВОР ТОХИОЛ
Аравдугаар ангийн сурагч анх Улаанбаатар хотод орж ирээд хамгийн түрүүнд “Үнэн” сонины газрыг олж мэдсэн нь үнэхээр сонин. Учир юу гэвэл биднийг аравдугаар ангид байхын II улирлын амралтаар Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгаас шалгарч ирсэн нь миний зол болсон юм. Миний найз Ч.Сандагдорж Улаанбаатарт Төв сэргийлэхийн ардын төлөөлөгч, дэд хурандаа П.Дамдинсүрэн ахдаа надаар захиа явуулсан хэрэг Хөвсгөлийн сурагчид нийслэлийн ХIII дунд сургууль дээр байрлаж байв. Энэ сургуулиас Спортын төв ордныг олчихдог болов. Хотод арваад хоноход өдөр бүр барилдахгүй учир зав зайгаар нь гадуур явна.
Ингээд хүн амьтнаас Төв сэргийлэхийг заалгаж авав. Хөдөөний хүүхэд болохоор их хотын хаяг сэлтийг гайхалтай сайн ажиж уншиж явав. Тэр үед Төв сэргийлэх одоогийн Цагдаагийн ерөнхий газрын буйран дээр хоёр давхар байранд байсан юм. Тэгтэл замд “Үнэн” сонины газар тааралдав. “Үнэн” сонин Цагдаагийн ерөнхий газрын яг баруун талд хойшоо харсан байранд байлаа. Би бага сургуулийн IV ангиас эхлэн төвийн бүх сонин хэвлэл уншдаг болчихсон байсан юм. Сургуулийн дотуур байранд байдаг хүүхдүүд хичээлийн бус цагаар ном, сонин л уншина. Сургуулийн номын санд төвийн бүх сонин ирсэн байдаг нь сайхан завшаан болно. Чингэж “Үнэн” сонины газрыг мэддэг болсон юм.
Оюутны шуугиант жилүүд харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд сургуулиа төгсөх цаг тулчихав. 1967 оны тавдугаар сард деканы газраас дуудаж “Үнэн” сонины газар өнөөдөр оч гэв. Ямар учиртайг нь ч мэдсэнгүй шууд л очоод жижүүрт хэлэхэд эрхлэгчийн өрөөг зааж өглөө. Тэр заасан өрөөнд ортол нэг эмэгтэй сууж байна. Эмэгтэй эрхлэгч байдаг юм болов уу гэсэн шүү бодолд дарагдаад хэрэг зорилгоо хэлэхэд сайхь эгч хажуу талын хаалгаар ороод гарч ирэхдээ,
-Ийшээ ор, эрхлэгчтэй уулз гэв. Энэ хүн эрхлэгчийн туслах З.Хишигт эгч байсан юм. Зөвшөөрөл аваад ортол эелдэг сайхан зантай нэгэн эрхэм баахан зүйл асууж “сонин сэтгүүлд бичиж хэвлүүлсэн юм байна уу” гэв. Энэ үед би оюутны эрдэм шинжилгээний бага хуралд хэд хэдэн илтгэл тавьсан, бас хоёрын зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнээ хэлэв. Эрдэм шинжилгээнийхээс гадна сонины бичлэгийн төрлөөр бичсэн юм байвал үзмээр байна гээд сургуулиа сайн төгсгөхийг захиад сониндоо авч ажиллуулах бодолтой байгаагаа хэлж билээ.
Хожим сонсвоос “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Пүрэвжав гуай намайг дуудаж уулзсан юм билээ.
Үүнээс хойш бараг хоёр сарын дараа МУИС-иа төгсөж нам, засгийн “Үнэн” сонин гэх далай их ажилтай, зав зайгүй шуугиж шаагисан хамт олны дунд орсон юм.
ГАРЫН ҮСГИЙГ НЬ ЭХЭЛЖ ТАНИВ
“Үнэн” сонинд ажилд ормогц ажлын газрын үнэмлэх өгөв. Ерөнхий эрхлэгчтэйгээ уулзалгүй бараг сар болсон байх аа. Өглөө бүр сонины шуурхай зөвлөгөөн болно. Энэ бүхэн I орлогч эрхлэгч С.Пүрэвжав гуайн өрөөнд л өндөрлөнө. Тэгтэл нэгэн өглөөний зөвлөгөөн ерөнхий эрхлэгчийн өрөөнд болов. Нүдний том шилтэй, саруул сайхан ухаантайг илтгэсэн тэнэгэр магнай, духтай, буян заяа бэлгэдсэн соотон дэлдэн чихтэй, дунд эргэм насны эрхэм том ширээний ард сууж байв.
Намсрай эрхлэгч сонины ажилд ховор оролцдог мэт санагдаж байсан.
Арга ч үгүй биз ээ. Монголын парламентын бүлгэмийн дарга, Дэлхийн шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Дэлхийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч зэрэг олон сонгуульт ажлын хүндийг үүрэн, нэгэн биед дэндүү ахадсан тушаалтай завгүй нэгэн байсан учир сониныхоо ажилд өдөр тутам оролцох нь ховор. Гэвч өндөр уул нөмөр ихтэй, өргөн тал хараа сайтайн үлгэрээр Намсрай эрхлэгчийн их нэр хүнд, буурь суурь сонины ажилд өдөр бүр цаг тутам нөлөөтэй явж ирсэн байдаг юм.
Монгол Улсын өдөр тутмын ганц сонин нь “Үнэн”. Нэг намын тогтолцоо, социалист, коммунист чиг шугам баримтлан хөгжиж байгаа Монгол Улсын үзэл санааны гол зэвсэг нь “Үнэн” сонин байсан учир нэр хүнд ихтэй. Тэр ч утгаараа алдах эндэх эрхгүй. Ямагт оройлон түүчээлэх үүрэгтэй хэвлэл байсан юм. “Үнэн” сонинд сайнаар бичүүлбэл ямар ч шагналаас үнэ цэнтэй, саараар муулуулбал ажил албандаа тэнцэх, эсэхэд хүрнэ. Ажлын хариуцлага, дэг жаяг лут байсан цаг.
Ийм их нэр хүндтэй байгууллагыг 20 гаруй жил Ц.Намсрай эрхлэгч эндүү андуугүй, илүү сайн удирдаж ирсэн байдаг юм. Хэвлэл бол хэвлэл учир үг үсгийн алдаа гарч сандрах тэвдэх үе олонтаа гарна. Намсрай эрхлэгч налайж байхад барагтай уугиан шуугиант явдал тэгсхийгээд л намдана. Их хүний нөөлөг гэдэг энэ ажээ.
Сонины өглөөний яриа болох үед Намсрай эрхлэгчийн утас хангинана. Тэр тоолонд тэнд байсан бидний зүрх амаараа гарах шахна. Үг үсгийн алдаа олоод утасдана. Яасан ч завтай хүмүүс байдаг юм бэ.
Нэгэн удаагийн өглөөний шуурхай дээр ерөнхий эрхлэгчийн утас хангиналаа. Тэгтэл Намсрай эрхлэгч ууртайхан “Наад сонин дээр чинь зургаан удаа зөв, нэг удаа буруу гарсан байна лээ” гээд утсаа чулуудав. Тэр нь тухайн үед Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд Б.Дорж генерал, БХЯ-ны сайд болсон тухай, тухайн өдрийн болсон элдэв хурал цуглаан, уулзалт, хүлээн авалтын материалд Б.Дорж генералын шинэ тушаалыг зургаан удаа зөв, ганц удаа буруу бичсэн хэрэг.
Ц.Намсрай эрхлэгч хүнд анхаарал тавих, залуусынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургууль соёлд явуулах зэрэгт онцгой халамж тавьдаг сан. Намайг “Үнэн” сонинд ажиллах 10 хүрэхгүй жилийн дотор л гэхэд Г.Ринченсамбуу, С.Уртнасан, Д.Нямсүрэн, Д.Сүрэнжав, Ц.Мөнхбаатар, Ч.Түмэндэлгэр нар ЗХУ-д докторын зэрэг хамгаалж, туслах ажилтан байсан М.Лхагвасүрэн, Ц.Юндэндорж, Б.Бямбаа нар мөн л ЗХУ-д сэтгүүлч мэргэжлээр суралцан том эрдэмтэн сэтгүүлч болцгоосныг дурдахад сайхан байна. Залгаад Ц.Балдорж, Б.Ганболд, Т.Баасансүрэн нар докторын зэрэг хамгаалсан. Үүнээс гадна сонины идэвхтэн сурвалжлагч нарынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд ихэд санаа тавьж байсан.
Олон жил төр засагт дээгүүр зиндаанд ажилласан хүн гэхэд дэндүү энгийн бас нөхөрсөг, хүнлэг нэгэн байжээ. “Хүний хайлан явсан сайхан эрхлэгч минь” гэж сэтгүүлч бид өөр хоорондоо шивнэлдэнэ. Энд нэгэн өглөөний шуурхай зөвлөгөөнд болсон хөгжилтэй дурсамж дэлгэе. Ерөнхий эрхлэгчийн өрөөнд шинэ сониноо ярилцаж байтал алдаа гарсан боллоо. Хаанаа, аль дамжлага дээрээ хэн хэн уншсан байна гээд шууд хэвлэлд шилжүүлсэн материал үзэх шалгах юм болоод явчихлаа. Тэгээд эрхлэгчийн өмнө хэвлэх үйлдвэр дээр уншсан сониныхоо хуудсыг дэлгэх гэтэл хуудасны арын зайд нь мушка тоглосон данс гараад ирэх нь тэр. За баларсан гэцгээгээд л явчихав. Үйлдвэр худалдааны хэлтсийн эрхлэгч “сахал” Д.Шагдарсүрэн шууд л,
-Пөөх, таван зуун нэг тоглосон байна гэчихэв.
Тэгтэл Намсрай эрхлэгч:
-Битгий худлаа дэмийрээд бай. Мушка л байна шүү дээ гэх нь тэр ээ. Эрхлэгч мушка мэддэг юм байна шүү дээ гэж бид нар тэрүүхэндээ шивнэлдэнэ. Тэгээд сонины алдаа ярихаасаа халиад хэн нь илүү сайн муу тоглосон, 501, мушка хоёрын аль нь болох маргаан маягийн зугаатай ярианд шилжээд тэгсгээд замхарч билээ.
Энэ үед Намсрай эрхлэгч байгаагүй бол хэд хэдэн хүн нэлээд хүнд шийтгүүлэх байсан гэж бид залбиран ярьцгаадаг юм.
Тэнд Ц.Дашдорж, М.Жадамба, Д.Октябрь нарын хариуцан гаргасан сонинг зохиолч Жамцын Шагдар сигнал уншсан байв. Энэ дөрвийн тоглосон данс эрхлэгчийн өмнө дэлгэгдсэн хэрэг. Энэ үйл явдал 1960-аад оны сүүлчээр болсон юм. Учир нь би мушка мэддэггүй байсан цаг. Хожим нь сурсан л даа. Сурахаар барахгүй Г.Бямбажал зэрэг дээд зиндааны томчуултай “таван гар” үзэж л байлаа.
Намсрай эрхлэгчийнх гэдэг тэр чигээрээ урлаг, соёл, оюун ухаан оргилсон эвсэг өөдрөг, өнгөлөг гэр бүл. Гэрийн эзэгтэй Л.Цогзолмаа гуай Монголд байтугай, дэлхийд алдаршсан, гайхамшигт нэгэн. Миний хувьд 1952 онд хөдөөний бага сургуулийн I ангид байхдаа хажуу айлын хойморт бурхны оронд залрах зургийн гуунаас олж харсан сан. Тэр үед сумын төвийн айлууд хоймортоо гуутай зураг залж байв. Фото зураг ховор учир элдэв хэвлэлийн зураг тавих нь бий. Ийм нэгэн айлд Л.Цогзолмаа гуайн сонин дээр хэвлэгдсэн зураг байсныг олж харснаа мартдаггүй юм. Бодвол, өнгөтөөр хэвлэсэн “Үнэн” сонин байсан санагдана. Цогзолмаа гуай миний ээжтэй ижил нэртэй учраас сэтгэлд минь илүү тод үлдсэн юм даг. Энэ үеэсээ буюу бага сургуулийн нэгдүгээр ангиас эл алдарт хүнийг хүндэтгэн биширч эхэлсэн. МУИС-ийн оюутны байр 1962-1963 оны хичээлийн жилд одоогийн хичээлийн III байранд байсан юм. Хичээл тарах үед, үдийн цагаар Н.Сувд сургуулиасаа гэртээ харих зам яг түүгээр таарна. Намсрай гуайнх манай тэр байрны хойд талд л байсан байх. Ийн ээж охин хоёрыг зүс таних төдий болсон авч аавыг нь аль хожуу “Үнэн” сонины ажилтан болсон хойноо мэдсэн хэрэг
БУРХАНЛИГ ХҮМҮҮН
Намсрай эрхлэгч наргиа, даргиа сайтай, хөгжилтэй хөөртэй хүн байлаа. Тэр үед “Үнэн” сонины олон хүн 50 насны ойгоо тэмдэглэж билээ.
Нэгэн удаагийн ийм найрын үед,
-Одоо манай сонинд 38 настай арван хүн байна. Хэдхэн жилийн дараа эдний 50 насны ойг нэг өдөр тэмдэглэх үү. Сар бүр тэмдэглэх үү, эрхлэгч ээ? гэж дөрөө чангалсан нэгэн яриа дэлгэхэд Намсрай эрхлэгч маань:
-Сар бүр тэмдэглэсэн ч болно шүү дээ гэдэг юм байна.
Хүний орчлонд цөөн жил томилолтоор ирээд буян дэлгэрүүлж бусдыг хайрлаж, энэрч тусалж явсаар буцсан, эрхлэгч минь дээ.
Эдний хүүхдүүдээс Н.Шүртэй хэдэн жил ойр дотно ажиллах аз таарч билээ. Шүрийг анх “Үнэн” сонинд авахдаа эхлээд хэвлэх үйлдвэр дэх хянагч, редактороор баахан ажиллуулсан юмдаг. Шинэ төгсөж ирсэн бүх хүүхдийг ингэдэг байсан. Тухайн үед хэвлэх үйлдвэрийн ажлын өрөө их хүйтэн. Залуу хүмүүс тулдаа л болж байсан даа. Шүр нэг том үстэй дээл өмсчихөөд ирнэ. Түүндээ их түүртсэн янзтай харагддагсан. Ингэж байгаад сурвалжлах, бичих, редакторлах ажилд шилжинэ. Энэ үед би Шүртэй Налайх явж авто тээврийн 14 дүгээр баазын ажлыг сурвалжлаад “Эртэч хүмүүс” гэсэн сурвалжилга хамтран бичсэн (“Үнэн” 1973.12.19. ¹ 303) маань дурсгал болон үлджээ.
Налайх орохын тулд өвлийн өглөө эрт эндээс хөдөлж 06.00 цагийн орчимд Шүрийг гэрээс нь очиж аваад явж байлаа. Намсрай эрхлэгчийнхээ алтан босгыг ийн алхаж орсноо бэлгэшээж явдаг юм. Би “Румыны армийн ойг тэмдэглэв” гэсэн мэдээ бичээд дээд газраас банга хүртэж тухайн үедээ баахан бужигнасан юм даг. Энэ үед эрхлэгч маань ээлжийн амралттай байсан. Шүр л “Батсүрэн ахыг ажлаас халчих гээд байна гэж ярьсан байх. Нэг өдөр эрхлэгч сонин дээрээ ирж өдөржин ном сонин уншиж, тамхиа татаж сууж өнжсөн гэнэ лээ. Тэгээд орой гэртээ хариад:
-Дэлэг надад Батсүрэнгийн тухай юу ч ярьсангүй. Зүгээр юм байлгүй гэсээр харьсан гэх. Үүнийг би бүр хожуу МУИС-д багш болсныхоо дараа л сонсож билээ. Сайн аав, охин, ер нь гэр бүлээрээ сайхан сэтгэлтэй дэндүү тайван, буянлаг, бурханлиг хүмүүс шүү.
Энэ мэдээ гарснаас хойш би “Үнэн” сонины хэвлэл дэх редактораар ажиллаж билээ. Тэр үед энд тэндээс надад ажил санал болгож байсан боловч Намсрай эрхлэгч:
-Би мэдэж байна. Явж ажлаа хий гэж зандарсан. Ерөөсөө түс тас үнэн шударга үгтэй хүн сэн. Үүнээс хойш нэлээд хэдэн сар өнгөрсний дараа МУИС-д академич Ш.Лувсанвандан багшийн туслахаар ажиллах багш шалгаруулж авах тухай мэдээ сонсоод тэнд очъё гэсэн утгатай үг хэлсэн юм болов уу даа, би. Тэгтэл Намсрай эрхлэгч:
-Тэгвэл ч харин өөр шүү. Чи юун сониноос гарах тухай яриад байгаа юм бэ? Тэд чинь эхлээд чамайг шалгана. Түүнд нь тэнцэх, эсэхээ мэдсэний дараа наад асуудлаа надад тавиарай гэж эцэг ёсоор зөвлөж билээ... Хожим намайг Япон улсад ажиллаж байх үед бие нь муудаад Европоос эгэж ирснийг сонсоод охин Шүрд нь захиа бичиж, “надад сайн эм захиач ээ. Би олж өгөх боломжтой шүү” гэж хэлүүлсэн билээ. Энэ захиа Шүрд хүрэх нь хүрсэн байх ёстой. Гэвч Шүр надад хариу өгөөгүйг одоо болтол харамсаж л явдаг (Ч.Батсүрэн “Эрдэмд хөтөлсөн багш нар минь” 2006 он. Хуудас 70-74)
“Үнэн” сониныхон шатар нэлээд тоглоно. Тэгэхдээ үдийн завсарлага, ажил тарсны дараа, орой мэдээ материал хүлээх, боловсруулах цагаа ийн ашиглана. Эрхлэгч маань шатрын хорхойтой. Ихэвчлэн хараад зогсож байдаг сан. Олон хүн шаваад зогсож байхад хүн андуураад эрхлэгчийнхээ араас базаж авсан инээдтэй тохиол байдаг. Эр хүн юу тоох билээ.
Баяр цэнгүүний үед хэдэн хундага тогтооно. Харин архи хольж уухгүй хатуу дэгтэй, чанга сахилгатай нэгэн. Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Чимиддорж гуай 50 насныхаа ойн үеэр эрхлэгчид тусад нь хүрэн архи (конъяк) өгөв. Тэр үед виски дэлгэрээгүй байсан цаг. Тэгтэл эрхлэгч:
-Чи тэгээд өөр архи холихгүй конъяк өгч чадах уу? Би ганц нэг шил уухгүй шүү дээ хо хо хо гэх. Д.Чимиддорж гуай олон жил хамт ажилласаар байгаад эрхлэгчийнхээ тухай илүү их мэдлэгтэй байсан хэрэг. Юу гэж л ганц шилийг бэлтгэх билээ.
Хамгийн сүүлд Ц.Намсрай эрхлэгчтэй номын дэлгүүрт тааралдсан. Өндөр насныхаа тэтгэвэрт гараад гадуур чөлөөтэй алхаж явсан үе байх. МУИС-ийн хичээлийн II байранд зүүн тийшээ харсан том хаалга байсан юм. Тэр хаалгаар ороход урагшаа эргээд номын дэлгүүр, арагшаа хоолны газар байсан. Тэр номын дэлгүүрээс гарч иртэл эрхлэгч маань амандаа дуу аялчихсан, нуруугаа үүрчихээд данагас данагас алхаад ирж билээ.
-За сайн уу? Батсүрээн гэж л мэндэлсэн. Бид хоёр энэ удаад өөр юм ч ярьсангүй. Гудманд юугаа ч ярих билээ, тэр агуу хүнтэй. Намсрай эрхлэгч шиг үг дуу цөөнтэй, яриа хөөрөө багатай, түвшин төлөв даруу хүн нэрээр минь дуудан мэндэлнэ гэдэг маш их элэгсэг дотно, энгүүн сайхан харилцааны уудгал гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж их баярласан. Сайн сайхан хүн гэдэг үг яриа, үйл хөдлөл бүр нь тэр чигээрээ үлгэр дуурайл, аз жаргалын бэлгэ тэмдэг, наран саран сацарсан өнгө гэрлийн тусгал билээ. Үүнээс хойш эрхлэгчтэйгээ дахин тааралдаагүй ээ.
Их даруухан, жинхэнэ язгуурын монгол, тэнүүн талын нүүдэлчин, тэнгэрийн хишгийн уужуу талбиу зан чанар нэвт ханхалсан, энгүүн томоотой, эгэл даруугийн үлгэр, эрдэм боловсрол, редакторлах ур ухааны охь манлай явжээ, Та. Танаас бид маш их зүйл суралцсан. Монгол хэлний үгийн сангийн найруулгад үнэнхүү мэргэшсэн нэгэн сэн.
Намсрай эрхлэгч сониныхоо тэргүүн өгүүллийг заавал уншина. Бас улс төр, эдийн засаг, олон улсын хэмжээний томоохон, даацтай өгүүллүүдийг ерөнхий эрхлэгчээрээ уншуулахаа манай утга зохиолын нарийн бичгийн дарга нар мэдэлгүй яах вэ. Энэ бүхнийг нягтлан уншиж улаан будгийн харандаагаар дурайтал засна. Эрхлэгч хэрхэн яаж засаж янзалсан, ямар үгийг яаж сольж найруулсан зэрэг нь тодорхой дурайна. Бид энэ бүгдийг сонирхон судалж, суралцаж явсан маань монгол хэлний мэргэжилтэн миний цаашдын ажилд, бүр онцолбол найруулан бичих, редакторлан боловсруулж хянах зэрэгт томоохон дуурайл болсон.
Эрхлэгч шигээ сайн редактор болж чадаагүй ч энгийн найруулга, редакторлах ур дүйд бага сага зүгширснээ дурсахад сайхан байна. Сайн хүний үлгэр үнэхээр лут гэдгийг “Үнэн” сонин миний мэтийн олон хүнд ойлгуулж замчилж засан залруулж өгсөн. Намсрай эрхлэгч үнэн сайхан, хосгүй нэгэн, ховорхон заяанд төрсөн, гайхам сайхан, дэндүү баясгалант хүмүүн байлаа Та.
Ч.БАТСҮРЭН
“Үнэн” сонины редактор асан, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор