Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр. Дэлхийн урлагийн холбооноос 2012 онд эл өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Мексикийн Гуадалахара хотод болсон холбооны чуулга уулзалтын үеэр Туркийн дүрслэх урлагийн үндэсний хорооны ерөнхийлөгч Бэдри Бэйкэм алдарт зураач Лео-нардо да Винчигийн мэндэлсэн энэ өдрийг ийнхүү олон улсын баяр болгон тэмдэглэх санаачилга гаргасан байна. Үүнд зөвхөн дүрслэх технологийн салбарынхан хамаарахгүй бөгөөд урлагийн бүх төрөлтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон, тэдгээрт хайртай хүмүүсийн баяр байхаар уриалжээ. Яс үндэс, арьс өнгө, нас, хүйсээс үл хамааран хүн бүрд урлагаас авах таашаал, гоо зүй, хэрэгцээ гэж бий. Түүнийг сурталчлан таниулах нь энэ өдрийн нэг онцлог аж. Дэлхийн хэмжээнд бүх төрлийн галерей, музей, урлагийн төв, их сургуулиад тус тусдаа, мөн нэгдэн нийлж нөлөөллийн, үзвэрийн олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь уран зураг, график, гравюр, монументал, уран баримлуудын үзэсгэлэн юм. Урлагийг танин мэдүүлэх, түүгээр дамжуулж нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой дээрх өдрийн хүрээнд манайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах тухай тов гаргасангүй. Зарим арт галерейнхан энэ өдөр уран бүтээлч, үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлээд л өнгөрдөг аж.
О.Ундрах