ЦУОШГ-аас 2017 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурах гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр 7-12м/с. 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7,9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12м/с хүрч явган шуурга шуурна. 6-9-нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна..
Зүүн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар, 7,10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах ч цаашдаа хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 6-нд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6-7нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 7,9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.