Засгийн газар төрийн өмчит хэд хэдэн компанийг хэсэгчлэн болон бүхэлд нь хувьчлах зөвшөөрөл УИХ-аас авахаар тогтоолын төсөл бэлтгээд байна. Хувьчлах аж ахуйн нэгжүүдийн дунд Монголын хөрөнгийн бирж хэмээх жижиг компани бий. Жижиг гэсэн нь хөрөнгийн үнэлгээтэй нь холбоотой. Тус компани хөрөнгөө саяхан 1.2 тэрбумаар нэмэгдүүлснээр 23 тэрбум төгрөгийн үнэлгээтэй аж ахуйн нэгж болов. Санхүүгийн тайландаа тусгаагүй байсан жижиг сажиг хөрөнгөө үнэлсэн нь 1.2 тэрбум төгрөгт хүрсэн гэж хөрөнгийн биржийнхэн ярьж байна. Дээрээс нь бизнесийн үнэлгээг нэмж тооцох учиртай.
Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд ашиггүй, зах зээл сэргэхээр багахан ашигтай ажилладаг энэ компанийн бизнесийн үнэлгээ тийм ч өндөр гарахгүй. Хөрөнгийн биржийн үнэлгээ 30 тэрбум төгрөгөөс хол давахгүй гэсэн таамаглал дэвшүүлж болно. Тэгвэл хувьчлах жагсаалтад багтаад буй, жилдээ 10-20 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг Төрийн банк 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй.
Үүнтэй харьцуулахад эднийх яалт ч үгүй жижиг компани. Гэхдээ үнэт цаасны данс эзэмшигч 750 мянган иргэн хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа арилжих, худалдаж авах тул, хөгжүүлэх гэж ядаж буй хөрөнгийн зах зээлийн амин чухал дэд бүтэц нь учраас нийгэмд үзүүлэх нөлөөллөөрөө том аж ахуйн нэгж. Тиймээс л олны анхаарлыг татаад байгаа хэрэг.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн тогтоолын төсөлд “Монголын хөрөнгийн бирж” компанийн хувьцааны тодорхой хэсгийг Лондоны хөрөнгийн биржид төлөх өрд тооцон, хувьцаагаар солих санал тавьж, үлдсэнийг нь “Монголын хөрөнгийн бирж” болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжина гэсэн агуулгатай заалт тусгасан. Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржээс “Миллениум АйТи” арилжааны систем худалдаж авсан удаатай. Сангийн яамнаас Лондоны хөрөнгийн биржид 10.6 сая ам.доллар шилжүүлснээр хоёр талын өглөг, авлага аль эрт дууссан. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж Лондонд өргүй гэсэн үг. Хувьчлах жагсаалтыг УИХ-аар хэлэлцүүлэх явцад хөрөнгийн биржийг Лондонд өртэй мэтээр тайлбарласан алдаагаа Засгийн газар засах болов уу.
Харин Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржийн арилжааны системийн лицензийн төлбөр, үйл ажиллагааны дэмжлэгт зориулж жил бүр 262 мянган ам.доллар төлдөг. Монголын хөрөнгийн биржийн хувьцааг Лондоныхонд эзэмшүүлээд, лиценз, үйл ажиллагааны дэмжлэгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хэлэлцээр хийж болох юм. Ямаршуухан санаа зорилго агуулснаа Засгийн газар ялгаж, салгаж тайлбарлана гэж найдаж байна.
Монголын хөрөнгийн биржийг хувьчлах нь хөрөнгийн зах зээлд хөгжил авчирна гэсэн ойлголтыг олон эх сурвалж төрүүлж буй. Сангийн яам хувьцааг нь 100 хувь эзэмшдэг энэ компани улс төрийн нөлөөн доор ажилладаг уу гэвэл үнэн. Засгийн эрхийг барьж буй нам өөрийн гишүүнээ гүйцэтгэх захирлаар нь томилж багагүй улстөржсөн байгууллага болгодог нь нууц биш. Одоо ч иймэрхүү янзтай л ажиллаж байгаа. Бирж илүү тэмүүлэлтэй, хууль журмаа мөрдөж, шинийг санаачилж ажиллавал хөрөнгийн зах зээлийн хөгжил хурдасна гэж итгэдэг олон хүн хувьчлах шийдвэрийг ихэд дэмжиж байна. Хөрөнгийн биржийг хувьчилбал үнэхээр хөгжил авчрах болов уу.
Хэдийгээр эрх барьж буй МАН-ын гишүүн гэсэн “шошготой” ч хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Х.Алтай “Хувьчлах нь зөв” гэсэн байр суурийг маш тодорхой илэрхийлсээр байна. Тэрбээр “Хөрөнгийн биржийг биржээр нь дамжуулж хувьцаа гаргах замаар өмч хувьчлалыг нь зохион байгуулбал шударга бөгөөд ил тод, нээлттэй байх болно. Зах зээлд оролцогчид биржийг захиргааны байгууллага гэж хараад байдаг.
Энэ байгууллага төрд байхаас илүү хувьд шилжих нь зарчмын хувьд зохистой. Дэлхий нийтийн жишээ, туршлага, туулсан зам ийм” гэж ярьсан удаатай. Тэгвэл УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Цогтбаатар “Улс орнуудад бирж янз бүрийн хэлбэртэй байдаг. Монголд хувийн хэвшлийн хэлбэртэй байж болно гэж бодож байгаа. Хамгийн гол шалгуур бол засаглал нь сайн байх ёстой.
Хөрөнгийн биржийг хувьчлахдаа менежментийг маш сайн багт өгөх нь зүйтэй. Манайхан хувьчлал хийхдээ ямар ч нөхцөл тавьдаггүй. Монголчуудын маш их хэмжээний өмч хөрөнгийг арилжих учраас гурван жилд ийм үзүүлэлтэд хүрнэ, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ингэж хамгаална гэх мэт нөхцөл тавих хэрэгтэй. Төрд байснаас хувийн хэвшилд шилжүүлсэн нь дээр” гэж Х.Алтайтай төстэй байр суурь илэрхийлсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Л.Энхтайван “Миний хувьд хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг 1991 оноос хойш мэднэ. Хөрөнгийн биржийг хэрхэн хөгжүүлэх бодлого, стратеги тодорхойгүй байна. Жижиг улсад гурван бирж ажиллаж байна. Үнэтэй программ худалдаж авчихаад тус тусдаа хэдхэн цаг ажиллуулах уу, юугаа дундаа ашиглаж болох, яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлоогүй байж биржүүдээ хувьчлах нь оновчтой биш. Эхлээд бодлого стратегиа тодорхой болгох хэрэгтэй” хэмээн хувийн байр сууриа илэрхийлэв.
Хувьчлах нь чухал гэдэгтэй санал зөрөлдөх хүн ховор. Хэнд хувьчлах вэ гэдэг нь дараагийн чухал асуулт юм. Хувьчлахдаа Д.Цогтбаатар сайдын “Маш сайн менежментийн багт өгөх нь зүйтэй” гэсэн саналыг бодолцох учиртай. Магадгүй Лондоныхонд хувьцаа санал болгох гэж буй нь хяналтын багцыг нь тэднийд атгуулах гэсэн бодлого байж мэдэх юм. Лондоны хөрөнгийн бирж дэлхийд алдартай.
Олон жилийн түүхтэй энэ биржийнхэн Монголын хөрөнгийн зах зээлийн гол дэд бүтцийг удирдвал хөрөнгийн зах зээлд хөгжил авчрах нь гарцаагүй гэж итгэж байна. Монголын хөрөнгийн биржийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах шинэ бүтээгдэхүүн гаргах, төлбөр тооцооны системээ дэлхийн жишигт нийцүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, бүртгэлтэй компаниудаараа дүрэм журмаа ягштал мөрдүүлэх гэх мэт хийх ажил олон бий.
Төрийн өмчит олон компанийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах гэж байна. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхэн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох сонирхолтой болсон нь илэрхий байгаа. Хөрөнгө оруулагчид ч хувьцаа худалдаж авах сонирхолтой болсон нь сүүлийн үед IPO хийсэн компаниудын захиалга хэд дахин давж биелж байгаагаас харагдах боллоо.
Ерөнхийдөө Монголын хөрөнгийн зах зээлд хөгжлийн маш их боломж бий гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Мөнгө босгох, хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийг уулзуулах сайн менежмент хийх биржтэй болчихвол хөрөнгийн зах зээлд хөгжил авчирна. Сайн менежмент нутагшуулахын тулд хувьчлахаас өөр аргагүй. Одоогийнх шиг арга барилаар ажилласаар байвал хөрөнгийн биржийн ч, хөрөнгийн зах зээлийн хөгжил ч мэлхийн хурдаар гэлдэрнэ.