Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд газар дээр нь очиж танилцахаар болсон юм. Зөвлөлийн гишүүд эхлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн байранд очсон юм. 2015 онд байгуулагдсан тус хэлтэс энэ оноос шинэ байрандаа орсон байна.
СХД-ийн Цагдаагийн III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар “Манай хэлтэс байгуулагдсан цагаасаа ОСНААГ-ын хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хөрөнгийг нь шийдээд өнөөдрийн энэ байрыг ашиглалтад оруулаад байна. 85 офицер, 52 ахлагч, таван энгийн албан хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 23, 30, 31 дүгээр хорооны 70 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Энэ онд 3600 гаруй өргөдөл, гомдол хүлээн авснаас 1618 нь гэмт хэргийн шинжтэй, 1941 нь зөрчлийн шинжтэй байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 98.1 хувьтай. Гэмт хэргийн илрүүлэлт 30.2 хувь. Энэ нь нийслэлийн хэмжээнд дээрээсээ 3-р байранд орж байгаа. Иргэдийн өмчийн болон халаасны хулгайн гэмт хэрэг давамгайлан гардаг. Нийслэлийн Цагдаагийн газар, Мөрдөн шалгах газартай хамтраад тодорхой ажлуудыг хэрэгжүүлснээр халаасны хулгай энэ сард буурсан үзүүлэлттэй гарсан. Хариуцсан нутаг дэвсгэрт нийт 82 камер ажиллаж байна” хэмээн Зөвлөлийн гишүүдэд хэлтсийнхээ талаар товч танилцууллаа.
Үүний дараа СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн байранд ирж, хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын ажилтай танилцав. СХД-ийн цагдаагийн I хэлтэс нь 130 албан хаагчтай, нийт 13 хорооны 22 мянга орчим өрхийн 110 мянган иргэний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа юм.
Камержуулалтын талаар тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Батсайхан танилцуулахдаа “Эмзэг цэг буюу зайлшгүй байрлуулах шаардлагатай 86 цэг дээр камер байршуулсан. Мөн НЗДТГ-аас зохион байгуулсан “Камержуулалт 2” аяны хүрээнд иргэн, ААН-үүд өөрсдийн нөөц бололцоогоороо 450 камер тавьж, үйл ажиллагаанд оруулсан. Гэмт хэргийг шуурхай, богино хугацаанд илрүүлэхэд камер хамгийн чухал зүйл” гэж байлаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийслэлийн хэмжээнд 152 хороонд 152 хэсгийн байцаагч байгаа. Засгийн газраас тогтоож өгснөөр 5000 хүн ам тутамд нэг хэсгийн байцаагч байх ёстой. СХД-ийн нэг хороо нь 25 мянган хүн амтай. Энд нэг л хэсгийн байцаагч ажиллаж байна. Энэ хэсгийн байцаагч нар өдөртөө зөвхөн зөрчлийн хэрэг бүртгээд, цөөн тооны өргөдөл, гомдол аваад өнгөрдөг. Айл өрхүүдээр явж, урьдчилан сэргийлэх цагдаагийн үйлчилгээ үндсэндээ байхгүй болоод байна. ЦЕГ-ын зүгээс нэг хүн амд ногдох хэсгийн байцаагчийн тоог нэмэгдүүлэх талаар удаа дараа санал оруулаад байна. Цаашид шийдэгдэх байх гэж бодож байна” хэмээж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын зүгээс нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний өмнө цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг байраар хангах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн 2017 оны сүүл 2018 оны эхэнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсүүдийг байртай болгосон. Энэ жил Багануур дүүрэгт цагдаагийн хэлтсийн байр барьж байгаа. Мөн цагдаагийн албан хаагчдийг авто машинаар хангах асуудал бий. Энэ зардлыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зардлаас хангадаг.
Бас нэг гол юм бол камержуулалтын асуудал. Өнөөдөр камержуулалтын түвшин ямар хэмжээнд явж байгаа үзэж байна. Дэлхийн хотууд 100 хувь хотоо камераар хянаж байна. Манай хотын хувьд хотынхоо хамгийн эмзэг гэсэн цэгүүдээ камераар хянаж байна. Энэ нь нийт хотын 30 хувь орчим юм. Цаашдаа камерын хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Засаг даргын зөвлөлийн хурлаар ярилцаад газар дээр нь үзээд явж байна. Нийслэлийн зүгээс цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүж ажиллана. Улаанбаатар хот өнөөдөр 1.5 сая хүн амтай том хот. Дан цагдаагийн албан хаагчдын хүчээр аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Тийм учраас камер зориулалтын техникээр ханган ажиллах ёстой гэдэг үүднээс ажиллаж байна” гэв.