Өнөөдөр, маргааш явагдах NBA-ийн плейиний дөрвөн тоглолтын дараа плей-оффт тоглох 16 багийн нэрс тодорно. Лигийн түү- хэн дэх хамгийн алдартай солилцоо явагдсан энэ улирал болон айсуй плей-ффтой холбоотой зарим сонирхолтой мэдээллийг толилуулъя. •“Атланта хоукс” багийн лидер Т.Янг энэ улиралд бүх тоглогчийг оновчтой дамжуулалтын тоогоор тэргүүллээ. Тэрбээр нийт 880 дамжуулалт өгсөн агаад түүний ард Н.Йокич (716), Ж.Харден (687), Т.Халибөртөн (673), К.Каннинхем (638) оржээ.
•Энэ улиралд өмсгөл нь хамгийн их зарагдсан тоглогчоор “Лос-анжелес лейкерс” багийн Л.Дончич тодорлоо. Сонирхолтой нь, 2012-2013 оны улирлаас хойш анх удаа С.Көрри, Л.Жэймсээс өөр тоглогчийн жерси хамгийн их борлогдсон байна. Бестселлер жерсиний эхний таван байрт С.Көрри, Л.Жэймс, Ж.Тэйтум, Ж.Брансон орсон аж. •“Сан-антонио спөрс” багийн холбогч К.Пол энэ улирлын бүх 82 тоглолтод оролцсон. Ийнхүү тэрбээр лигт тоглосон 20 дахь улиралдаа энэ өвөрмөц амжилтад хүрсэн анхны тоглогч болж байна. Түүнээс гадна Ж.Грийн, М.Брижес, Ж.Аллен, Х.Барнс, Ж.Макданиелс, Ж.Шампани, К.Каррингтон, Н.АлександрУолкер, М.Бизли, Б.Хильд нар 82 тоглолтод оролцжээ.
•“Лейкерс”-ийн ерөнхий дасгалжуулагч Ж.Ж.Редик хэзээ нэгэн цагт багаа аваргын цомд хүргэнэ гэдэгт итгэж буйгаа телевизийн нэртэй тоймч С.Смит илэрхийллээ. “Биелэгдэшгүй гэж огт бодохгүй байгаа нэг зүйлийг хэлье. Ж.Ж.Редик ойрын хугацаанд аварга цол хүртэнэ. Тэр бол дээд зэргийн үр дүнд хүргэдэг онцгой дасгалжуулагч. Магадгүй энэ жил тэд аваргалж чадахгүй байх. Гэхдээ Лука, Леброн байгаа цагт тэд ямар ч багийг, магадгүй “Оклахома сити тандер”-аас бусад багийг ялах боломжтой” хэмээн тэрбээр ярьсан байна.
•“Финикс санс” баг ерөнхий дасгалжуулагч М.Буденхользерийг ажлаас нь халсан талаар ESPN-ий сэтгүүлч Ш.Чарания мэдээллээ. Тус баг энэ улиралд 36 ялж, 46 ялагдсанаар бүстээ 11 дүгээр байр эзэлсэн юм. Үүнд тус багийн сул хамгаалалт хамгийн их нөлөөлсөн. Ийнхүү тус баг сүүлийн гурван улирал дараалан дасгалжуулагчаа сольж байна.
•“Филадельфи-76” багийн тоглогч П.Жорж ойрын хугацаанд баг нь аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. “Манай баг ойрын хугацаанд аваргын төлөө тоглож чадна. Тоглогчид гэмтэхгүй байхаас гадна бидэнд өөрийн гэсэн арга барил, тогтвортой байдал хэрэгтэй. Бид чухам ийм баг болох хэрэгтэй” хэмээн тэрбээр Basket News порталд ярьжээ. “Филадельфи” энэ улиралд 24 ялж, 58 ялагдсан юм.
•Нэрт тоглогч Л.Жэймсийн хүү Бронни лигт тоглосон эхний улирлынхаа талаар Spectrum Sportsnet-д товч ярилцлага өгчээ. Тэрбээр “Илүү сайн тоглогч болсон гэж бодож байна. Тоглогч, хувь хүний тал дээр ихээхэн өссөн. Гэхдээ надад сурах зүйл их байна. Өдөр бүр сайжрахыг хичээж байгаа” хэмээн ярьжээ.