Өнгөрсөн сарын НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болсон хүмүүсийн хонжворын мөнгө дансанд нь ороогүй байна гэсэн мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа. Нэгдүгээр сарын урамшууллын сугалаанд азтан болсон 13 мянга орчим хүний 197-гийнх нь нэр, дансны мэдээлэл зөрснөөс хонжвор нь ороогүй гэнэ. Ийм тохиолдолд цахим хуудас дахь хувийн мэдээллээ нягталж, залруулах шаардлагатай аж.
Ингэхдээ овог, нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний хоёр үсгийг томоор, кириллээр бичих, регистрийн дугаараа бичихдээ зай авахгүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаартай байх хэрэгтэй. Харин бүртгүүлсэн дансны нэр, дугаар зөрөхгүй, хамтран эзэмшигчтэй биш, идэвхтэй данс байх, картын дугаар оруулахгүй, дансны дугаараа оруулахдаа зай авахгүй байх шаардлагатай гэнэ.
Мөн зарим иргэн азтан болсон ч хүсэлт илгээгээгүйгээс хонжвороо авч чаддаггүй аж. Тиймээс азтан болсноос хойш 90 хоногийн дотор хүсэлт илгээх гэсэн хэсгийг дарж баталгаажуулах шаардлагатай юм байна. Баталгаажсанаас хойш 21 хоногийн дотор дансанд нь мөнгө шилжих гэнэ.
Дашрамд дуулгахад, энэ сарын 7-ноос эхлэн ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгджээ. Өнгөрсөн онд мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11 836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан байна.