Бага боловсролын багш нарын улсын II уралдаан саяхан болж өндөрлөсөн билээ. Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьсон уг уралдаанд бага ангийн 90 гаруй багш өрсөлдөж, тэргүүн байрт дөрвөн хүн шалгарчээ. Үүнээс дөрвөн төрлийн даалгаврын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан, Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Н.Ихбаяртай ярилцлаа. Уралдааны дараа түүнд хэд хэдэн сургуулиас ажлын урилга ирсэн ч бяцхан шавь нараа орхиод явж түвдэхгүй гэж байлаа.
-Улсын уралдаанд хамгийн өндөр оноо авч тэргүүн байрт шалгарсанд баяр хүргэе. Та хэд дэх жилдээ багшилж байна вэ?
-Баярлалаа. Энэ уралдаанд анх удаа оролцоод тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Би одоо 14 дэх жилдээ багшилж байна. Хэнтий аймгийн Баянмөнх сумд төрсөн. 2011 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхийболовсролын сургуулиас эхлүүлсэн дээ. Харин 2016 онд Төв аймгийн Баянчандмань сумд шилжин ирж, эндээ ажиллаж амьдарч байна.
-Аймгаасаа шалгарч улсын уралдаанд оролцох эрхтэй болсон юм билээ. Даалгаврууд нь гүйцэтгэхэд ямархуу байв?
-Уралдаанд оролцох багш нарыг сонгон шалгаруулж тодруулсан. Нэгдүгээр шатыг сургуульд, дараагийнхыг нь аймгийн хэмжээнд зохион байгуулсан юм. Удирдамжийн дагуу дөрвөн төрлөөр өрсөлдүүлсэн. Эхний гурван байрт шалгарсан багш улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо. Би аймагтаа гуравдугаарт орж тэнцсэн. Аймгаасаа шалгараад контент хийх талаар нэлээн судалж, шинэ программ дээр ажиллаж сурсан шүү. Бусдыг нь бол бэлдэж амжаагүй ээ. Улсын уралдааны даалгаврууд хүндэвтэр байсан. Бодож гүйцэтгэх даалгавар ихтэй. Тухайлбал, STEAM даалгавар нь өгсөн
хэрэглэгдэхүүнийг ашиглан туршилт хийх байв. Бид хичээлээ заахдаа онол баримталж, хөтөлбөрийн дагуу явуулдаг. Харин туршилт
нь нэг загварт баригдахгүй, заавал амжилттай болох албагүй байдаг. Өөрөөр хэлбэл, болохгүй зүйлийг ч туршиж ойлгох, олон боломжит хувилбарыг богино хугацаанд гаргаж ирэх зэргээр маш сонирхолтой байсан.
-Уралдааны нэг шалгуур нь мөстөлт, мөсөн голоо хамгаалъя сэдэвт контент бүтээх байсан гэв үү?
-Удирдамж дээрээ контентын агуулга нь “Байгаль эхээ хамгаалах” сэдвийн хүрээнд гэсэн болохоор усаа хайрлах тухай л толгойд бодогдож байлаа. Мөстөлт, мөсөн голоо хамгаалах тухай ерөөсөө бодоогүй байв. Гэтэл уралдааны үед буюу 60 минутын хугацаанд мэдээллээ олж аваад контент бэлдэх нь маш их хурд шаардсан. Тэмцээний дараа Усны газраас “Мөстөлт, мөсөн голоо хамгаалъя” үндэсний чуулган зохион байгуулсныг хожим мэдсэн.
-Цаг нь нэлээн давчуу байснаас багш нар зарим даалгавраа хийж амжаагүй гэж байна лээ. Та цагаа хэрхэн хуваарилсан бэ. Бүгдийг нь гүйцэтгэж амжсан уу?
-Математикийн даалгавар гүйцэтгэхэд хугацаа жаахан богино байлаа. Тухайлбал, эхний 50 минутад тестийн даалгавар гүйцэтгэсэн. Үлдсэн 40 минутад задгай бодлого бодсон. Тэдгээрээс нэг бүтэн бодлого бодоод бусдыг нь эхлүүлээд л орхисон. Хугацаа богино учраас анхаарлаа төвлөрүүлэхэд амаргүй байв. Харин монгол хэлний
даалгаврыг гүйцэтгэхдээ эхлээд зохион бичлэгээ бичээд бусдыг нь дараа нь хийсэн. Монгол хэлийг хугацаанаасаа өмнө дуусгасан.
-Таны мэргэжлийн онцлог, давуу тал юу вэ. Бага ангийн багш бол хүүхдийн хүмүүжил, боловсролын суурийг тавьдаг маш чухал нөлөөтэй хүмүүс. Хүүхдүүд бага ангийн багшаа дуурайдаг гэж ярьдаг даа.Та ажилдаа ямар зарчим баримталдаг бол?
-Бага ангийн багшийн хамгийн сайхан нь хүүхдүүдтэй ажиллах юм даа. Гэнэн цайлган, баяр хөөр дүүрэн тэр ертөнцөд хамт суралцаж, догдолж байгаадаа туйлын баяртай байдаг. Хүүхдийн эрдэм, мэдлэгийн анхдагч нь бага ангийн багш байдаг учраас ажилдаа хариуцлагатай хандаж, цагийн юмыг цагт нь гүйцэтгэх, үүрэг даалгаврыг ягштал биелүүлэхийг хичээдэг. Үүнийгээ ч бяцхан шавь нар, эцэг, эх, асран хамгаалагч нартаа байнга сануулж ажилладаг юм. Намайг өдий зэрэгтэй багш болох зам мөрийг минь зааж өгсөн хүн бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Сэлэнгэ багш минь. Багш минь “Хийж байгаа зүйлээ өөрийнхөө сэтгэлд хүртэл хий. Өөрийн чинь сэтгэлд хүрээгүй бол хүний сэтгэлд хэзээ ч хүрэхгүй шүү” гэж байнга хэлж сургадаг байлаа. Энэ захиасыг нь би үргэлж санаж, амьдралынхаа зарчим болгож ирсэн. Бүх зүйлийг тултал хийх гээд заримдаа ч их ядардаг шүү. Гэхдээ ард нь гарсны дараа үр дүнг нь үзэх сайхан.
-Багш дор мөргөмү, ном дор мөргөмү хэмээн монголчууд багшийг ихэд хүндэтгэдэг. Гэвч сүүлийн үед багш мэргэжлийн нэр хүнд унаж, “хуучны” багш нар маш хариуцлагатай хүүхдийн төлөө сэтгэлтэй байсан гэж ярих боллоо. Үүнтэй та санал нийлэх үү?
-Монголчууд эрт дээр үеэс багшийг хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд багш мэргэжлийн үнэлэмж унасан нь нийгмийн хандлагаас ихээхэн шалтгаалсан гэж боддог. Мөн багш болох гэж буй хүн хариуцлагатай, тууштай, суралцах чин хүсэлтэй байж энэ мэргэжлийг сонгох
нь зүйтэй. Зорилгогүйгээр багшийн мэргэжил сонгосон хүүхдүүд ажлын байранд гараад шантрах, алдаа гаргах нь түгээмэл юм шиг санагддаг. Би гэхдээ өөрийгөө их азтай гэж боддог шүү. Шавь нар, эцэг, эхчүүд, асран хамгаалагчид маань намайг үргэлж дэмжиж, хайрлаж хүндэлдэг болохоор тэдэнтэйгээ ах, дүү шиг ээнэгшин дасжээ. Багшийн мэргэжилдээ хайртай учраас том охиноо ч уруу татсан. Охинтойгоо ярилцаж байгаад МУБИС-ийн Боловсрол судлалын сургуульд сэтгэл судлаач, сэтгэл зүйч мэргэжлээр суралцуулж байгаа.
-Орон нутагт ажиллахын давуу болон сул тал гэвэл?
-Орон нутагт ажиллахад сул тал ер нь байдаггүй шүү. Манай гэр бүлийн хүн бас бага боловсролын багш. Бид их сургуулийн нэг ангийнх. Нөхөр маань Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат. Хоёулаа л хөдөө өссөн. Их сургуулиа төгсөөд л хоёулаа хүн танихгүй газар луу галт тэргэнд суугаад ажилд орохоор явж байлаа. Анхнаасаа хөдөө ажиллана гэсэн бодолтой байсан болохоор бэрхшээл гэхээр зүйл алга. Харин ч хөдөө ажиллах давуу тал ихтэй. Өглөөний нарнаар цэвэр агаарт
сургууль руугаа тайван алхаж очоод хичээлээ заах ямар таатай гэж бодно. Сумынхан маань бүгд л таньж инээмсэглэж өнгөрөх нь хүртэл сайхан. Зарим нэгтэй нь хөнгөн маазарна. Аюул, айдас багатай газарт амгалан тайван амьдарч байна.
-Хотын сургуулиудад хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, нэг ангидаа 50-иулаа сурдаг тохиолдол цөөнгүй. Танай сургуульд анги дүүргэлт ямар байдаг вэ. Хот, хөдөөгийн боловсролын ялгаа танд ажиглагдаж байна уу?
-Манай сумын сургуулийг анх 640 сурагчийн хүчин чадалтай барьсан юм билээ. Өдгөө 1000 гаруй сурагч хичээллэж байна. Нэг ангидаа 30-40 хүүхэд сурдаг. Сурлагын тухайд хот, хөдөөгийн ялгаа ажиглагддаг. Гэхдээ ялгаа гаргахгүй юм сан гэж багш нар маань хичээнгүйлэн ажиллаж
байгаа.
-Та шавь нараа хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ. Мөн өөрийнхөө ур чадварыг хэрхэн сайжруулдаг вэ?
-Сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээ, уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийг хичээж, өрсөлдөх чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг. Хүүхэд хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар маш их хөгждөг учраас ангидаа сэтгэн бодох чадварын дугуйлан, математикийн сонгон, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхантай хамтран “Оролцоод хөгжье” арга аргачлалыг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд цахим орчноос мэдээлэл авч туршиж, судалж
арга зүйгээ шинэчилж байна. Гэр бүлийн маань хүн мэргэжил нэг болохоор хамтдаа ярилцаж асуудлыг даван туулдаг. Заримдаа мэргэжлээрээ өрсөлдөнө. Энэ нь надад давуу тал болдог юм.
-Бага ангийн багш олон хичээл заадаг. Монгол хэл, тоондоо хэт төвлөрснөөс бусад хичээлийг орхигдуулах талтай гэдэг юм билээ. Тухайлбал, та бүх хичээлээ агуулгынх нь дагуу зааж амждаг уу?
-Бага ангийн багшийн мэргэжил их онцлогтой. Бүх судлагдахууны мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Би дөрөвдүгээр ангийн хүүхдүүддээ найман
төрлийн хичээл заадаг. Бүх хичээлээ хуваарийн дагуу орж байна.
-Сургалтын үйл ажиллагаа цахим технологид суурилах болсон. Цахим хичээл заах таблет, компьютер зэрэг техник хэрэгсэл танай сургуульд бий юү. Мөн багш нараа шинэ хөтөлбөрт нийцүүлэн сургадаг уу?
-XXI зууны багш нарыг багшийн гурван мэдлэгийн айтай байх ёстой гэж заадаг. Нэгдүгээрт, агуулгын мэдлэг, хоёрдугаарт, арга зүйн мэдлэг, гуравдугаарт, технологийн мэдлэг. Тэр хэрээр шинэ гарсан технологид суурилсан арга зүйг судлах, эрэл хайгуул хийх нь багшийн өөрийн хүчин чармайлтаас шалтгаалж байна. Манай сургууль багшийнхаа технологийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаардаг. Жишээ нь, мэдээлэл зүй, биологийн багш нар
болон дунд, ахлах ангийн менежерүүд байнга сургалт зохион байгуулдаг юм. Мөн “Еduten”, “Рeаrson” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул цахим кабинет тохижуулсан.