Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шадар сайд ариутгалын төхөөрөмж авах санхүүжилтийг шийдэлгүй, хоёр жил бултжээ

Дорноговь аймаг дахь Замын-Үүд бол хилийн боомтын онцгой бүс нутаг. Гэвч цар тахал гараад хоёр жил гаруй болсон ч тус бүсэд өнөөдрийг хүртэл чанарын шаардлага хангасан ариутгалын тоног төхөөрөмж алга. Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдөр дээрх бүс нутагт ашиглаж, тэнд ашиглаж буй ноорхой ногоон “төхөөрөмж”-ийг Өмнөговь аймаг дахь “Оюу-Толгой” төслийнхний ариутгалын төхөөрөмжтэй харьцуулж шүүмжилсэн билээ. Олон нийт ч тус төхөөрөмжийг хараад шоконд орсон. Замын-Үүдэд орж буй бүх хөрөнгө оруулалтыг Сангийн яаманд төвлөрүүлдэг учраас дээрх асуудлыг улсын төсвөөс шийдэж өгөх учиртайг орон нутгийн удирдлага хаа хаанаа ярьж байна. Уг төхөөрөмжийн асуудлаар Дорноговь аймагт ажиллаж буй төрийн төлөөллүүдтэй утсаар холбоо барьж, хариулт авлаа.

 О.Батжаргал: Ариутгалын төхөөрөмжийг нөгөөдөр Эрээнд авчирна

Замын-Үүд боомт дахь ариутгалын ноорхой ногоон “төхөөрөмж” олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт  Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж, дөрвөн улирлын ариутгалын төхөөрөмжийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгөхөө амласан. Түүнээс урьтаж Дорноговь аймгийнхан зун ашиглах ариутгалын төхөөрөмжийг урдаас оруулж ирэхээр болжээ. Тус аймгийн засаг дарга О.Батжаргалаас энэ талаар тодрууллаа.

-Замын-Үүд дэх ариутгалын төхөөрөмжийн асуудал нэлээд шүүмжлэл дагууллаа. Зун ашиглах ариутгалын төхөөрөмжийг удахгүй оруулж ирнэ гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү?

– Дээрх асуудлыг үүсэхээс өмнө орон нутгийн хэмжээнд хэрэндээ зохицуулалт хийсэн. Тодорхой хэлбэл, 40-50 сая төгрөгийн өртөгтэй зун ажилладаг ариутгалын төхөөрөмжийг БНХАУ-аас өнөө маргаашгүй оруулж ирэхээр болсон. Хилээр орж, гарч буй байгууллага, иргэдийн хөрөнгө санхүүжилтээр авна. Ариутгалын төхөөрөмжийг БНХАУ-ын урд талын хотоос ачуулаад нөгөөдөр гэхэд Эрээн боомтод авчрах мэдээлэл ирсэн. Өдгөө Өмнөговьд ашиглаж буй дулааны улирлын гадна талын ариутгалын төхөөрөмжийн ижил загварыг захиалсан.

– Ерөнхий сайдын амласан дөрвөн улирлын том төхөөрөмж нь хэзээ ашиглалтад орох вэ?

– Дөрвөн улирлын ариутгалын төхөөрөмжийн асуудлыг нөгөөдөр буюу гурав дахь өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдэх байх. МХЕГ-аас  зураг, төсөв, төслөө танилцуулах юм билээ. Өмнө нь МХЕГ-аас 176 сая төгрөгөөр өвөл  ашиглах нэг урсгалтай төхөөрөмж оруулж ирэхээр УОК-т саналаа хүргүүлж байсан.

-Цар тахал дэгдээд хоёр жил гаруй боллоо. Өнгөрсөн хугацаанд ариутгалын төхөөрөмжөө авч, суурилуулж болоогүй юм уу?

-Ариутгалын хураамжийн төлбөр мөнгө нь шууд улсын төсөвт ордог юм билээ. Том жижиг тэргээсээ шалтгаалаад төлбөр нь өөр, өөр байдаг.

-Нэгдүгээрт, ариутгалын асуудал шүүмжлэл дагуулж буй. Хоёрдугаарт, Хятадын тал ногоон бүс байх шаардлага тавьсан. Аймгийн удирдлага энэ талд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Замын-Үүд болон Ханги Мандал боомт руу өвчлөл оруулахгүй байх шаардлага тавьж, хянаж байна. Өвчлөл гарсан тохиолдолд маш хурдан дарах ажлыг зохион байгуулж ирсэн. Улсын хилээр машин тэрэг солилцоход 50-70 жолоочийг нэвтрүүлж, тусгаарлаж байна. Замын-Үүд боомт руу гаднаас жолооч оруулахгүй байх зохицуулалт хийдэг. Өвлөөс хойш  энэ л горимоор ажиллаж буй. Замын-Үүдийг зургаан сар шахуу коронавирусийн ямар ч халдваргүй авч явсан. УОК-оос тавдугаар сарын 22-нд орон нутагт зорчиж буй вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй, гэрийн тусгаарлалтад оруулахгүй байх журам гаргасан. Тиймээс халдвар тээгч байж болзошгүй хүмүүс орж гарсаар халдварын эрсдэлийг нэмсэн. Одоо Улаанбаатар болон бусад аймгаас ирэх зорчигчдод хатуу хязгаарлалт хийж, бүрэн тунгаа хийлгэсэн ч заавал шинжилгээ авахаар болсон. Заавал 7 хоног тусгаарлалтад орж, 6 дахь хоногтоо PCR шинжилгээ өгөхийг шаардана. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэн ямар байдлаар зорчих ёстой юм, тэр журмаар нь хөдөлгөөнд оролцуулж буй. Замын-Үүд хилийн боомтын онцгой бүс учраас зөвхөн ачаа солилцох байдлаар л хөдөлгөөн хийж байна.

Б.Бат-Эрдэнэ: УОК болон Шадар сайдад ариутгалын төхөөрөмж авах хүсэлтээ удаа дараа өгсөн

Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ ариутгах төхөөрөмжийн талаар дараах тайлбарыг өгч байна.

-Коронавируст халдварт цар тахал дэгдээд хоёр жил гаруй болж байна. Дээрх хугацаанд стандартын шаардлага хангасан ариутгах төхөөрөмж байгуулах боломж байгаагүй юм уу?

-2018 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар МХЕГ-т бүрэн автомат ариутгагч төхөөрөмж байгуулж өгсөн. Боомтыг өргөтгөх, тэлэхтэй холбоотойгоор уг ариутгалын төхөөрөмжийг буулгаад хаячихсан юм.

-Уучлаарай дарга аа таны яриад буй ариутгагч чинь Авто замын зорчигч тээврийн төв байгууламжид байсан төхөөрөмж биш үү. Миний асуусан нь ачаа тээврийг ариутгах төхөөрөмж юм л даа?

-Тийм ээ ялгаатай. Хоёрдугаарт, боомтын өргөтгөлтэй  холбоотойгоор түр төхөөрөмж гэдэг зүйл барьж өгсөн нь асуудал дагуулж буй. Ачаа барааны эргэлтийг сайжруулах үүднээс экспортын бараа, төмрийн хүдэр, нүүрс гаргадаг газруудын хандив тусламжаар ад үзэгдээд байгаа ногоон ариутгагчийг түр бариад буй. “Ковид-19” цар тахал 2019 оны нэгдүгээр сард Монголд дэгдсэнээс хойш бид хоёр жилийн турш ачаа тээвэр ариутгах тоног төхөөрөмж суурилуулж өгөөч гэх саналыг удаа дараа дээд шатны бүх түвшинд нь тавьсан. Замын-Үүдэд сар болгон хотоос ажлын хэсэг ирж ажил сайжруулна хэмээн хуралдаж хуралдаж явдаг. Бид дарга нарт асуудлыг тавьж, ариутгалын төхөөрөмж барих хөрөнгө санхүү шийдэж өгөөч гэх хүсэлт тавьсаар ирсэн. Бүр төсөв мөнгийг нь хүртэл тооцож бодож өгсөн. Манай алба төсөв хөрөнгө байхгүй, төхөөрөмж барих боломжгүй. Манайхаас гаргасан санал хүсэлтийг огт авч хэлэлцээгүйгээс дээрх асуудал үүссэн.

-Ариутгалын төлбөрт том, жижиг тэрэгнээс хэд хэдийг авдаг вэ?

-Жижиг тэрэгнээс 3000, том тэрэгнээс 5000 төгрөг авдаг. Энэ мөнгө ерөөсөө л улсын төсөвт шууд төвлөрдөг. Бид ариутгалын хураамж авдаг боловч нэг төгрөг ч захиран зарцуулах эрхгүй. Шууд Сангийн яаманд тушаадаг.  Мэргэжлийн хяналтын байгууллага цар тахал гарснаас хойш халуун цэг дээр нь ажиллаж, гар бие оролцож байгаа боловч холбогдох байгууллага асуудлыг шийдэж өгөхдөө хойрго хандсан. Орон нутгийн удирдлагад хандсан боловч та нар МХЕГ болон Шадар сайдын ажлын албанд хандаарай гэдэг хариу өгсөн.

5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Шадар сайд ариутгалын төхөөрөмж авах санхүүжилтийг шийдэлгүй, хоёр жил бултжээ

  • Монгол says:

    Нохойн бааснууд. Бүгдийг нь хөөж зайлуул

  • Зочин says:

    Өдийг хүртэл шийдэж өгөөгүй засгийн газарт хариуцлага тооцууляа

  • Anonymous says:

    Самарсайхан пязда үхлийн шуналтай хар хүүр шүү