Дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг Миланы загварын долоо хоногт Монголын үндэсний үйлдвэрлэгчид оролцож, ноолуурын үнэ цэнийг олон улсад таниулж буйг ХХААХҮЯ-ныхан цахим хуудсаараа бахархалтай нь аргагүй түгээж суух цаг дор “цагаан алт” хэмээн үнэлэгддэг энэ төрлийн түүхий эд манайд улам үнэгүйдсэнийг хөдөө аж ахуйн салбарынхан хөндөж байна.
“Нэг кг ноолуурын дундаж үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс есөн мянгаар бага буюу 133 мянган төгрөгийн ханштай байна” гэж Үндэсний статистикийн хорооноос энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Өнөө жил 1.3 их наяд төгрөгөөр ноолуур худалдаж авахаар тусгасныг төсвийн тодотголооор хассан тул ханш нь таван хувиар унасан” гэж мэдэгдээд буй. Тэгвэл бодит байдалд ноолуурын ханш дээрх байгууллагуудаас мэдээлснээс ч хямд, өнгөрсөн оныхоос эрс буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жилийн өдийд бүс нутгаас хамаараад ноолуур кг нь дунджаар 140-160, Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 180 мянган төгрөгт хүрч байсан бол өдгөө дундаж нь 100-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, доод ханш нь 80, ихдээ 130 мянган төгрөгт хүрч байна.
“Эмээлт” захад ноолуур худалдан авч буй хоёр ченжтэй өчигдөр холбогдоход “Зүүн аймгийн ноолуур кг-ийг нь 120-135 мянган төгрөгөөр авна. Бусдыг нь үзэж харж байгаад ханш хэлнэ. 80 мянгаас доош ханш байхгүй” гэв.
Ноолуурын ханш ийнхүү буурсан нь Засгийн газар энэ оны хоёрдугаар сараас түүхий ноолуур экспортлохыг хориглож, угаасныг нийлүүлэх шийдвэр гаргасантай шууд холбоотой хэмээн малчид, ченжүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, үүнээс үүдэн ноолуурын нийлүүлэлт, борлуулалт эрс багассан гэнэ. Энэ хавар ноолуурын үнэ 140 мянган төгрөгөөс давахгүй, дундаж нь одоогийн доод ханш орчимд тогтож болзошгүй хэмээн “шинжих” хүмүүс ч байх аж.
Н.Мишээл