Монголчууд бид сүүлийн 28 жилийн турш малынхаа тоо толгойг жил бүр тоолж, сар улирлаар бус өдөр хоногоор өсөн нэмэгдэж байгаад баярласаар дахин нэг зунтайгаа золголоо. Үндэсний статистикийн газрын гаргасан нэгдсэн дүнгээр Монгол улс 2017 онд 66,2 сая толгой малтай болжээ. Мал тооллогын дүнд Архангай аймаг адуу, үхэр, хонины тоо толгойгоор улсдаа тэргүүлэх байрыг эзэлжээ. Эндээс харахад, Монгол улсын мал аж ахуй өдөр хоногоор өсөн нэмэгдэж, улирал жилээр хөгжин дээшилж байна.
Гэвч мал сүрэг сая саяар нэмэгдэхийн хэрээр олон олон асуудал үүсгэж, шинэ шинэ бэрхшээлийг бий болгож байгааг анхаарах зайлшгүй шаардалгатай болжээ. Учир нь чанарт бус тоонд улайрч, мал сүргийн бүтцэд биш ашиг орлогод хэт их анхаарч ирсэнээсээ болж өнөөдөр бэлчээрийн даац хэтрэл, малын халдварт өвчин, үржил шим муудах зэрэг хэдэн арван асуудал ар араасаа үүсч байна. Үе үеийн засгийн газар энэ асуудалд анхаараагүй бус анхаарсан.
Монгол малчиндаа хандсан, монгол малдаа чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэвч энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа нь 2017 оны мал тооллогын нэгдсэн дүн, мал сүргийн бүтцийн үзүүлэлтээс харагдаж байна. Үүссэн асуудлыг шийдэх үүднээс олон янзын шийдэл санааг мал аж ахуйн салбарынхан санал болгож байна. Үүний нэг нь малд ногдуулах татвар.
Гэвч малын тоо толгойд анхаарахын зэрэгцээ мал сүргийн бүтцийг мөн чухалчлах ёстой. Үндэсний статистикийн газрын мэдээлсэнээр 66 сая малын 45 хувийг хонь эзэлж байгаа бол, 41 хувь нь ямаанд оногдож байна. Гэвч ямаа олдохоор бэлчээрийн доройтлын асуудал үүсдэг. Урьд нь байдал эсрэгээрээ байлаа. 1990 оны дүн үзүүлэлтээр хонь 58 хувийг, ямаа ердөө 20 хувийг эзэлж байсан. 1990 онд Монгол улс ердөө 5 сая ямаатай байсан байна.
Сэлэнгэ үүлдрийн үхэр
Хуучин цагийн мал аж ахуйн бодлого нь малаа өсгөхөд чиглэгдсэн ч гэлээ бэлчээрийн талбай, бэлчээрийн гарц, бэлчээрийн даац зэрэг олон асуудалд давхар чиглэгдэж байлаа. Гэвч сүүлийн 28 жилд энэ бодлогыг орхигдуулсанаас болж өнөөдөр бэлчээр гол бэрхшээлийн нэг болоод байна. Өнгөрөгч өвөл, хаврын бэлчээрийн даац гэхэд 30-40 хувиар хэтэрсэн мэдээг аймгууд түрүүчийн саруудад ар араасаа нь ирүүлсэн. Зарим нь бүр 50-60 хувь хэтэрсэн тухай мэдээлж байв.
Уг нь бол монголчууд бид баримталж байсан бодлого, мөрдөж ирсэн төлөвлөгөөтэй байсан улс. Энэ утгаар бол урдах амжилтаа үгүйсгэх бус түшээд явах ёстой л доо. Хуучин цагт олж авсан туршлагадаа тулгуурлан, орчин үедээ тохирсон шийдэл шийдвэрийг шингээж аваад урагшлавал богино хугацаанд илүү үр дүнд хүрэх боломж байх шиг. Ад үзэгдээд байдаг социализмын үед малын чанарт түлхүү анхаардаг байсныг тод санаж байна. Өөрөө Сэлэнгийн аймгийн унаган, аав маань сум баг хариуцсан малын эмч байсан болохоор хуучин цагийн мал үржүүлгийн талаар хүний дээр орохгүй ч, нээх дордоод байхааргүй ойлголт надад бий.
Манай суманд лав сүүний чиглэлийн үнээний ферм байдаг байв, Талын улаан гэж. Хойд уулын энгэр газрыг улааруулан 200 үнээ бэлчдэг байлаа гэж. Сүү нь арвин гэж жигтэйхэн, өтгөн гэж ванлий. Дэлэн хөхөө дааж ядан бэлчээрээсээ буудна шүү дээ. Сүүний чиглэлийн өөр нэгэн алдартай үүлдэр байдаг нь Хар тарлан үхэр. Хуучны Бор нуурын Сангийн аж ахуйд түүнийг үржүүлдэг байсан юм. Бас л айхтар их сүүтэй амьтан шүү дээ. Аймагтаа байтугай улсад алдартай.
Махны чиглэлийнхээс цуутай нь Сэлэнгэ үхэр. Анх харсан хүнд бол сүрдмээр амьтан. Цээж нь хүнхгэр том, хөл нь булчинлаг өргөн. Махны нь амт бол зүгээр л бал, бурам адил тансаг. Нэг идэшнээс нэжгээд айлыг өвөлжүүлчих хэмжээний мах гардаг гээд бод доо. Сэлэнгэ үхрийг гаргаж авсан эдрэмтэн Р.Жавзмаагийн хөдөлмөрийг нь төр үнэлж Төрийн соёрхолт хүртээсэн түүхтэй. Товчхондоо бол ганцхан Сэлэнгэ аймагт л гэхэд чанарт анхаарч сүү, махны чиглэлийн мал үржүүлсэн үндсэн уламжлал байгаа юм, сэргээгээд авах жаахан ч гэсэн суурь нь бий юм. Энэ жишгээр, өөр аймгуудад ч боломж бололцоо байж таараа.
Үүнийгээ л ашиглаваас олон малнаас үүдсэн олон бэрхшээлээс ангижирч илүү зөв замаар урагшлах бус уу.