Өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн эдийн засгаа аврахын тулд эрх баригчид янз бүрийн арга хэрэглэж байна. Өрийн дарамтаас бид хэдийд гарах нь тодорхойгүй. Эрх баригч намынхан өмнөх засгийн үед Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төсөвт нэгтгээд буй. Мэдээж Төвбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн санхүүжилт Засгийн газрын дотоодын өрийг нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Тухайлбал, “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 322 ширхэг хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Төвбанк 374 тэрбум төгрөг хэвлэсэн. Энэ бол Засгийн газрын дотоод өрийг нэмэгдүүлэхэд нэлээд жин дарах хэмжээний мөнгө.
Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан өрийн бичгүүдийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн жилд тохиож, юутай ч эрх баригчид гал намжаах арга хэмжээ авчихсан. Харин дотоодын зах зээлд гаргасан 1.7 их наяд төгрөгийн өрийн бичгийн төлбөрийг энэ онд төлөх учиртай талаар манай сонин энэ сарын 1-нд “Сорилтын цаадах сорилт” нийтлэлээрээ хүргэсэн билээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.1 хувьтай тэнцэх хэмжээний өр гадаад, дотоодын зах зээлд тавьсны 4.2 их наядыг нь Монголын арилжааны банкуудаас авсан гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. 2012-2016 оны хооронд Засгийн газраас богино хугацаатай бонд их гаргаж, үүнийг нь банкууд худалдан авч байсан билээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дотоодын зах зээлд гаргасан өндөр хүүтэй бондыг гадаадын хямд санхүүжилтээр солино” гэж мэдэгдсэнийг эдийн засагчид дэмжиж буй. Үүний эхлэлийг ч хийж, хугацаанаас нь өмнө 370 тэрбумын бондыг худалдаад авчихсан.
Ингэхэд дотоодын зах зээлд гаргасан 4.2 их наяд төгрөгийн бондоос хэн ашиг олж байна вэ. Мэдээж манайд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд. Банкууд ер нь жижиг гүйлгээнээс ч ашиг унагаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шулж байгаа гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Банкууд санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар мөнгө хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйлчилгээ үзүүлэхээр заасан. Банкууд энэ үйл ажиллагаагаа явуулахдаа гүйлгээ бүрээс нь ямар нэг шимтгэл авч байгаа. Уг нь олон улсын жишигт бол банк хоорондын гүйлгээ хийхэд ямар нэг хураамж шимтгэлгүй байдаг гэдэг. Харин манай арилжааны банкныхан суусан газраасаа шороо атгана гэдэг шиг л иргэдээс өндөр хураамж шимтгэл аван шулж, завшихдаа “гаргууд”. Хэдэн жилийн өмнө арилжааны банкууд зээлийн шимтгэл болон хураамж авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж ШӨХТГ-аас мэдэгдэн шүүхэд хандан ялж байсан. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Ямар нэгэн шимтгэл хураамж авсан хэвээрээ л байгаа. Үүнтэй иргэд эвлэрээд зээл л авч чадаж байвал өндөр хураамж шимтгэл төлөх маань хамаагүй хэмээн зээлийнхээ бараг нэг хувийг банкинд шимтгэл, суутгалд буцаан хураалгасаар байна. За яах вэ, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тодорхой хэмжээний зардал гаргах ёстой гэж бодоод үүнийг орхиё.
Банк хуульд заасан төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Зээлийг мөнгөн хадгаламжийн эх үүсвэрээс юм уу, банк өөрийн хөрөнгөөс олгох ёстой. Өнөөдөр манай арилжааны банкууд зээлийн үйл ажиллагааны эх үүсвэрийг их байлгах сонирхол, хэрэгцээ алга. Яагаад гэхээр амар хялбар аргаар ашиг олох, бэлэн болсон хоол аманд нь хийж өгөх ажлыг өрийн бичиг нэрээр Засгийн газар байнга хийж буй учраас тэр. Өнөөдөр 100 хүнд нэг сая төгрөгийн зээл олгох гэж бичиг цаас, судалгаа энэ тэр гэж бөөн зардал гаргаж байснаас 100 сая төгрөгөөр бонд худалдан авах нь банкуудад ашигтай. Бичиг цаас, судалгаа энэ тэр гээд элдэв ямар ч зардал гаргахгүй. Ялангуяа Засгийн газрын өрийн бичиг эргэж төлөх нь баталгаатай, өндөр хүүтэй, ашиг олох нь тодорхой учраас арилжааны банкны эзэд түүнд мөнгө зарцуулж ашиг олоод байгаа юм. Тэгэхээр зээл өгч, иргэж, аж ахуйн нэгжүүдийн жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэдэг төрийн бодлого бол банкуудад огт хэрэггүй ажил бололтой. Бүх банкны зээлийн эх үүсвэр нь их байвал зээл олгоход өрсөлдөөн бий болж, зах зээлийн зарчмаар хүү багасах боломжтой. Гэтэл банкууд зээлийн эх үүсвэр болох мөнгөнийхөө 90 хувиар Засгийн газрын бонд худалдаж аваад, үлдсэн 10 хувийг зээлэнд гаргаж байгаа нь юм билээ. Энэ 10 хувиасаа олж байгаа ашиг нь зээлийн хүүг бууруулах хэрэг байхгүйг харуулж буй юм.
Уншигч та инфографикаас сүүлийн 10 жилд банкуудын худалдан авсан Засгийн газрын бонд болон банкны нийт актив хэрхэн өссөнийг харж байна. 2008 онд арилжааны 16 банк ажиллаж, нийт актив нь 3.6 их наяд, банкны нөөц хөрөнгө 304 тэрбум, зээлд 2.6 их наяд төгрөг зарцуулж байсан бол 1.3 тэрбумыг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулж байж. Харин 2017 оны есдүгээр сарын байдлаар нийт актив нь 28, банкны нөөц хөрөнгө 2.8, зээлд 13, Засгийн газрын үнэт цаас худалдан авахад 3.4 их наяд төгрөг зарцуулсан байх юм. Эндээс дээрх хугацаанд банкны нөөц хөрөнгө 9.3 дахин, худалдан авсан Төвбанкны үнэт цаас 16.6 дахин, гадаад актив 6.9 дахин, олгосон зээл 5.05 дахин өссөн харагдана. Гэтэл арилжааны банкуудын худалдан авсан Засгийн газрын үнэт цаас 2629.5 дахин өссөн байгаа юм. Олгосон зээл, худалдан авсан Засгийн газрын үнэт цаасны өсөлтийн харьцаанаас харахад 520 дахин нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд арилжааны банкууд зөвхөн илүү ашиг бодож бонд худалдан авчихаад, зээл авч буй үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барихгүй байгаа нь батлагдаж байна.
Уг нь Банкны тухай хуульд “Банк худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, хараат болон охин компанийн хувьцаа хамаарахгүй” гэж заажээ. Зарим оронд банк өөрийн активынхаа 15 хувиас хэтрүүлэлгүй Засгийн газрын бонд худалдан авч болохоор хуульчилсан байдаг юм билээ. Харин манайд огт хамаарахгүй байхаар хуульчилсан нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэгчид ашигтай заалт болжээ. Хэрэв арилжааны банкны эзэд өдөр тутам ёс юм шиг хэлдэг, моодонд ороод байгаа “Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд” гэх үгээрээ болдог бол иргэдээ бодож, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх бодлого баримталж зээлэнд зарцуулах хувиа нэмэгдүүлэх нь шударга бизнес баймаар. Гадаад оронд Засгийн газрын бондыг банкууд худалдан авахыг хязгаарлах эдийн засгийн аргууд байдгийн нэг нь дээр дурдсан хувь тогтоох арга хэмжээ. Арилжааны банкууд нийт активынхаа 90 хувиар Засгийн газрын бонд худалдан аваад 10 хувиар нь орон сууцны, тэтгэврийн, бизнесийн, цалингийн, хэрэглээний гэх зэрэг зээл олгож буй нь хүү буурахгүй, иргэдийн халаасыг сэгсрэх гол шалтгаан болоод байна. Бизнесийн зээл л гэхэд аж ахуйн нэгжүүд 10-аас ч бага, таван хувиас дотогш хүүтэйг авч байж, ашиг олох боломжтой байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад жилд 20-иос дээш хувийн хүүтэй зээл банкнаас аваад жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх гэдэг ёстой л үлгэрийн далай болж буй. Эндээс л банкууд жижиг, дунд бизнесийг дэмжсэн бодлого барьж байна гэдэг нь худлаа. Засгийн газраас дотоодын зах зээлд бонд гаргаж байгаа нь зээлийг дэмжих бодлогыг үгүйсгэж, арилжааны банкуудыг зээлийн хүүг багасгах эрмэлзэлгүй болгосон. Тиймээс төр, засгаас арилжааны банк өөрийн актив хөрөнгөөс Засгийн газрын болон Төвбанкны үнэт цаас худалдаж авч болох дээд хязгаарыг хуулиар тогтоох шаардлагатай байна. Дээрх арга хэмжээг авснаар арилжааны банкнаас зээлийн эх үүсвэрт зарцуулах хөрөнгө 2000 дахин нэмэгдэх боломж бий гэдгийг судлаачид тогтоож, ингэснээр зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж буй. Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад буй дотоодын зах зээлд гаргасан бондыг арилжааны банкуудад худалдахгүй тухай бодлого нь зөв ч юм болов уу.