Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд томоохон сорилтуудтай тулгардаг. Төр засгийн хүчин чармайлт болон олон улсын гэрээнүүдийг үл харгалзан тэдний улс төрд оролцох боломж нэлээд хязгаарлагдмал хэвээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин дутмаг, дэмжлэг хомс, буруу ойлголт түгээмэл байдаг нь тэднийг улс төрийн үйл явцад оролцоход хүндрэл учруулдаг. Ийм хэдий ч Д.Билгүүн болон Э.Дархийхүү нар энэхүү саад тотгорыг даван туулах эрмэлзэл дүүрэн байна. Тэд хичээл зүтгэлээрээ Монголын ирээдүйд дуу хоолой нь чухал үүрэгтэй гэдгийг нотолдог.
ХҮСЭЛ ЗОРИГ ДУТААГҮЙ
“Залуучуудын улс төрийн боловсрол ерөнхийдөө тааруу. Миний бодлоор залуучуудын зөвхөн 20 хувь нь л улс төрийн мэдлэгтэй” гэж Д.Билгүүн өгүүлэв. Ложистикийн менежер мэргэжилтэй тэрбээр төрөлхийн саажилттай бөгөөд энэ жил “Конрад Аденауэр” сангийн Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөрт (KASCAP) оролцсон юм.
2020 оноос эхлэн “Олон нийт улс төрд нөлөөлөх нь” хөтөлбөрөөр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг улс төрд оролцохыг дэмжиж ирсэн. Гол зорилго нь тэдний нийгэм болон улс төрийн идэвхийг бэхжүүлэх, манлайллын ур чадварыг эзэмшүүлэхэд оршдог. Нэг долоо хоногийн турш тэд төрөл бүрийн салбарын шинжээч, удирдах хүмүүстэй уулздаг билээ. Ингэхдээ мэдлэг, туршлага солилцож, тогтвортой харилцааны сүлжээтэй болдог. Нийгмийн үйл хэрэгт оролцох сонирхолгүй байдлыг улс төрийн боловсрол дутмаг гэж дүгнэж болохгүйг Д.Билгүүн онцолсон.
2023 онд Хүний эрхийн комиссоос явуулсан судалгааны үр дүн нотолдог. 18-25 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төр хамгийн их сонирхдог. Асуулгад оролцсон хүмүүсийн 85.7 хувь нь УИХын 2020 оны сонгуульд, мөн оны орон нутгийн сонгуульд 84.1, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд 84.7 хувь нь саналаа өгсөн аж. Энэхүү өндөр ирцэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд оролцох боломжийг нэмэгдүүлэх төрийн хүчин зүтгэл нөлөөлсөн. Тухайлбал, хараагүйчүүд бичгээр саналын хуудас бөглөх боломж бүрдүүлсэн, санал өгөх байруудыг томруулах шилээр хангасан бөгөөд сонгуулийн хэсгүүдэд нэвтрэн орох илүү таатай нөхцөл бүрдүүлсэн юм.
Сонгуулийн хэсэгт очих боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн хороо зөөврийн хайрцгаар үйлчилж, гэртээ санал өгөх бололцоогоор хангасан. Энэ мэт олон арга хэмжээг хэрэгжүүлж буй ч сорилтууд тулгарсаар байна. Чөлөөтэй, нууцаар санал өгөх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд голлох хүндрэл хэвээр. 2021 оны асуулгад оролцсон хүмүүсийн 90 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бусдын дэмжлэггүйгээр санал өгөх боломжгүй байснаа ярьжээ. Ялангуяа оюуны бэрхшээлтэй хүмүүст халамжлагчид нь нөлөөлөхийг хязгаарласан тодорхой эрх зүйн орчин хэрэгтэй.
УИХ-ын сонгуулийн үеэр олон хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид шаардлагатай тоноглол дутмаг, саадгүй орчин нөхцөлөөр хангагдаагүй байсан. Үүнээс гадна улсын хэмжээний сонгуульд саадгүй нэвтрэх боломжтой санал өгөх тасалгаа, мэдээллийн самбарууд нь хуулийн дагуу шаардлагатай боловч орон нутгийн сонгуульд үүнийг зохицуулаагүй орхисныг Хүний эрхийн үндэсний комиссынхон шүүмжилсэн. Энэ нь орон нутгийн сонгуулийн бага ирцийг улам бууруулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхсан явдал юм. 2023 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо сонгуульд оролцохдоо дэмжлэг авах эрхийг баталгаажуулах тухай гэрээг илүү сайн хэрэгжүү¬ лэхийг шаардсан билээ. Тийм хэдий ч үүнийг Монгол Улсын хууль тогтоомжид хангалтгүй тусгаж өгсөн байна.
ТУСГААРЛАГДСАН НИЙГМИЙН БҮЛЭГ
Саад тотгоргүй нөхцөлийг хангаагүй байдал болон зарим газрын муу дэд бүтэц, ялангуяа явган хүний зам нь томоохон бэрхшээл болдог. “Дэд бүтэц хангалтгүй нь бидний оролцоог хязгаарлах хамгийн том хүчин зүйлийн нэг” гэж Д.Билгүүн өгүүлжээ. “Хамгийн тод жишээ нь шат юм. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст энэ нь олон тохиолдолд давшгүй саад болдог. Бүх шатыг налуу тавцангаар солих бодит боломж байхгүй. Ихэнх шат нь хэт огцом, бариулгүй баригдсан нь хамгийн их бэрхшээл учруулдаг”. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй төдийгүй олон нийтийн газраар зорчдог бүх хүнд эрсдэлтэй. Норм, стандартуудын дагуу бусдын эрх ашгийг хамгаалж, хамгийн сайн шийдлийг санал болгох ёстой. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлж, хянах ёстой. Архангай аймгийн “Хараат бус амьдралын төв” ТББ-ын тэргүүн, KASCAP хөтөлбөрийн оролцогч Э.Дархийхүү Д.Билгүүнтэй санал нэг байна. Тэрбээр мөн саажилттай бөгөөд нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог.
Сүүлийн үед олон сургалт, арга хэмжээнд оролцсон бөгөөд муу зам харгуй, дутмаг дэд бүтэц нь нийгмийн амьдралд оролцоход томоохон саад болдгийг тэрбээр тэмдэглэсэн. Нийтийн орон зайд нэвтрэх боломжгүй, эсвэл хязгаарагдмал байдал нь Монгол Улсын хүн амын нэлээд хэсгийг ялгаварлан гадуурхахад хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2023 оны сүүлчээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй 111 200 хүн амьдарч байсан бөгөөд энэ нь нийт хүн амын ойролцоогоор 3.1 хувь гэсэн үг. Герман, эсвэл Австри зэрэг улстай харьцуулахад энэ бага хувь нь төрийн статистик бодит амьдралаас зөрүүтэй байж болзошгүйг харуулдаг. Энэ хүмүүсийн амьдралын чанар, оролцоог сайжруулахын тулд Монгол Улс сүүлийн жилүүдэд хуулиудаа шинэчилж, шинэ бүтцүүдийг бий болгосон билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг 2013 онд баталж, улмаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрыг 2018 онд байгуулсан нь чухал алхам болсон. Олон аймагт тусгай хөгжлийн төвийг шинээр нээжээ. Гэвч нөхцөл байдал хүнд хэвээрээ үлдсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамгийн ихээр тусгаарлагдсан нийгмийн бүлэгт тооцогдсон хэвээр. Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн 2013 онд хийсэн судалгаагаар тэдний хязгаарлалтын түвшин нь 42.9 хувьтай байсан бөгөөд энэ нь тухайн өрхийн хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсээс 23.3, бусад хүн амын бүлгүүдийн дунджаас 28.1 хувиар илүү байна.
Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээнд нэгдсэн боловч бодит амьдрал дээр байдал өөр буй. Олон хүн өнөөдөр ч эрх тэгш нийгмийн амьдралд оролцох боломжгүй байсаар. Эрх зүйн зохицуулалттай ч ихэнхдээ оролцоог зүй ёсоор хангах бодит ажил, шаардлагатай нөөц, хэрэгсэл дутмаг байна.
ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨЛ БҮХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГСЭЛ
Монголын Засгийн газрын зүгээс асуудлыг шийдэх нэг оролдлого нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн парламент дахь төлөөллийн хувийг нэмэгдүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах гэрээг хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлэгт хууль тогтоомжийг өөрчлөх, тэр дундаа улс төрд оролцохыг дэмжих арга хэмжээнүүдийг зөвлөмж болгосон. Үүнд сонсгол, хараа болон оюуны бэрхшээлтэй иргэдийг дэмжих, жижиг намуудын нэр дэвшигч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслалцаа үзүүлэхийг онцолж байв. УИХ-ын 2024 оны сонгуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүн сонгогдсон билээ. Ингэснээр нийгмийн төрөл бүрийн бүлэг парламентад илүү төлөөлөлтэй болох хүлээлт үүссэн. 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгосон. Эрх баригч МАН хөдөлгөөний бэрхшээлтэй, “Ахиллис” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулууныг өөрийн намын жагсаалтын дөрөвт, Ардчилсан нам тэргэнцэртэй жүжигчин Ж.Баясгаланг жагсаалтын долоод нэр дэвшүүлсэн. Тэд хоёулаа УИХ-д сонгогдсон ба Монголын хууль тогтоох байгууллагын анхны хөгжлийн бэрхшээлтэй гишүүд болсон билээ. Нэр дэвшүүлсэн нь алсын бодолтой байж болзошгүй. Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар парламентад сонгогдсон хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн намд илүү их хэмжээний санхүүгийн дэмжлэг олгохоор болсон.
Харамсалтай нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн идэвхийг дэмжих олон зөвлөмжийг хуульд тусгаагүй юм. Үүнд төрөөс дэмжлэг үзүүлэх хөрөнгийн 20 хувийг нэн эмзэг бүлгүүдийг бэхжүүлэхэд зарцуулах амлалт байсан. Мөн “жижиг” гэгдэх намуудаас нэр дэвшигч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого талаар өнгөрсөн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжих, ялангуяа сонгуулийн эрх зүйг зохицуулах олон тооны хууль, журам, заавар нь хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Хэрэгжилтийг хянах, зөрчсөн үед хариуцлага ногдуулах тогтолцоо үгүйлэгдсээр. Оролцоог дэмжих улс төрийн намуудын арга хэмжээнүүд зөвхөн хэлбэр төдий хэрэгжиж, тодорхой удирдагч, эсвэл нөлөө бүхий улс төрчийн санаачилгаас ихээхэн хамаардаг. Намын жагсаалтаар нэр дэвших нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн УИХ-д сонгогдох ганц бодит боломж юм.
ТОЙРОГТ НЭР ДЭВШИХ НЬ САНХҮҮГИЙН ХУВЬД БОЛОМЖГҮЙ
Тойрогт нэр дэвших боломж ихээхэн хомс билээ. Үүний гол шалтгаан нь санхүүгийн өндөр да¬рамт юм. Сонгуулийн зардлын тодорхой хэсгийг өөрөө хариуцахыг хуулиар зөвшөөрсөн ба намуудын тогтоосон босго 300 000 еврог давна. Энэ нь ихэнх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төсөөлшгүй их мөнгө юм. Үүнийг зохицуулахын тулд Хүний эрхийн үндэсний комисс 23 дугаар тайландаа сонгуулийн бүх шатанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг зөвлөсөн. Үүнд суртал¬ чилгааны материал, зориулалтын автомашин, самбаруудын санхүүжилт, дохионы хэлмэрч болон хувийн туслахуудын дэмжлэгийг багтаасан юм. Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөхөн олговор олгох болон татварын хөнгөлөлтийг хуулиар зохицуулахыг төлөвлөсөн боловч өдий хүртэл сунжирсны улмаас энэхүү төлөвлөгөө биелэх, эсэх нь эргэлзээтэй.
СААДГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БҮТЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ ҮҮ
Сонгуулийн хэсэгт очих, санал өгөх боломж бий болсон ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улс төрд оролцох нь ихээхэн хязгаарлагдмал хэвээр байна. Саад тотгоргүй дэд бүтэц, хүртээмжтэй нийтийн тээвэр, иж бүрэн мэдээлэл болон эрх тэгш өрсөлдөөн учир дутагдалтай хэвээр. 2006 оноос эхлэн олон нийтийн байгууллагын өрөө тасалгаа, байранд саад тотгоргүй нэвтрэх тухай хэлэлцүүлэг өрнөж байгаа. Гэвч хангалтгүй хэрэгжилт, хяналтгүй байдал болон нийгмийн томоохон хэсгүүдийн үл тоомсорлох хандлага нь нэгэнт баталсан хууль, стандартуудыг үр дүнгүй болгодог. Өдөр тутмын саад бэрхшээлүүд хуулиар заасан эрхүүдийг бүтэшгүй мөрөөдөл мэт санагдуулдаг.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ УСТГАХ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрд төлөөлөл хангалтгүй байгаагийн өөр нэгэн шалтгаан нь нийгэм тэднийг хэрхэн хүлээн авдагт оршдог. Олон нийтээс тусгаарлагдсан, ховор харагддаг тул Монголд ихэнх нь бусдын бэрхшээлтэй тулгарч үзээгүй, үүнтэй харьцах туршлагагүй байдаг. Энэ нь хэвшмэл буруу ойлголтуудыг төрүүлдэг. Ихэнх тохиолдолд хүмүүс биеийн хөгжлийн бэрхшээлтэй хүний оюун ухааны чадварт эргэлздэг. Энэхүү эргэлзээ нь улс төрийн дутмаг мэдлэг, бодит харилцааны туршлагагүй байдалтай зэрэгцэн олон хүний өөртөө итгэх итгэлийг сулруулдаг. Гэтэл чухам энэ итгэл нь нийгэм, улс төрд оролцоход голлох ач холбогдолтой. Тиймээс энэхүү өөртөө үл итгэх байдлыг давж, улс төрийн идэвх гаргахын тулд Д.Билгүүн KASCAP хөтөлбөрт оролцохоор шийдсэн. Энэ хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл, урам өгч, мэдлэг, туршлага олгохын зэрэгцээ харилцааны сүлжээтэй болгодог. Зөвхөн асуудалд өртсөн хүмүүс идэвхтэй оролцож, оршиж буй бэрхшээлүүдийг засаж залруулах боломжтойг энэ хөтөлбөр харуулна. КАС болон бусад гадаадын байгууллага тусламж үзүүлэх боловч өөрийн идэвх зүтгэлийг юу ч орлохгүй билээ. Үүнийг Э.Дархийхүү хүлээн зөвшөөрдөг. Өөрийн ТББ-аар дамжуулан тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй бусад хүнд улс төрд оролцох сонирхлыг нь төрүүлдэг. Монгол Улсын хөгжил тэдний оролцооноос мөн хамаарах юм.