Монгол Улс хэмээх айл ирэх жилийн санхүүгийн тооцоогоо гаргаж төсвөө батлах гэж байна. УИХ удахгүй Төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Манай улс ирэх онд 9.6 их наяд төгрөгийн орлого олно. Харин 11.5 их наяд төгрөгийн зарлага гаргана. Ингэснээр төсвийн орлого, зарлагын зөрүү 1.21 их наяд төгрөг болох юм. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний алдагдалтай төсөв батлах “зохиол” гаргасан гэсэн үг. Алдагдлаа нөхөх мөнгийг хаа нэгтэйгээс олох хэрэгтэй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар дотоод болон гадаадын зах зээлд бонд гаргахгүй. Гадаад түлшлэгчдийн зээл тусламжаар төсвийн алдагдлаа нөхнө” гэж тайлбарласан.
Монгол Улс өнгөрсөн онд 7.2 их наяд төгрөгийн орлого олох, 9.6 их наядын зарлага гаргах төсөв баталсан. Үүнтэй харьцуулбал, нийт орлогын хэмжээ 33, зарлагынх 20.1 хувиар өссөн төсөв зохиожээ (инфографикаас төсвийн орлого, зарлагын өсөлт, хөрөнгө оруулалтын өмнөх онуудтай харьцуулсан мэдээллийг сонирхоно уу).
Зарим эдийн засагч маш өөдрөг төсөв гэж үзэж байгаа бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бодит тооцоололтой болсон” гэж өөрийн “уран бүтээл”-ээ өмгөөлж байгаа. Сангийн яамныхан 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлнэ гэж ирээдүйн ажлаа томъёолж байна.
Төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн шалтгаан юу вэ?
Гааль, татварын шинэчлэлийг хийж, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар 2018 оны батлагдсан дүнгээс даруй 3.2 их наяд төгрөгөөр их хөрөнгө төвлөрүүлнэ гэж тэд тооцжээ. Өөрөөр хэлбэл, татвараас “бултдаг” этгээдүүдээс зохих ёсны хураамжаа авч, их хэмжээний орлого бүрдүүлнэ гэсэн үг. Ялангуяа ашигт алтмал экспортлогчдод тавих хяналт шалгалтаа сайжруулж, татвараа бүрэн хураах гэнэ. Мөн уул уурхайн салбарынхны орлого гурван их наяд хүрч, өмнөхөөс 1.3 их наяд төгрөгөөр өсөх учраас татвар болон ногдол ашгийн орлого нэмэгдэнэ гэж тооцжээ. Уул уурхайн түүхий эдээс жишиг үнээр тооцож, татвар хураадаг.
Тонн зэсийн жишиг үнийг 6222, нүүрснийхийг 75.5 ам.доллар байна гэж тогтоожээ. Үүгээр зогсохгүй олсон орлогоосоо Төсвийн тогтворжуулалтын санд 322, Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөг хуримтлуулна гэж тооцжээ. Хэрэв хуулийн дагуу тусгай сангуудад мөнгө хуримтлуулаагүй бол бараг алдагдалгүй төсөв батлах орлого цуглах байж. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор навигацын орлого нэмэгдэх гэх мэт бас бус зүйл төсвийн орлогыг өсгөж буй. Гэхдээ гааль, татварын шинэчлэлээ хийж чадахгүй бол, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унавал төсвийн орлого бүрдэхгүй нь.
Тэгвэл зарлага өсгөсөн шалтгаан юу вэ?
Ирэх жил 1.21 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин өсгөсөн үзүүлэлт юм. Баримжаагаар төсвийн хөрөнгө оруулалтыг ирэх жилд 600 тэрбум төгрөгөөр өсгөөд буй хэрэг. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 418.1, тэтгэвэр, тэтгэмж өсгөхөд 119.5, агаарын бохирдол бууруулахад 146.2 тэрбум төгрөг нэмж төсөвлөжээ. Үүнээс гадна сурагчдын хувьсах зардлыг 33.6, хоолныхыг 14.7 тэрбум төгрөгөөр гэх мэтээр олон зардлыг их, бага хэмжээгээр нэмэхээр тооцсон байв.
Төсвийн орлого төлөвлөсөндөө хүрэхгүй бол тодотгол хийж таарна. Ингэхдээ зарлагаа хасна, эсвэл алдагдлаа нэмнэ. Манай улс 21 их наяд төгрөгийн өртэй. Их өртэй учраас төсөвт тодотгол хийхдээ зарлагаа хасах хандлагатай байдаг. Ингэхдээ хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын зардлаа хугасалдаг хэвшилтэй. Магадгүй ирэх жил төсөвт тодотгол хийж, хөрөнгө оруулалтаа танах магадлалтай юм. Гааль, татварын шинэчлэлд дулдуйдсан өөдрөг төсвийн өнгө иймэрхүү байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Х.БУЛГАНТУЯА: Засгийн газраас төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах бодлого баримталж байна Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас 2019 оны төсвийн төсөлтэй холбогдуулан цөөн зүйл тодрууллаа.
-Энэ оны төсвийн төслийг их өөдрөг болж гэж шинжээчид дүгнэж байна. Төсвийн тооцоолол бодитой байж чадах уу. Зарлага болон орлого өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн байгаа. Эдийн засгийн ямар хүчин зүйл төсөв тэлэх шалтгаан болсон бэ?
-Ирэх онд төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэн орлогыг бүрэн дайчилж төсөвт төвлөрүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлогыг 2018 он батлагдсан дүнгээс 3.2 их наяд төгрөгөөр нэмж, 11.1 их наяд байхаар тооцлоо. Ингэхдээ Засгийн газраас үйлдвэрлэгчдийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, эрдэс бүтээгдэхүүний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн орлогыг өсөхөөр тооцсон.
Харин нэгдсэн төсвийн урсгал зардал 2018 оныхтой харьцуулахад 770.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлж байгаа томоохон арга хэмжээг дурдвал, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 720, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 146.2, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 89.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тооцож, 41 тэрбум төгрөгөөр нэмж төсөвлөлөө. Харин зээлийн үйлчилгээний төлбөрийг 285 тэрбум төгрөгөөр бууруулсан.
-Төсвийн хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгджээ. Ямар шалтгааны улмаас хөрөнгө оруулалтыг ингэж нэмсэн бэ?
-2019 оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтэд 1.3 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Өмнөх онуудад хэрэгжүүлж эхэлсэн шилжих төслүүдийн санхүүжилтэд 465.3 тэрбум төгрөг тусгагдсан. Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хувьд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох үүднээс “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, анги дүүргэлт ихтэй сургуулийн ачааллыг бууруулж гурван ээлжийг хоёрт шилжүүлэх, эрүүл мэндийн салбарын хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Монгол Улсын экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх төсөлд, орон нутагт зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтэд 686.9 тэрбум төгрөг төлөвлөсөн. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн гэрээний дагуу Монголын Засгийн газар хариуцах хөрөнгийн зардалд 65.3, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн төслүүдийн эргэн төлөлтөд 144.7 тэрбум төгрөг тус тус санхүүжүүлэхээр тусгасан тул хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн.
-Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бонд гаргахгүй гэж ойлгосон. Ямар санхүүжилтээр алдагдлыг нөхөх вэ?
-Засгийн газраас төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах бодлого баримталж буй бөгөөд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтэй тэнцэхээр байна. Үүний 1.2 их наяд төгрөг нь гадаадын хөнгөлөлттэй төслийн зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэх эх үүсвэртэй алдагдал юм. Гадаадын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хөрөнгийг байгаль орчин, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх чиглэлээр түлхүү ашиглана.
Мөн төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдах 322, Ирээдүйн өв санд хуримтлагдах хөрөнгөнөөс 515.4 тэрбум төгрөгийг ашиглан төсвийн алдагдлыг нөхөхөөр 2019 оны төсвийн төсөлд тусгасан. Ирэх онд төрийн сангийн мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг арилжааны банкуудад өндөр хүүтэй үнэт цаас гаргаж санхүүжүүлэхгүй байх бодлого баримтална.
-Засгийн газрын өр хэдэн төгрөгт хүрсэн бэ. Энэ онд хэдий хэмжээний өр төлөх вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцааг 2016 оны төсвийн жилд 88, 2017 онд 85, 2018 оны төсвийн жилд 80, 2019 оны төсвийн жилд 75, 2020 оны төсвийн жилд 70, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан. Засгийн газрын өр 2017 оны жилийн эцсийн байдлаар 22.7 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн хэмжээг ДНБ-д харьцуулсан харьцаа 74.4 хувьд хүрээд байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 21.1 их наяд, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн өрийг хүлээгдэж буй ДНБ-д харьцуулсан харьцаа 58.9 хувьд хүрч буураад байна. Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрт 2018 онд 2.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 1.15 их наядын хүүгийн төлбөр төлөх хуваарьтай. Үүнээс 2018 оны наймдугаар сарын байдлаар 2.2 их наядын үндсэн төлбөр, 639.5 тэрбумын хүүгийн төлбөр, нийт 2.9 их наяд төгрөг төлөөд байна.
-Түүхий эдийн үнийг хэдэн ам.доллар байхаар төсөөлж тооцоолсон бэ. Үүнийгээ хэр бодитой гэж харж байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн байдал 2018 оны наймдугаар сараас хойш ихээхэн өөрчлөгдсөн. АНУ, БНХАУ хоорондын худалдааны маргаан, Ираны хориг, БРЕКСИТ-ийн асуудал зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд саарах төлөвтэй байна. Зах зээл дэх түүхий эдийн үнийг шинжээчид олон янзаар төсөөлж байгаа ч ерөнхийдөө өмнөхөөсөө бууруулсан. Бид 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа түүхий эдийн үнийг олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн тооцлоо. Тухайлбал, зэсийн үнийг 2019 онд тонн тутамд 6272.2 ам.доллар, экспортын нүүрсний дундаж үнийг тонн тутамд 80 ам.доллар байхаар тооцсон нь түүхий эдийн зах зээл, үнийн хандлагын талаар судалгаа хийдэг мэргэжлийн судалгааны байгууллагын гаргасан үнийн урьдчилсан төлөвт тулгуурласан.
БАЙР СУУРЬ
Сангийн сайд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн барьсан. Уг төслийг хэрхэн үнэлж буйг зарим шинжээчээс тодрууллаа.
“Зардлаа их өсгөж, алдагдлаа бууруулахыг зорьсонгүй”
Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч):
-Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх зорилго агуулжээ. Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар ойлгож болох ч энэ нь инфляцыг өдөөдөг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахдаг, түр зуурын шинжтэйн дээр чанаргүй барилга, зам угсралтын ажлыг санхүүжүүлдэг тул үргүй зардал болох эрсдэлтэй.
ДНБ-ийг 35 их наяд төгрөгөөр тооцсон нь хэт өндөр гэмээр байна. Статистикийн байгууллага нь эрх баригч намын улс төрийн нөлөөнөөс ангид байх баталгаа байхгүй тул энэ тоо их эргэлзээтэй. Үүнд хөндлөнгийн хараат бус үнэлгээ шаардлагатай. Учир нь хэт өндөр, зохиомол ДНБ нь өрийн болон төсвийн зардлын бодит байдлыг нуух зорилгод ашиглагдаж болзошгүй.
Төсвийн орлогыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурван их наяд төгрөгөөр өсгөсөн байна. Энэ нь хэт өөдрөг байж болзошгүй. Үүнийг дтор нь задалбал, хувь хүний орлогын албан татварыг хоёр их наяд төгрөг буюу өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 610 тэрбум төгрөгөөр өсгөсөн. АНБОАТ-ыг 60, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг 540, НӨАТ-ыг 804 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь татварын байцаагч нарын ажлын ачааллыг ихэсгэнэ. Нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжид ирэх татварын ачаалал, дарамтыг эрс өсгөхөөр байна.
Зарлагын хувьд мөн огцом өсөлтүүдийг төсөвлөжээ. Тухайлбал, барилга байгууламжийн зардал нэг их наяд төгрөгөөр өссөн байна. Магадгүй сонгуулийн тойргуудыг татвар төлөгчдийн мөнгөөр “услах” үйл ажиллагаа тус зардлын дор нуугдаж байж болзошгүй юм. Төсвөөс хараат компаниуд улам хүчирхэгжиж, харин танил тал муутай аж ахуйн нэгжүүдийн хувьд захиалга олдохгүй хүнд жил болохоор байна.
Хэдийгээр нийт орлогыг огцом өсгөсөн ч төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Тус хоёр их наядын алдагдлыг нөхөхийн тулд шинээр 1.2 их наяд төгрөгийн зээлийг гаднаас авах аж. Товч дүгнэвэл, 2019 оны төсөв нь сонгуулийг угтсан төсөв болжээ. Зардлаа маш их өсгөсөн, алдагдлаа бууруулах талаар огт ажиллаагүй байна. Түүнчлэн өмнөх жилийнхтэй харьцуулахад төсвийн орлогыг нэмэгдүүлсэн нь иргэдэд ирэх татварын ачаалал, дарамтыг эрс өсгөх нь тодорхой. Өмч хувьчлалыг үргэлжлүүлэх, хувийн хэвшилд боломж олгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр эдийн засгийг эрүүл аргаар тэлэх оролдлого огт харагдахгүй байна л даа. Эсрэгээрээ гадаад өрөнд дулдуйдсан төсвийн тэлэх бодлогыг баримталж буй нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлж, улмаар урт хугацаанд ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
“Төсвийн төсөл харьцангуй бодитой болсон”
Ч.ХАШЧУЛУУН (МУИС-ийн багш, доктор):
-2019 оны төсөв өндөр ач холбогдолтой. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, 2020 оны сонгуулийн өмнөх бүтээн байгуулалтын сүүлийн жил. Хоёрдугаарт, ОУВС-тай гэрээ байгуулсны дагуу тодорхой дүгнэлт гаргах жил тохиож байгаа юм. Гуравдугаарт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх жил болохоор байна. Бүтээн байгуулалт өрнүүлж, эдийн засаг, нийгмийн асуудлаа аль болох нааштай шийдэх бодлого хэрэгжүүлэхэд Засгийн газрын хүчин чармайлт чухал. Ер нь өмнөх жилүүдийн туршлагаас харахад том төслүүдээ хэрэгжүүлж, орлого олно гэж найдаж ирсэн байдаг. Эдгээр төсөл автоматаар хэрэгжихгүй.
Үүнийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, бодитой ажиллах шаардлагатай. Хэдэн арван жил ярьсны эцэст хийхээ больчихдог тал ажиглагддаг. Томоохон цахилгаан станц, зам, тээврийн сүлжээ муудсан гээд тулгамдсан асуудал манайд олон бий. Төслүүдийг хэрэгжүүлэхэд холбогдох яам, агентлаг шуурхай, хариуцлагатай ажиллах нь зүйтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулан Энэтхэг улсаас санхүүжилт авахыг эс тооцвол ихэнх том төслийг төсвийн хөрөнгөөр гэхээс илүүтэй төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа. Гэтэл хувийн хэвшлийнхэнтэй сайн ойлголцож чадахгүй байгаад анхаарах учиртай. Эдийн засаг зургаагаас дээш хувиар өснө гэж төсөөлж буй нь сайшаалтай. 2019 оны төсвийн төсөл харьцангуй бодитой болсон гэж үзэж байна. Тэтгэмж, хүүхдийн мөнгө, цалин нэмэгдүүлэхээр ажиллаж буй нь анзаарагдаж байгаа.
“Зарим үзүүлэлтийг хэт өөдрөгөөр тооцсон байна”
Б.ЛАКШМИ (Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал):
-Төсвийн төсөлд 2019 онд ДНБ-ийг найман хувиар өснө гэж Сангийн яам тооцжээ. Эдийн засаг ирэх жил үүнээс бага тэлэх болов уу. Олон улсын байгууллагуудын судалгааг харахад дээрх хувь 6-7 байх төсөөлөл бий. Ер нь цөөнгүй үзүүлэлтийг өөдрөгөөр төсөөлсөн юм шиг. Төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг доогуур таамагласан байна. Гэтэл одоо ам.долларын ханш огцом чангараад байгаа шүү дээ. Долларын ханшийг багаар тооцох нь манай орлогод нөлөөлнө. Гуравдугаарт, төсвийн орлогод ихээхэн нөлөөтэй зэс, нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлжээ. Бид орлогоо болгоомжтой тооцох ёстой. Тэгэхгүй бол алдагдал улам л нэмэгдэх эрсдэлтэй. Ер нь зарим судалгааг хангалтгүй хийсэн юм болов уу гэж анзаарсан. Инфляцын түвшнийг найман хувь гэж тооцоолсон нь бодитой болов уу гэж харж байна.