Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийн нэг болсныг иргэд таатай хүлээн авч байгаа билээ.
Харин өнөөдөр “UBIKE” төсөл өргөжиж үйлчилгээ үзүүлэх дугуйн тоогоо нэмлээ. Уг төслийг yийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Никель Ганбаа” ХХК нь 100ш дугуйг үйлчилгээндээ нэмж нэвтрүүлж байгаагаа хэрэглэгчиддээ зарлав. Энэ үеэр өнгөрсөн хоёр сарын хугацаанд дугуй түрээсийн үйлчилгээг соёлтой, боловсон хэрэглэсэн, байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулал олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.
“UBIKE” төслийн нэгдүгээр үе шат буюу 2020 он гэхэд Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн 150ш дугуйн зогсоолтой 2000 ш дугуй иргэдэд үйлчлэхээс гадна нэгдүгээр үе шатандаа багтаан буюу 2019 оноос эхлэн цахилгаан тэжээлт “Ю скүүтэр”-ийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлнэ гэж нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Дашрамд дуулгахад дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани “Юбайк” дугуйн “шинэчилсэн” зогсоолын байгууламжийг барьж гүйцэтгэхээр хотын удирдлагатай тохиролцоод байгаа юм байна