“Түмэн шувуут”, “Ард кредит” компани энэ оны төгсгөлд олон нийтэд хувьцаагаа арилжихаар ажиллаж байна. Тодруулбал, тахианы аж ахуй эрхэлдэг “Түмэн шувуут” компани 10, банк бус санхүүгийн чиглэлээр ажилладаг “Ард кредит” таван тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ.
“Түмэн шувуут” компанийнхан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээж буй аж. Тэгвэл “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд үнэт цаас гаргах зөвшөөрөл хүсэж, холбогдох материалаа хүргүүлээд байгаа гэнэ.
Энэ он гарснаас хойш таван компани 230 сая ширхэг хувьцаа санал болгож, хөрөнгө оруулагчдаас 26.73 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Компаниуд 2005 оноос эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоодын зах зээлээс хөрөнгө татаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 24 компани IPO гаргаж байсан статистик бий. Үүнээс дийлэнх нь амжилттай болсон аж.