Төрийн албыг баяжих хэрэгсэл гэж харж, татвар төлөгч жирийн иргэдийн мөнгөөр дураараа туйлагчид нэмэгдсээр байгаа. Төрийн халаасанд гараа шургуулж, өөрийн хэтэвчийг зузаалж байгаа олон хүнийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, эцэстээ үйл ажиллагаа нь эрх мэдлээ урвуулагчдын уурыг хүргэдэг болсон.
АТГ-ын мөрдөгчид “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, төрийн албан тушаалтнууд, улстөрчид холбогдсон хэргийг шалгаж эхэлсэн нь нэлээд дуулиан болсон билээ. Мөрдөгчдөөр баахан баримт цуглуулуулчихаад, удаан хугацааны турш шалгасан хэргээс нь шүүх, прокурорын шатанд улстөрчид, томоохон бизнес эрхлэгчдэд холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, заримыг нь хэдэн төгрөгөөр торгох шийтгэл л ногдуулж буй.
Энэ нь иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлэх болсон гэдэгтэй санал нэгдэх хүн цөөнгүй гарах биз. “Хөгжлийн банк”-ны гэх хэргээс улбаалсан, тус банкнаас санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлүүдийн нэг нь “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга нартай холбоотой байдаг. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрсөн хавар нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш таг чиг болсон юм.
“БЭРЭН ГРУПП”-ЭЭС ОХИНЫХОО ДАНСААР ДАМЖУУЛАН 12 360 АМ.ДОЛЛАР АВЧЭЭ
ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг 2016 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Түүнийг уг албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгосон, хахууль авсан зэрэг үндэслэлээр буруутгасан юм. Нийслэлийн Прокурорын газраас А.Гантулгыг “Орон сууцны санхүүжилтийн корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн дүрэмд заасан компанийн үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ хэлцэл байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп” компанид давуу байдал олгосон хэмээн баривчилж байсан юм.
Дээрх компанийн захирал Б.Мөнхтөрийн ашиг сонирхолд нийцүүлэн А.Гантулга 2015 оны гуравдугаар сарын 11-нд “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ байгуулж, VII хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулах орон сууцны барилга угсралтын ажлын 50-иас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон тухай баримтыг ч шалгалтын явцад АТГ-ын мөрдөгчид баталгаажуулжээ.
Улмаар “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, тэдний барьсан 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр болсон. Гүйцэтгэх ёсгүй эл үйлдлийг хийхийн тулд 2014 оны нэгдүгээр сарын 14-нд охиныхоо Худалдаа хөгжлийн банкны дансаар дамжуулан 12 360 ам.доллар хээл хахуульд авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.
Үүнээс гадна дэд захирлаасаа хахууль авсан үйлдлийг ч АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоосон юм билээ. Дэд захирал Д.Оюунжаргал нь 2016 оны наймдугаар сарын 11-нд 650 мянган төгрөгийн үнэтэй “Mont Blanc” брэндийн бүс, 157 мянган төгрөгийн үнэтэй “Hennesy V.S.O.P” конъяк гүйцэтгэх захирал А.Гантулгад өгч, Г.Түвшинбилэгт гэх хүүхдийнхээ 65 сая төгрөгийн сургалтын төлбөрийг ТОСК-аас гаргуулан хувийнхаа ХААН банкны дансаар авсан байна.
“МОГУЛ СКАЙ” КОМПАНИД ГУРВАН ТЭРБУМЫГ ОЛГОЖ, ЗАЙСАНД БАЙРТАЙ БОЛОВ
ТОСК-ын захирал асан А.Гантулга зөвхөн “Бэрэн групп”-ээр тогтохгүй өөр компанид ч давуу байдал олгож байжээ. Тодруулбал, ТУЗ-өөс нь гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Могул скай” ХХК-д давуу байдал бий болгож, гурван тэрбум төгрөгийн зээл жилийн долоон хувийн хүүтэй өгөхөөр тэр компанийн захирал Д.Жаргалсайхантай тохиролцсон байна. Улмаар “Могул скай” ХХК-тай 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан аж. Ингэхдээ Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.1-д заасан “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7.8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр Сангийн яаманд төлнө”, 5.1-ийн “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг Засгийн газрын 2009 оны Журам батлах тухай 368 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэснийг зөрчиж, 4000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны нэгдүгээр сарын 18-нд нэг тэрбум, 2013 оны гуравдугаар сарын 11-нд 500 сая төгрөг “Могул скай” ХХК-д Хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа хэмээн өгчээ. Харин гэрээний үлдэгдэл 1.5 тэрбум төгрөгийг олгохын тулд хахууль өгөхийг тулган шаардсан байна. Ингээд дээрх компанийн Зайсанд барьсан “Могул таун” хотхоны байрнаас 166.8 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг найз С.Одонтуяагаараа дамжуулан 2013 оны зургадугаар сард хахуульд авсан гэнэ. Ингэснийхээ дараа 2013 оны долдугаар сард 1.5 тэрбум төгрөгийг цувуулж олгосон нь шалгалтаар ил болсон аж.
Э.БАТ-ҮҮЛ ХҮҮГИЙНХЭЭ ӨРИЙГ ДАРУУЛАХЫН ТУЛД А.ГАНТУЛГАД НӨЛӨӨЛСӨН ГЭВ ҮҮ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16.4-т “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг зөрчин тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй “Үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Ингэхдээ эрх зүйн чадамжгүй болсон журмыг үндэслэн “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллоос 31 орон сууцыг ТОСК-ын захирал А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од нар эрх мэдлээ хэтрүүлж НИТХ, ЗДТГ-ын албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд үнэ төлбөргүй олгосон хэргийг өдүүлсэн хэмээн буруутгаад байгаа. Бас бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн. Тодруулбал, “Буянт-Ухаа-2” хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн найз Т.Баттөрийн эгчийн нэрийг оруулж, найзаасаа зээлсэн 30 сая төгрөгөө дарсан гэнэ. Улмаар түүнийхээ 24 саяыг нь А.Гантулга өөртөө авчээ.
Хамгийн ноцтой нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт байгаа юм. Тус компанийн ажилтнууд АТГ-т гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ТОСК”-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгөөс “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсан” гэсэн байна. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг “Гранд лайн” компани хэрэгжүүлэхээр болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан юм билээ. Үүнийгээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Энэ мэт баримтад үндэслэн нийслэлийн Прокурорын газраас Б.Чулуудай, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл нарыг шалгаж буй гэнэ. Шүүх энэ баримтыг шалгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд НПГ-ын хяналтын прокурорт хэрэг нь очоод байгаа аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа