Серби улсад зохион байгуулсан дэлхийн сургуулиудын 15 хүртэлх насны сурагчдын “ISF U15 gymnasiade Zlatibor 2025” спортын III их наадамд Монголын тамирчид оролцлоо. Тус наадмын жүдо бөхийн тэмцээнд манайхаас охидын 52 кг-ын жинд хүч сорьсон Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн сурагч О.Очгэрэл багийнхаа медалийн салхийг хагалж түрүүлэв. Тэгвэл 36 кг-д Ч.Сайнжаргал (“Хүлэг”), 40 кг-д Г.Гоомарал (“Winner” клуб), 44 кг-д Б.Буянбилэг (“Чандмань оргил” дэвжээ), 52 кг-д О.Хонгор-Үжин (Монголын жүдо академи) нар дэд байрт шалгаран шагналын буухиаг үргэлжлүүлсэн юм. 44 кг-д өрсөлдсөн жүдочдоос Г.Цэлмүүн, 48 кг-д Ц.Гэгээн (Монголын жүдо академи) хөвгүүдээс 55 кг-д Ж.Хишигтулга (“Чандмань оргил” дэвжээ) хүрэл медальтай ирэх нь.