Хотын төвөөр, төрийн байгууллагуудаар, зах, худалдааны газруудаар үйлчлүүлэх бүрд иргэдийн стресс, нервийг хамгийн их шавхдаг нь автомашины зогсоол билээ. Сүүлдээ нийслэлчүүд хотхон, хороолол дотроо хүртэл түгжирч, гэртээ орж, гарахын тулд чамгүй хугацаа зарцуулдаг болсон. Зогсоолгүйгээс байрнуудын урдуур, хойгуур гэхчлэн хаана тааралдсан газраа иргэд машинаа байрлуулж, нэгэндээ төвөг уддаг, явган хүний зам, гарцан дээр тэгнүүлээд хаячихдаг үзэгдэл ч хавтгайрсан. Үүний улмаас түргэн тусламжийн, мөн гал унтраах машинууд хороолол, гудамжуудад нэвтрэх боломжгүйд хүрч хүний амь хохирох, эд хөрөнгө эвдэрч сүйдэх энүүхэнд болоод буй.
Тэгвэл хотын удирдлагууд авто зогсоолын хүртээмжийг 74.6 хувьд хүргэж, эдгээр асуудлыг шийдэхүйц “мэргэн санаа” олсноо хэдхэн хоногийн өмнө зарласан. Тодруулбал, тэд авто зогсоолын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх гэж буйгаа өнгөрсөн сарын 31-нд олон нийтэд мэдээлсэн юм. Бүр хэчнээн байршилд, хэдэн зогсоол байгуулахаа ч тооцчихсон байна лээ. Нийт 90 байршилд франчайз үйлчилгээтэй, 68 900 зогсоолыг ил, далд хэлбэрээр байгуулах юм гэсэн. Нийслэлчүүд бид иймэрхүү мэдээ сонсох урамтай ч бодит байдалд энэ олон зогсоолыг барьж байгуулах хэмжээний зай, талбай хотод бий сэн билүү гэдэг асуулт ярвигтай. Тиймдээ ч авто зогсоолын төслийг хэзээ, хэрхэн яаж эхлүүлж, дуусгах нь тодорхойгүй байгаа юм.
Албаныхан авто зогсоол байгуулах тухай мэдээлэл хийхдээ хэт “бөөрөнхийлж”, хэдэн тоо л хэлсэн нь “учиртай”. Үүний дотор “90 байршилд зогсоол байгуулна” гэсэн мэдэгдэл нь харин олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Гэвч удалгүй эдгээр байршлын тоо цөөрсөөр 54, хамгийн сүүлд 40 л болж байх шиг. Дарга нар зогсоол байгуулах байршлуудаа анхнаасаа тодорхой болгоогүй байж яаран “попорсны” үр дүн нь энэ биз ээ. Ямартай ч шинээр байгуулах зогсоолын нэгдсэн төслийн ерөнхий дүр зураг нь бол гарсан л юм байна.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Төвийн зургаан дүүргийн нийт 1801 байршилд автомашины 113 356 зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг. Нэг жолооч зогсоол хайхад дунджаар 26 минут зар¬цуулдаг гэсэн судалгааны дүн гарсан. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцад амьдарч буй айл өрхүүд 199 676 тээврийн хэрэгсэлтэй. Гэтэл зогсоолын тоо нь 80 000 буюу хүртээмж 40.1 хувьтай байгаа. Бүрэн хангахад 119 676 зогсоол шаардлагатай” гэсэн юм.
Хотод өдрийн цагаар оффис орчимд, шөнөөр оршин суугч олонтой орон сууцын хорооллуудын болон холимог бүсэд зогсоолын эрэлт өндөр байгааг судалсан байна. Тиймээс нийслэлийн 90 байршилд гадаадын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөсөн нь тэр байж. Ингэснээр зогсоолын тоо 68 900-гаар нэмэгдэж, хүртээмж нь дээр хэлсэнчлэн 74.6 хувьд хүрнэ гэсэн тооцоог ч гаргасан аж. Мөн 120 мянгат орчимд л гэхэд 7000 орчим автомашины далд зогсоол барина гэсэн. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалсан зогсоолуудыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд байгаа.
40 БАЙРШЛЫН ТӨСӨВ НЬ ГЭХЭД Л 619.3 ТЭРБУМ
Авто зогсоолын нэгдсэн төслийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ гэдгийг нийслэлийн ЗДТГ-ынхан хэлсэн. Нийслэлд автомашины зорчих хөдөлгөөн өдөрт 3 182 317-д хүрч, замын түгжрэл, зогсоолын хүрэлцээ “гамшгийн” хэмжээнд хүрээд байна. Судалгаагаар, тээврийн хэрэгсэл байрлуулахыг зөвшөөрсөн зам дагуух зогсоол нийт зогсоолын долоон хувьд ч хүрэхгүй. Түүнчлэн машин “тавьж” болох, эсэх нь ч тодорхойгүй байршлууд олон байгаа аж. Мөн замаас зайтай зогсоолуудын 93 хувь нь нэг түвшний ил, тэдгээрийн 52 хувийг нь нийтийн хэрэгцээнд ашиглаж байгааг тогтоожээ.
Төсөл хэрэгжүүлэх хугацаанд дээр дурдсанчлан 90 байршилд франчайз зогсоол байгуулна. Байршлууд нь одооноос л тодорхой болж буй тул нийт төсөв нь хараахан батлагдаагүй. Гэхдээ эхний 40 байршлын төсөв нь гэхэд л 619.3 тэрбумаар хэмжигдэж байна. Уг мөнгөөр байгуулсан зогсоол нь хүртээмжийг ердөө 8.9 хувиар нэмэгдүүлнэ гээд бод. Төслийг нийтэд нь нийслэлийн төсөв, Авто замын бо¬лон Нийтийн тээврийг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийнхний санхүүжилтээр Хөрөнгө оруулалтын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, Хот байгуулалт, хотын стандартын газрынхан хэрэгжүүлэхээр тогтжээ.
Дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүрэгт 22, Баянзүрхэд 16, Сүхбаатарт 24, Хан-Уулд 14, Чингэлтэй 14 байршилд тус тус зогсоол байгуулна. Ингэхдээ төвлөрсөн ил, гудамж зам дагуу, орон сууцын дундах, далд зогсоолуудыг нийт 1 033 438 ам метр буюу 103.4 га талбайд байгуулахаар төлөвлөж. Үүнээс 11.6 га-д нь давхар, 24.1 га-д нь далд, 44.5 га-д нь ил, 23.2 га-д хосолсон зогсоол байгуулна гэв. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасны дагуу “Суурьшлын бүс болон түүнтэй залгаа үйлдвэр, аж ахуйн бүсийн эдэлбэр газарт тээврийн хэрэгслийн гарааш, ил зогсоолыг төлөвлөнө. Гарааш, ил зогсоолын хүчин чадлыг тухайн эдэлбэр газарт хамрагдах нийт суудлын автомашины 90 хувийг хамрахаар тооцно. Ил зогсоол, гараашид явганаар очих зайн хэмжээ 800 митрээс холгүй байна. Түр зогсоолын хүчин чадлыг суудлын авто машины тооцоот паркийн 70 хувийг хамрахаар тооцож төлөвлөнө” гэсэн наад захын стандартыг мөрдөнө гэдгийг албаныхан хэллээ. Цаасан дээр дахиад л авто зогсоол “байгуулж” тоглох вий.
УИД, ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ УРД ДАЛД ЗОГСООЛ БАЙГУУЛНА
Далд зогсоолыг хэрхэн, хаана байгуула¬хыг иргэд сонирхож буй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийнхний өгсөн мэдээллээр хотод 229.1 тэрбум төгрөгөөр далд зогсоол хоёрыг байгуулах аж. Ашиглалтад оруулснаар зогсоолын хүртээмжийг 3.3 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа. Одоогоор УИД-ын урд нэгийг нь, 120 мянгатын тэмээтэй хөшөөний гурван замын уулзварын эсрэг талд нөгөөг нь барихаар төлөвлөөд буй юм байна. Тэгвэл нэг байршилд, 2.2 га талбайд ил зогсоол байгуулах зардлыг 157.3 сая төгрөгөөр тооцжээ. Ийм хэмжээний талбайд байгуулсан зогсоолын тоо хүртээмжийг 0.3 хувиар өсгөх тооцоолол гаргасан. Мөн хоёр болон таван давхар зогсоолыг 42.5 га-д “сүндэрлүүлнэ” хэмээж буй. Олон улсад тэгвэл томоохон хотуудын нийт зогсоолын 40-75 хувийг далд хэлбэрийнх нь эзэлдэг. Зогсоол хайх дундаж хугацаа 5-10 минут, олонх нь газар нутаг, гудамж, талбайнхаа онцлогт тохирсон ногоон, ухаалаг зогсоолуудтай байдаг. Харин манайд энэ бүхэн эсрэгээрээ олон жил болов. Жил бүрийн өдийд хотын удирдлагуудын өчнөөн байршилд төчнөөн зогсоол байгуулна гэсэн мөрөөдлийг сонсож, цаасан дээр зам, гүүр, авто зогсоол “барьж”, тоглодог үзэгдэлтэй нь эвлэрчхэж дээ, хэдүүлээ. Иргэд ч үүнд нь итгэхээ больсон. Ямар сайндаа л одоогийн ярьж, төлөвлөөд буй, зогсоолын хүрэлцээг 74.6 хувьд хүргэх төслийг “лөөлөө болно” гэж шүүмжилж байх вэ дээ. Франчайз гээд байгаа үйлчилгээнийх нь бизнес загвар нь ч тодорхой болоогүй л байна.