Хотын дарга сүрийг үзүүлж, иргэдийн амьжиргааг залгуулж байсан ТҮЦ-ийг дайчлан буулгаж буй. Ингэхдээ сонин борлуулах цэгүүдийг ч хамруулж, иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдлаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод сонин, сэтгүүл борлуулдаг долоон ТҮЦ байсны зургааг нь ачаад явчихжээ. Үлдсэн ганцыг нь өчигдөр аччихсан ч байж мэднэ. Үүний улмаас сонин, сэтгүүл борлуулдаг иргэд ажлын байргүй болж, гудамжинд гарав. Өдөр бүр сонин авч уншдаг хүмүүс хэнд хандахаа мэдэхгүй, хаанаас сониноо авч уншихаа ойлгохгүй төөрөлджээ. Сонин, сэтгүүл эрхлэн гаргагчид “бүтээгдэхүүн”-ээ шуурхай хүргэхэд ч асуудал үүслээ.
Улс үндэстний хэвлэл мэдээллийн салбарыг өдөр тутмын сонингүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн бүх л орон тогтмол хэвлэлтэй бөгөөд үүнийгээ урьдчилсан захиалгаас гадна дэлгүүр, номын сан, сонин борлуулах мухлаг, автомат машин зэргээр түгээж олон нийтэд хүргэж байна. Гэтэл Монгол Улсын төр засгаас өдөр тутмын сонинууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж, төрийн байгууллагуудын сонин захиалгыг цуцалж, шуудан хүргэлтийн үнийг ч нэмчихсэн. Эрх баригч, хууль тогтоогчдын булхай, авлигыг баримттай, эх сурвалжтайгаар илчилж, устаж үгүй болохгүйгээр хадгалж чаддаг цаасан хэвлэлийн хүчийг тарамдуулах сонирхол тэдэнд бий нь лавтай. Тиймдээ ч ТҮЦ-ийг буулгах нэрийн доор ном, сонин, сэтгүүл борлуулдаг газруудыг ч хоморголон үгүй хийв.
Улсын хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан 80 настай Л.Цэрэнхүү Бага тойруу буюу нийслэлийн тавдугаар сургуулийн ойролцоо модон сандал дээр хэдэн сониноо дэлгэчихсэн сууна. Тэрбээр 30 гаруй жил сонин, хэвлэл борлуулж, амьдралаа залгуулж иржээ. “Ардчилал” сониныг төв талбайд анх борлуулж эхэлсэн цагаасаа олон нийтийн оюунд хөрөнгө оруулалт хийе хэмээн шийдсэн гэнэ. Эвхдэг ор, төмөр ТҮЦ, сүүлдээ “цэнхэр” мухлагтаа хэвлэлээ борлуулж, тэр хавийнхандаа “Сонины эмээ” гэгдэх болж. Харамсалтай нь, өнгөрсөн бямба гаргийн орой ТҮЦ-ийг нь ачаад явчихлаа гэх дуудлага түүний гар утсанд иржээ. Урьдчилж хэл чимээ өгөлгүй, ТҮЦ-ийг нь аччихсан гэнэ. Доторх зүйлээ ч эмхэлж амжаагүй байж. Шөнө дөлөөр ТҮЦ-ийг нь ачаад явчихсан машины араас “хөөж”, арай гэж гүйцэн, учир байдлаа хэлж, гуйж гувшсаар Бэлх дэх хашаандаа аваачиж буулгуулжээ. Хөлсөнд нь машины жолоочид 500 гаруй мянган төгрөг төлсөн гэнэ. Тэрбээр “ТҮЦ-үүдийг ачна, 2-3 хоногийн дотор бэлдээрэй” гэсэн мэдэгдэл хүмүүст ирсэн байна лээ. Надад юу ч хэлж, дуулгаагүй. Гэнэтхэн л нэг шөнө ачаад явчихлаа гэсэн. Эмээ нь хүмүүст соёл түгээдэг болохоос хор зардаггүй. Тамхи ер зардаггүй. Өдөр тутмын сонин, зар мэдээ, хүүхдийн ном борлуулахын зэрэгцээ гар утасны нэгж, автобусны карт л цэнэглэдэг юм. Хүмүүс ирээд “ТҮЦ чинь яасан юм бэ, сониноо авъя” гэж байна. Ядаж сонинынхоо хоёрдугаар улирлын захиалгыг дуусгах санаатай. Би нас өндөр гарсан хүн. Гэртээ хөлөө жийгээд суухад гэмгүй. Гэвч үнэн бодитой мэдээ, мэдээлэл авахыг хүсдэг, сонин шимтэн уншдаг, байнга худалдаж авдаг хүмүүсээ бодоод гадаа сууж байна” хэмээн ярив.
Хүссэн зүйлээ гар утаснаасаа “олдог”, мэдээллийн эрин үед бид амьдарч буй. Зах замбараагүй мэдээлэлд “живж”, аль нь үнэн, худал болохыг ялгахад амаргүй энэ цагт өдөр тутмын сониныхон хариуцлагатай бөгөөд мэргэжлийн, ёс зүйтэй ажилладаг билээ. Тиймээс ч уншигчид цаасан хэвлэлийг илүүд үзэж, гартаа барьж уншихыг таашааж байна. Иймд Монголын өдөр тутмын сонины холбооныхон нийслэлийн захирагч Х.Нямбаатарт хандан хүсэлт гаргаж, хамтран ажиллах, шийдэл гарц хайхаар албан бичиг хүргүүлэх гэнэ. Сонины цэгүүдийг татан буулгаж, мэдэх эрхэд халдсан үйлдлээ залруулж, гэрийнхээ ойроос сониноо худалдан авч, унших боломжийг хангаж өгнө үү, хотын дарга аа.
Ч.Болор