ОРШИЛД ӨГҮҮЛЭХ НЬ БУЮУ УРАМ АВСАН МӨЧ
2002 оны хоёрдугаар сар. АНУ-ын Солт лэйк хот. “Өнөөдөр” сониноос и-мэйл ирж. “Цагаригийн тэр нөхөрт хэл. Бөөн дуулиан болоод байгаа наад олимпынхоо талаар нийтлэл бичиж өнөөдөр ирүүл. Нэгдүгээр нүүрнээс эхлүүлнэ” гэж Ц.Балдорж эрхлэгч чамд үүрэг өглөө гэсэн байв. Урьд нь “Өнөөдөр” сонины эхний нүүрт байтугай сүүлийн нүүрт ч материалаа гаргаж үзээгүй болохоор ихэд цочин хүлээж авав. Дээр нь Ц.Балдорж эрхлэгч онцгой үед чадвартай хүнд л сэдэв оноодог, оноосон нийтлэлээ өөрөө хянадаг учир бүх яс хуйгаараа хавталзах шиг.
Тэр жилийн өвлийн олимп түүхэн дэх хамгийн дуулиантай наадам болсон юм. Тийм олимпыг албан ёсоор сурвалжлах эрхийг спортын “Таван цагариг” сониноосоо аваад ийнхүү ажиллахдаа өдөр алгасахгүй мэдээ, ярилцлага сониндоо явуулж байлаа. Гэхдээ тэднээс маань шилэгдээд “Өнөөдөр” сонинд нийтлэгдэж байсныг огт мэдээгүй явсан үе. Ийнхүү олимпын “Медиа центр”-ийн интернэтэд холбогдсон цор ганц компьютер дээр үүр цайтал сууж “Олимпын мянган дуулиан” бил үү гарчигтай нийтлэлийг англи үсгээр бичээд явуулсан. “Таван цагариг”-ийн Д.Тунгалаг эгч кириллээр хөрвүүлэн шивж “махаа идсэнээс” өөрөөр нийтлэлийнхээ талаарх сайн, муу мэдээ дуулалгүй явсаар Монголдоо иртэл би гэдэг хүн мандаж байдаг шүү. Нөгөө нийтлэл чинь өндөр үнэлэгдсэн гээд л. Мэдээлэл, ярилцлагууд чинь Монголд шуугиуллаа шүү гэлцээд л. Сонин, сэтгүүлүүд ярилцлага авъя гэж утасдаад л. Энэ бүгдээс үүдэн “Сайн сэтгүүлч болж чадах юм шиг” мэдрэмж өөрийн эрхгүй төрж байлаа. Ерөнхийдөө, унтаж босоод од болно гэдэг шиг л юм болж билээ. МҮОХ-ны Ж.Отгонцагаан ах шөнө өдөргүй, цаг наргүй залгаж “Мэдээллээ бичсэн үү” гэж шахсаны, сургасны үр дүн юм шүү дээ.
Энэ түүхийг нуршин өгүүлсний учир нь Монголын спортын ноён оргил “Таван цагариг” сонины хувь хүнд өгсөн төдийгүй сэтгүүл зүйн салбар, олон түмэнд оруулсан хувь нэмэр хэмжиж баршгүй их юм. Түүний ачаар, дотор нь ажилласан үе үеийн сэтгүүлчид хөгжин цэцэглэсэн, дэвшин чадавхажсан. Спорт хэмээх аугаа ертөнцөд монголчуудыг дурлуулан хошууруулсан. Сэтгүүл зүй хэмээх салбарт шинэ өнгө аясыг тасралтгүй нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл “Цагаригийн школ” бол сэтгүүл зүйн салбарын нэг өндөр босго, “Таван цагариг” сонин бол шинэ үеийн Монголын нөлөө бүхий үзэгдэл юм. Ц.Балдорж эрхлэгч “Өнөөдөр” сониныхоо дэргэд “Таван цагариг” сонины суурийг барьснаараа энэ сонины ололт амжилттай салшгүй холбоотой. Наанаа хатуурхах мэт хэр нь цаанаа “Цагаригийнхныгаа” гэсэн сэтгэлтэй байсных нь нэг тод жишээ болгон дээрх оршлыг давхар өгүүлсэн юм. Мандах учиртай цоо шинэ сониныхоо халуун чихийг С.Батбаатар, Ж.Отгонцагаан нарт атгуулсны үр дүнд буюу тэдний гайхалтай хоршлын үр өгөөжөөр “Таван цагариг” сонин байгуулагдсан, хөгжсөн, мандсан билээ.
ЦАГАРИГИЙН ШКОЛ БУЮУ ӨӨРИЙН ГЭСЭН СУРГАЛТ
Сонины маань 30 жилийн ой тохиох гэж байна. Тэмдэглэх гээд дээр дооргүй, ах дүүгүй зүтгэн буй. “Цагаригийн школ”-ын эцгүүд С.Батбаатар, Ж.Отгонцагаан тэргүүтэй ах нар өдөр нь 40-40 дугаартай тээврийн хэрэгслээрээ зогсолтгүй алхаж, шөнө нь хол, ойрын нүдний шилээ зэрэгцүүлэн зүүж ном, сонины материалуудыг цуцалтгүй нэгтгэж нийлүүлэн сууна. Намайг “Таван цагариг”-ийн бүрэлдэхүүнд элсэж байхад л ийм байсан, тэр эрч хүч нь одоо ч энэ хэвээр. Д.Тунгалаг хэмээх бичээч эгч маань ч гэсэн сониндоо үнэнч зүтгэсэн хэвээр. Ах нарын өгсөн үүрэг даалгаврыг ач, гучаа хөтлөн дагуулж байгаад л амжуулж байхыг нь харах үнэхээр сэтгэл огшим. Аргагүй л школ юм даа.
Юм гэж сонин. Өөр өөр зан байдал, арга барилтай хүмүүс хамгийн сайн хамтрагчид байдгийг амьдрал ойлгуулж өгдөг. Тэгвэл “амьдрал ийм шүү” гэдгийг практик жишээгээр бидэнд анхлан харуулсан хүмүүс бол С.Батбаатар эрхлэгч, Ж.Отгонцагаан ах хоёр юм. Нэг нь төлөв төвшин, нөгөө нь хурдан шаламгай атал бие биеэ гайхамшигтай уран нөхнө. Хоршил, эвээ нэгэнт олчихсон өөр зан байдал, арга барил нь залуучуудад асар ихийг ойлгуулж, олон зүйлд сургаж өгдгийн тод жишээ бол тэдний босгосон “Цагаригийн школ” хэмээх сургалт юм. Тэдний барьсан школыг Ч.Сүхбаатар, Ц.Энхтүвшин, С.Энхжаргал, М.Сугар-Эрдэнэ, Д.Тунгалаг, Б.Цагаанбаатар, Б.Даваажав нар баяжуулан хөгжүүлж, Н.Энхбаяр, Ж.Баяржаргал, Р.Манлай, Б.Өлзийтогтох, Г.Эрдэнэтуяа, Э.Харцага нар уламжлан үргэлжлүүлсэн түүхтэй юм. Тиймээс энэ сонин болоод энэ хамт олны үлдээсэн нэг тод үнэ цэн бол “ШКОЛ буюу СУРГАЛТ” билээ. Энэ талаар Ц.Балдорж эрхлэгч өглөөний хурал дээр “Цагаригийнхан гэж пээдийсэн хэдэн юмнууд улс дотор вант улс байгуулчихсан нөхдүүд” хэмээн шүүмжлэх мэт егөөдөн тодорхойлсон түүхтэй.
Үнэ цэнтэй байгууллага үнэ цэнтэй хүнийг бүтээдэг гэдэг байх аа. Өөрийн гэсэн школтой, бардамналтай байхын сайхан нь, бас бусдаас ялгарах давуу тал нь энэ буй за. Суурь сайн тавигдвал байшин бат бэх оршдогтой адил зөв цутгагдаж, залгамжлагдсан школын үр дүнд “Таван цагариг” сонин мянга мянган үнэнч уншигчтай болсон төдийгүй “СОНИНЫ ФЭН” гэдэг ойлголтыг Монголд жинхэнэ утгаар нь бий болгосон юм. Хаана л бол хаана сонины хуучин дугаарыг нэхээстэй хүмүүс, хэзээ л бол хэзээ шинэ дугаар гарахыг асуугаастай хүн өдөр бүр таардаг байлаа. Одоо ч гэсэн фэнүүд үнэнч хэвээр. Тэр дугаарын тэр нийтлэл дээр тэгсэн шүү гэж ирээд л эгэл уншигчид, нэрд гарсан тайлбарлагчид ч ярьдаг юм, хэлэлцдэг юм. Энэ бол фанатизм мөн биз?
БИДНИЙ ҮЕ БУЮУ ӨӨР БАЙХ ЗОРИЛГО
“Таван цагариг” сонинд нийтдээ дөрвөн үеийн сэтгүүлчид ажилласан байдаг. Миний ажиллаж байсан үе бол “Алт шиг мөнгөн үе”. Бид бүх үеэрээ уулзахаараа ингэж өөр хоорондоо егөөддөг юм. Бас “Мөнгө шиг хүрэл” үеийнхэн гэж байгаа. Үе үеийн “Цагаригийнхан” өөрийн үеэ өгүүлэх учраас би нэг үеийнхнээ тодорхойлох нь зөв байх. Ах сэтгүүлчид ээлж дараалан гадагшаа явснаар том орон зайтай болчихсон сониныхоо чанарыг алдуулалгүй үргэлжлүүлэн авч явах үүрэг Н.Энхбаяр, Р.Манлай, Б.Өлзийтогтох, Г.Эрдэнэтуяа, Э.Харцага, Пүрэвсүрэн нарын бидний үеийнхэнд тохоогдсон юм. Ингээд хэдэн сарыг үдэж байтал нэг өдөр С.Батбаатар эрхлэгч хурал хийлээ. “Та нар дундаас нэг хүнийг Хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилно. Тэр хүн бол Ж.Баяржаргал” гэхэд нь би палхийгээд явчихсан. Хэн хэндээ түшигтэй, ийм тийм гэсэн ялгаагүй сайхан нөхөрлөнгөө сайн хамтран ажиллаж байсан нэг үеийн залуучууд дундаас нэг нь гэнэт дарга болоход нөгөө хүндээ эхэндээ эвгүй байдаг юм билээ. Ийнхүү 24 насандаа Монгол даяар уншигчидтай, мянга мянган фэнтэй “Таван цагариг” сонины хоёр дахь хүнээр томилогдов.
Албан тушаал хүнийг буруу сэхүүлдэг бол би бол тэгээгүй. Шинэ дарга бий болоход хамт олон сарнидаг бол бид бас тэгээгүй. “Энэ бол өөрийн гэсэн школтой байгууллагад л байдаг эерэг үзэгдэл”. Суурь нь угаас байгаа учир. Бид илүү нягт нөхөрлөсөн, илүү сайн ч хичээн ажилласан. Зүгээр ч нэг хичээгээгүй. “Стандартад нийцүүлж стандарт бусаар” сониноо хийхийг зорьсон. Олон ч шинэлэг өнгө аястай булан ажиллуулсан. “Нэр нэгтийн чих нэг” гэх зэргээр зарим нь сонин, сайтуудад хэрэглэгдээд л явж байна. Хамгийн гол нь сэтгүүл зүйн шинэ төрөл хэлбэрээр бичихийг хичээсэн, Монголд байхгүй дизайнаар сониноо бүтээхийг зорьсон. Зорьсондоо ч хүрч чадсан. Үүний баталгаа нь “Таван цагариг” сонин “МСНЭ-ийн 2002 оны Монголын шилдэг долоо хоног тутмын сонин”оор шалгарсан явдал юм. Шар сонинууд Монголын сэтгүүл зүйд ноёлж байх он жилүүдэд салбарын сонин бүгдийнх нь тэргүүнээр шалгарна гэдэг байх боломжгүй үзэгдэл байв. Тухайн шагналын жуух бичигт “Монголын сэтгүүл зүйд сонины дизайны цоо шинэ өнгө төрхийг нэвтрүүлсэн” хэмээн тодорхойлсон байдаг нь “Таван цагаригийнхан” бидний хүч хөдөлмөрийн бодит, мөн шударга үнэлэмж болсон юм. Бас нэг зүйл. Өнөө цагийн дэлхийн сэтгүүл зүй задлан шинжилсэн хэлбэр лүү хөгжиж байна. Тэгвэл бид чухам энэ жанрт ихээр дурлаж, энэ хэлбэрээр бичихийг илүүд үздэг байв. Гадаад, дотоодын бүхий л тэмцээнүүдийг сурвалжилж мэдээлэхдээ болж буй процессыг задлан үнэлж, гарах үр дүнг шинжлэн дүгнэх хэлбэрээр бичин нийтэлж байсныг сонины маань шарласан дугаарууд бэлхнээ гэрчилнэ. Үүнийг өгүүлсний учир нь “Таван цагариг” сонин ямагт нэг алхмын урд явж ирсэн Монголын сэтгүүл зүйн нэг тод дүр билээ.
АЗТАЙ ХҮН БУЮУ НЭГ БАЙР СУУРЬ
Аливаад талархаж явна гэдэг хамгийн сайн сайхан үйл бөлгөө. Тиймээс олдсон аз од, олгогдсон боломж бүрийг нандигнаж, талархаж, хайрлаж байх нь баримталдаг үндсэн зарчим минь, байгаа үнэн зан байдал маань юм. Тиймээс ч 27 жилийн тэртээх нэгэн түүхийг тод санаж байна. Би 1998 онд МУИС-ийн III курст сурч байхдаа “Таван цагариг” сонинд дадлага хийж эхэлсэн юм. Эхлээд хэдхэн хонож байтал анхны нийтлэлээ бичих даалгаврыг шууд авав. Нийтлэл байтугай мэдээг ч олигтой холбож сураагүй хүн юуг, яаж бичихээ мэдэхгүй редакцын буланд нуугдан нэлээд суулаа. Гэхдээ, шинэ дадлагажигч надад шүтээн минь болсон “Таван цагариг” сонины гурван жилийн ойн дугаарт юм бичих боломжийг олгосонд нь Ч.Сүхбаатар, Ц.Энхтүвшин ах хоёртоо битүүхэн баярлаастай. (Өөрийн гэсэн школыг босгож яваа улс баг бүрэлдэхүүнээ “боломж+сургалт” гэх зэргээр өөр түвшинд хардаг юм байна гэдгийг школын мөн чанарыг мэддэг болсон ахуйдаа хожим бодож билээ). Тэд “За бацааны бичвэр юу болж байнa” гээд сандаргаад байдаг, Д.Тунгалаг эгч компьютерт шивэх гээд хүлээгээд байдаг, С.Энхжаргал ах зураг авах гээд зогсоод байдаг. Мундаг хүмүүсээр шавуулна, дээр нь шахуулна гэдэг залуу хүнд хамгийн гоё мэдрэмж байдаг юм билээ. Багийн тоглолт ямар гоё байдгийн амтыг тэгэхэд их ч тод мэдэрсэн. Тэгж тэгж тав, зургаан өгүүлбэр чадан ядан буулгаад “Би азтай хүн” хэмээн гарчиглаад нийтэлж билээ. Тэр бол үнэн мэдрэмж, үнэн бодол минь байсан юм. Энэ үгэндээ одоо ч эзэн болно. Тийм ээ, би азтай хүн. “Монгол ньюс” хэмээх их гэр бүлийн эд эс болсондоо, “Таван цагариг” хэмээх мундаг сонинд элсэн орсондоо, ийм сайхан хамт олны нэг болсондоо, энэ школыг уламжилж яваадаа, “Цагаригийн Баяраа” гэж нэрлэгддэгтээ, түмэн ур чадварт суралцсандаа, олон талтай болж хөгжсөндөө би азтай, мөн одтой хүн. Монгол Улсдаа түүхтэй, Монголын сэтгүүл зүйдээ мөртэй “Таван цагариг” сониныхоо 30 жилийн ойд зориулав.
Монгол Улсдаа түүхтэй, Монголын сэтгүүл зүйдээ мөртэй “Таван цагариг” сониныхоо 30 жилийн ойд зориулав.
Ж.Баяржаргал