Татан төвлөрүүлэх хөрөнгө болон нийт захиалгын дүн (тэрбум төгрөгөөр)
Монголын хөрөнгийн зах зээлээс өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш найман компани хөрөнгө босгоод байна. Үүдээ нээгээд удаагүй Монголын үнэт цаасны бирж аравдугаар сард гэрлийн шил үйлдвэрлэдэг “Анд энерги” компанийн хувьцааг олон нийтэд санал болгосон юм. Тэгвэл “Айтүүлс”, “ЛэндМН ББСБ”, “Монгол базальт”, “Мандал даатгал”, “Ард даатгал” компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болголоо.
Түүнчлэн манай улсад алтны төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани Монголын хөрөнгийн биржид “давхар бүртгэл” хийлгэж, монголчуудад хувьцаагаа борлуулав. Гурилын үйлдвэрээ өргөжүүлэх зорилт тавьсан “Хөвсгөл алтан дуулга” компани нийт хувьцааныхаа 28 хувийг нэмж борлуулж, зах зээлээс 3.74 тэрбум төгрөг татаад байна.
Хөрөнгө босгосон компаниуд нийт хувьцааныхаа 25-аас дээш хувийг олон нийтэд худалдсан нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэлэг үзэгдэл болсон юм. Найман компани зах зээлээс нийт 33.35 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр хувьцаагаа хөрөнгө оруулагчдад санал болгосон. Хөрөнгө оруулагчид тэдний хувьцааг 94.21 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар захиалсан дүн гарчээ.
Өөрөөр хэлбэл, татан төвлөрүүлэхээр зорьсноос нь 2.8 дахин эрэлт үүссэн гэсэн үг. “ЛэндМН ББСБ” компани нийт таван тэрбум төгрөг “босгох”-оор зэхээд үүнийхээ талыг олон нийтэд санал болгосон. Ингэхэд 44 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал ирсэн юм. Мөн “Монгол базальт” компанийн хувьцааны захиалга 19 тэрбум төгрөг давж, гурав дахин их эрэлт үүссэн.