Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө ээлжит үнэлгээг хийхээр Улаанбаатарт ирээд буй ОУВС-гийн ажлын хэсгийнхэн өчигдрөөс ажлаа эхлэв. Тэд сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Сангийн яамны төлөөлөлтэй өчигдөр уулзсан байна. Сангийн сайд энэ талаар олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлэхдээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл нэг шат ахисан зэрэг эерэг үр дүн гарсан” гээд “ОУВС-гийнхантай харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас бий” хэмээсэн байв.
Засгийн газрын тэргүүн болон танхимын сайд нар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө эргэж харна гэж удаа дараа мэдэгдээд буй. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр татварын нэмэгдэл болон шатахууны үнийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Татвар нэмсэн асуудал иргэдийг бухимдуулж байна. Бид энэ асуудлаар ярилцаж байгаа. ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирнэ. Тэр үед татварыг нэмэхгүй байх арга бий, эсэхийг ярилцаж, ямар нөхцөл, боломж байгааг судалж үзнэ” гэсэн.
Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг “ОУВС-гийн үнэлгээний баг манайд ажиллах үеэр нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газар хэлэлцээрт оруулахаар ажиллаж байна. Үүний эхэнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгаа талаар ярина” гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож, цалинг индексжүүлэн нэмэх талаар ОУВС-тай ярилцана” гэж ам алдчихаад байгаа.
Тэгэхээр Ч.Хүрэлбаатарын хэлсэн, ОУВС-гийнхантай харилцан ярилцаж, ойлголцох асуудлууд гэдэгт сайд нарын дээрх амлалтууд багтаж байгаа биз ээ. Сангийн яамны хэвлэлийн албанаас өчигдрийн уулзалтын талаар тодруулахад “Одоогоор тодорхой үр дүн гараагүй байна” гэсэн хариу өгсөн юм. ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад 14 хоног ажиллах бөгөөд гол зорилго нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурван шатны хэрэгжилтийг дүгнэх юм.