Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран гурав дахь жилдээ "ТОП-100" аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгууллаа. Ингэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн таван үзүүлэлтээр дүгнэжээ. Энэ удаагийнхийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ. Мөн энэ жилийн "ТОП-100" аж ахуйн нэгжийг эхний 20, 21-40, 41-60, 61-80, 81-100 гэсэн таван багц болгон ангилж, багц бүрийн хувьд тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаснаараа онцлогтой аж. Ингэснээр компаниудын бизнесийн амжилт, манлайллыг харуулаад зогсохгүй улс орны эдийн засаг болон салбаруудын өсөлт бууралт, түүнд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл, цаашлаад бизнесийн орчинд тулгарч буй асуудал зэрэг олон чухал дүгнэлт гаргах, төр засгийн бодлого шийдвэрт тусгах бааз суурь болж байгаа юм.
Үйл ажиллагааг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэхдээ "Юуны өмнө Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, 76 мянган хөдөлмөр эрхлэгчийг толгойлж буй 100 компанийн удирдлагууд, өглөгийн эзэддээ талархлаа илэрхийлье. Бид 4-5 жил үргэлжилсэн эдийн засгийн хүнд үеийг даван туулсан. Иймдээ ч сүүлийн хоёр жилд эдийн засаг сэргэж байна. Үүний гол ноён нурууг бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид авч яваа юм. Топ 100 компанийн 2017 онд төлсөн татвар нь Монгол Улсад төвлөрсөн нийт татварын 50 хувийг эзэлж буй. Цаашлаад ажлын байрыг 16 хувиар нэмэгдүүлж, өнгөрсөн онтой харьцуулахад татварын орлого нь 60 хувиар нэмэгдсэн юм. Мөн өнөөдөр Монголын компаниуд хөрөнгө санхүүгийн асар их нөөцтэй болсныг 100 компанийн орлогын дүн нь улсын ДНБ-ий 93 хувийг хангаж байгаагаас харж болно. Иймд тус компаниудаар дамжуулан Монгол Улс дэлхийн тоглогч болж, хөрөнгө оруулах болон хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж буйг илтгэж байна" хэмээв.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хүртэл хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрсэнд ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Мөн бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллах ба Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорьж, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулна гэлээ.
Дашрамд дурдахад, 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.
"МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.ГАНБОЛД
-Манай компани энэ жил 45 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Жилийнхээ ойн дээр "Топ-100" аж ахуйн нэгжид шалгарсандаа маш их баяртай байна. "Монголросцветмет" ХХК Монголын уул уурхайн ууган компанийн нэг. Мөн Үндэсний уул уурхайн гүний олборлолт явуулдаг цорын ганц компани юм. Энэ бол бидний бахархал. Түүнчлэн төрийн өмчит компаниуд дундаас улсад төвлөрүүлсэн татварын төлөлтөөрөө дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн. Тухайлбал, 2017 онд бид түүхэндээ байгаагүй өндөр ашигтай ажиллаж, татварын өмнөх ашиг 24-25 тэрбум төгрөгт хүрсэн. Аж ахуйн нэгжийн тухайн жилд хийсэн, бүтээснийг нь дүгнэх хамгийн чухал шалгуур бол нэг хүнд ногдох ДНБ юм. Энэхүү үзүүлэлтээр бид "Эрдэнэт" үйлдвэрийн дараа эрэмбэлэгдэж байгаа. Нэг хүнд ногдох бүтээгдэхүүний хэмжээ өндөр байх тусам цалин, улсад төвлөрүүлэх татвар тэр хэмжээгээр их байна гэсэн үг. 45 жилийн турш үйл ажиллагаа явуулж байхдаа 2017 оныхтой ижил ийм өндөр орлого олж байгаагүй. Өөрөөр хэлбэл, цэвэр ашиг буюу татварын дараах ашиг 18 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнийг ч төр засаг өндрөөр үнэлж, ТОП-100 аж ахуйн нэгжид багтаасан гэж бодож байна.
ХААН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖОН БЕЛЛ
-ХААН банк ТОП-100 аж ахуйн нэгжийн дөрөвдүгээр байрт, банкны салбар дотроосоо нэгдүгээр байранд шалгарч, өргөмжлөлөө гардан авч байгаадаа манай хамт олон маш их баяртай байна. Манай банкны 2018 онд улсад төлсөн татвар, борлуулалт, нийгмийн хариуцлага, ажлын байрны тоо, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал зэрэг голлох үзүүлэлтээр дүгнэж өргөмжлөл гардуулж байгаа нь бидэнд цаашид илүү ихийг хийж бүтээх урам зоригийг өгч байна. Иймд бид банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргах чиглэлд шат дараалсан олон ажлыг хийж байгаа. Мөн цаг хэмнэсэн цахим банкны үйлчилгээг харилцагчиддаа хэрэглэж, хэвшихэд нь туслах зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлуудыг маань үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон гэж бодож байна.
М-СИ-ЭС ГРУППИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН
-ТОП-100 шалгаруулалтд М-Си-Эс группийн 12 компани шалгарч өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж чадлаа. Групп маань 2017 онд 275.6 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой компаниудын дараа орох өндөр амжилт юм. Ингэснээр групп маань сүүлийн долоон жилд нийт 1.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ. М-Си-Эс группийн баримталдаг чухал бодлого бол үндэсний компаниудаа дэмжин ажиллах юм. Иймдээ ч 2017 онд дотоодын 2255 аж ахуйн нэгж, 580 хувь хүнээс нийтдээ 233 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авсан. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 70 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь шилдэг аж ахуйн нэгжийн тоонд багтах чухал үзүүлэлт болсон гэж бодож байна.
ГОЛОМТ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ГАНБОЛД
-Голомт банкны хувьд сүүлийн 10 гаруй жил ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарч байна. 2017 онд манай банкны хувьд харилцагч төвтэй бизнес загварыг нэвтрүүлж, банкны үйлчилгээний хурдыг нэмж, ажилчдын бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлж чадсан. Мөн SocialPay финтек үйлчилгээ, Chatbot харилцагч төвтэй үйлчилгээ, Автодилерийн үйлчилгээ, Зэс карт, сонгодог карт, Ган карт зэрэг харилцагчдын талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, шинэчлэн сайжруулаад байна. Түүнчлэн банкны хувьд 5.2 их наядын активтай буюу активаа 20 орчим хувиар өсгөсөн. Өнгөрсөн жилийн хувьд бид инновацидаа түлхүү анхаарал хандуулсан. Монголын банкны салбарт анх удаа "Хур" хэмээх цахим системд нэвтрээд 20-иод хоногийг үдэж байна. Тодруулбал, харилцагчид зээл авахын тулд 11 бичиг баримтыг бүрдүүлж, үйлчилгээ авдаг байсан бол тус системээр 7-8 материалыг онлайнаар авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Иргэдийн цаг завыг 2-3 дахин багасгаж чадсан. Ирэх онд ч мөн адил технологийн дэвшил, бодлогын чанартай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Е.ЧИНЗОРИГ
-Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад багтсандаа туйлын таатай байна.
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон бөгөөд Мобиком Корпорацийн нийт хамт олон энэхүү нэр хүндтэй шагналыг 2001 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ бахархалтай байдаг.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Мобиком Корпораци нь нийт хоёр их наяд гаруй төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсын үүрэн харилцаа холбооны салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд зарцуулж, улс орон даяар шинэ ажлын байрууд тасралтгүй бий болгосоор ирсэн билээ. Түүнчлэн энэ хугацаанд 6,7 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж, 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Бид цаашид уг хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, айл өрх, аж ахуй нэгжүүдэд хамгийн найдвартай харилцаа холбооны үйлчилгээг үзүүлсээр байх болно. Өнгөрсөн жил бид орон даяар 4G LTE сүлжээнийхээ хамрах хүрээг тэлж, LTE Advanced буюу хөдөлгөөнт интернэтийн дараа хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэглэгчдэдээ хүргэсэн.