Нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлж буй. Уг асуудлын талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр , "Мэдээж олон хүний амжиргаа яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. ТҮЦ эрхлэгчдэд НЗДТГ-аас "Диплом шаардах, шаардахгүй ажилд оруулъя" гэсэн чинь үгүй гэдэг хариулт өгсөн. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нэг ч ТҮЦ үлдээлгүй нүүлгэх хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчих орчин бий болгоно" гэлээ.