Японы хоёр дахь том хот Осакад зургаан сарын турш үргэлжлэх “Осака-Кансай экспо 2025” олон улсын үзэсгэлэнд манай улсыг төлөөлж “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим оролцож байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүний дээж болох арьс, шир, ноос, ноолуур, бэлэг дурсгалын зүйлсийг олон улсын жуулчдад танилцуулж буй бол “Чингис хаан” музейнхэн “Монголын амар амгаланPax Mongolica” сэдвийн хүрээнд түүхэн 28 үзмэр дэлгэж, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, аяллын гол бүс нутгуудыг AR, VR технологийн тусламжтайгаар гадаадынханд “харуулж” байгаа аж.
Арлын орныхон төдийгүй үзэсгэлэнд оролцогч 160 гаруй орны жуулчдад танилцуулж буй манай улсын үзмэрүүд нь Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд холбогдох хувцас, гоёл зүүсгэл, морины тоноглол, дайн тулааны зориулалттай зэр зэвсэг зэргээс бүрдсэн гэнэ. Онцлох үзмэр нь гэвэл Хубилай хааны алтан бүс. Энэхүү бүс нь Хятадын зураач Лю Гуандаогийн “Хубилай хаан анд явж байгаа нь” хэмээх алдарт зурганд дүрслэгдсэн байдаг аж. Лю Гуандаогийн зураг Тайванийн Тайпэй хотын Хааны ордон музейд эх хувиараа хадгалагддаг бол Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор хуулбарыг нь Монголын үндэсний музейд бэлэглэж байжээ.
Харин тэрхүү зурагт дүрслэгдсэн алтан бүс нь Хубилай хаантай холбоотой цөөн биет үзмэрийн нэг болон “Чингис хаан” музейд хадгалагддаг байна. Ташрамд дурдахад, манай улс ирэх долоодугаар сард түүх соёл, өв уламжлалын олон улсын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбоотой танилцуулга, мэдээллийг үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд хүргэж буйгаараа онцлог.
Н.Мишээл