Өнгөрсөн оны есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулсан Монгол, Хятадын экспогийн үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн байгууллагын шаардлагын улмаас Монголын мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд учирсан хохирлыг барагдуулахад Хятадын тал 78 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэх болжээ. Өнгөрсөн баасан гаригт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр энэ тухай дуулгасан байна. Хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан, бизнесийн харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү экспо чухал ач холбогдолтойг талууд тэмдэглээд, цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж байгааг онцолжээ. БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын зүгээс уг арга хэмжээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэн олон улсад брэнд болгохын тулд тэнд танилцуулж, худалдах бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэхийн зэрэгцээ Замын-Үүд, Эрээний чөлөөт бүсийг түшиглэн хорио цээрийн бүс, махны үйлдвэр байгуулах санал тавьжээ.