Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч дахин нэг хориг тавихаар зэхэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хатуухан үг хэллээ. Тэрбээр "Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ. Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна. Товчхондоо 2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон байна. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн байгааг гишүүд хэлж, шүүмжилж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл: Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл. Хэрэв УИХ дээр дурдсан алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй 2019 оны төсвийг баталбал нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс уг шийдвэрт хориг тавих болно” хэмээлээ.
Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явж эхэллээ
Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. "2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг үйлдвэрлэх хүчин чадал байгаа төдийгүй, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, 2000 гаруй ажлын байр бий болно. Цахилгаан такси, ачааны автомашины угсарч, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна" хэмээн “Монгол машин” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан онцоллоо.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой ажээ.
"Шинэ эхлэл" сургуулийн захирал хахууль авсан хэргээр баривчлагджээ
"Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр АТГ хээл хахууль авсан хэргээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ.
“Магнай трейд”-ийн захирлыг хүүгийнх нь хамт цагдан хорилоо
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 8-ны 19.00 цагийн үед ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан гэдгээ мэдэгдсэн” гэсэн юм. Тэднийг “Жаст групп”-ийн Ш.Батхүү нарын хэрэгт холбогдуулж саатуулсан аж.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс болж ШАТАХУУНЫ үнэ өсчээ
АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийжээ.
ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой юм. Мөн 5 дугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан, Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөнд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. /Өнөөдрийн байдлаар “Брент” маркийн тосны үнэ 84,16 ам.доллар байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ.
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлжээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгч шилжүүлэв
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.