Дэлхийн хамгийн сэтгэл татам металл гэгддэг, валютын нөөцөд тооцогддог, айдсаас аврах “ид шид”-тэй, манай улсын экспортын орлогод дэмтэй алтны үнэ цаашид хэрхэх бол? Хөрөнгө оруулагчид айдаст автсан үедээ энэхүү шар металлыг сонгодог билээ. Улс орнуудад геополитикийн болон санхүүгийн хямрал нүүрлэхэд шар металлд хөрөнгө оруулсан, эсвэл бодитоор нь эзэмшиж буй хүн илүү хожсон байдаг. Иймээс ч найдвартай хэрэгсэлд тооцогддог.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын ДНБ үргэлжлэн тэлж буй бөгөөд Төвбанк нь бодлогын хүүгээ энэ онд гурван удаа өсгөнө гэж шинжээчид таамаглаж байсан. Тэгвэл дээрх тоо дөрөв байхыг ч үгүйсгэхгүй нь. Тухайлбал, энэ сард дээрх хүүг нэмж магадгүй хэмээн зах зээлд оролцогчид таамаглаж буй юм. Хэрэв ийн шийдвэрлэвэл ам.долларын ханш чангарах бөгөөд үүнтэй урвуу хамааралтай алтны үнэ хямдрах нь.
Fortune.com цахим хуудсанд мэдээлснээр АНУ-ын Төвбанкны ерөнхийлөгч Жером Пауэл “Бодлогын хүүг аажмаар, үргэлжлүүлэн өсгөнө. Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт бий болоод байсан сөрөг үзэгдлүүд арилсан.
Эдийн засгийн өсөлтийн төлөвийг эергээр харж байгаа” гэж ярьжээ. Гэхдээ алтны ханш “аврагдах”, эсэхэд тус улсын өөр нэгэн шийдвэр бас нөлөөлөхөөр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гангийн зах зээлээ хамгаалах нэрийдлээр импортын ганд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг Европын холбоо, Хятад улс эсэргүүцэж буй агаад шаардлагатай бол хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Дээрх шийдвэрээс шалтгаалж худалдааны дайн эхэлбэл найдвартай тодотголтой алтны ханш өсөхөд нөлөөлөх тухай шинжээчид тэмдэглэжээ.
“Saxo” банкны шинжээч Оле Хансен “Хэрэв худалдааны дайн эхэлбэл АНУ-ын инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлөх бөгөөд бодлогын хүүг нэмэх шийдвэрээ Холбооны нөөцийн сан хойшлуулж магадгүй. Үүнээс алтны ханш хамаарна” гэсэн байна. Түүнчлэн АНУ болон Хойд Солонгосын харилцаа, терроризм зэрэг нь хөрвөх чадвартай гэгддэг алтны эрэлтэд эергээр нөлөөлж магадгүйг Дэлхийн алтны зөвлөл мэдээлэв. Бас улс орнуудын алтны нийлүүлэлт 2018 онд бага зэрэг буурч магадгүй талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Алтны хэрэглээний дийлэнх нь үнэт эдлэлд ногддог.
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог уг металлыг технологид мөн ашигладаг билээ. Шар металлын нөөц нь нэмэгдвэл тэр хэрээр гадаад валютад нь нөлөөлдөг тул Төвбанкууд худалдан авдаг. Хэдийгээр технологийн салбар дахь эрэлт өсөж магадгүй ч бусад хэрэглээ нь багасахыг үгүйсгэхгүйг дээрх судалгааны байгууллагынхан дурджээ. Тухайлбал, Энэтхэгийн алтны эрэлт 2017 оны эхний хагаст огцом өссөний дараа үнэт эдлэлийн хэрэглээ нь багасах төлөвтэй аж. Бусад улс орных ч адил гэнэ. Алтны хамгийн том хэрэглэгч нь БНХАУ бөгөөд үүний дараа Энэтхэг эрэмбэлэгддэг юм.
“Vertical research partners” фирмийн шинжээч Майк Дудас “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Унци алтны ханш энэ онд 1400 ам.долларт хүрэх боломжтой” гэж онцолжээ. Тэгвэл цөөнгүй шинжээчийн таамаглаж буйгаар 2018 онд алтны үнэ бага зэрэг өсөж, дунджаар 1330 орчим ам.доллартой дүйх аж. Өчигдрийн байдлаар унци алт 1320 “ногоон”-той тэнцэж байв.
Гурван сар дараалан өсөөд байсан алтны ханш өнгөрсөн хоёрдугаар сард хоёр хувиар хямдраад буй. Харин өнгөрсөн оны эхний хагаст шар металлын ханш найм орчим хувиар өсөж байв. Энэ оныг сул эхлүүлсэн алтны ханш цаашид “адармаатай” байх нь гэж хэлж болохоор буй юм. Үнэт металлын ханш нэмэгдэх, бас хямдрахад нөлөөлөх хүчин зүйлс цөөнгүй байгаа учраас тэр. Ханшид дээр дурдсанчлан АНУ-ын шийдвэрүүд ихээхэн нөлөөлөх нь тодорхой.