Нийслэлд хуучны цөөхөн гүүрэн байгууламж байдгийн нэг нь Арслантай гүүр билээ. 1946 онд тус гүүрний баруун жигүүрийн хоёр “далавчинд” чулуун арслан байрлуулснаар иргэд ийн нэрлэх болсон байна. Улаанбаатар хотын үүх түүхийн болон хаяг байршлын салшгүй хэсэг болсон энэ гүүрийг засаж, эвдэрсэн төмөр хийцлэлийг солих ажлыг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ЗДТГ-аас хийсэн юм. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд тус ажлыг гүйцэтгэсэн гэв. Тэгвэл 40 метр урт, 22 метр өргөнтэй төмөр бетон гүүрийг засахдаа өнөөх хоёр арслангаа бүхэлд нь цагаан будгаар оохордчихсон нь харамсалтай. Гоо зүйн хувьд ч өнгө үзэмжгүй, “царай муутай” болгосныг иргэд шүүмжилсээр байгаа юм. Сонирхуулахад, 1900-гаад оны эхэн үед гүүрний хоёр арслан Хүрээний манж амбаны гол ордныг “манаж” байсныг түүхийн зарим сурвалжид онцолжээ.
О.Бат