Залуу театрынхны зангаргатай жүжиг “Сүүлчийн бороо” Нэг ангийн нэг үеийн шижигнэсэн залуус нэгдэж, атгасан гар шиг зангидагдаж, “Про” театрыг байгуулсан нь саяхан. Гэсэн ч тус театрынхан “Гэгээн муза”-гийн тайзнаа гялалзсан олон олон амжилтыг гаргаад байгаа билээ. “Про” театрынхан энэ удаад шинэ уран бүтээлийн хөшгөө “Сүүлчийн бороо” мета жүжгээр нээгээд буй.
Александр Вампиловын “Нугасны Ан” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү жүжиг хөшгөө нээсэн даруйдаа олныг соронз мэт татаад байна. “Сүүлчийн бороо” хэрээ шиг хар луу урвах, хун шиг цагаан руу тэмүүлэхийн аль руу нь хөтөлж мэднэ. Аль замаар явахаа үзэгч та өөрөө шийднэ. Дотроо эргэцүүлэн тунгаана биз ээ.
Жүжгийн талаар утга зохиол судлаач Х.Чойдогжамц “Александр Вампиловын зохиолууд Оросын театруудыг үргэлж байлдан дагуулсаар ирсэн. Буриад гаралтай энэ хүчтэй авторын зохиолыг “Про” театрынхан барьж авчээ. Тэгсэн мөртөө дүрүүдээ энгийн мөртөө маш сонирхолтой хийцэлж, зохиолчийн санааг нэн ойлгомжтой хэллэгээр хүний сэтгэлийг хөндтөл гаргаж тавьжээ” хэмээн ярилаа.
“Сүүлчийн бороо” жүжгийн тасалбарыг оюутан сурагчдад 20 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Сүүлчийн бороо, сүүлчийн болзоо, сүүлчийн би...