Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар орон нутгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хоригложээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан хүүхдийн XII чуулганаас гаргасан санал болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу уг шийдвэрийг гаргасан байна. Иргэдийн төлөөлөгчид “Олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, дэмжих зорилгоор электрон тамхи худалдахыг хориглох шийдвэр гаргасан” гэв.
Уг ажлыг санаачлагчид электрон тамхи худалдахыг хориглох хүсэлт ИТХ-д хүргүүлэхээс өмнө эцэг, эхчүүд болон өсвөр насны хүүхдүүдийн дунд үе шаттай судалгаа явуулахад хориглох нь зүйтэй гэсэн саналыг олонх нь дэмжжээ. Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснээр дээрх шийдвэрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлэх аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн “Электрон тамхи нь найрлагадаа олон төрлийн үнэр, амт оруулагч, тогтворжуулагч агуулдгаараа янжуураас ялгаатай. Энэ нь хүний биед ууршиж нэвтэрдэг тул уушгийг гэмтээж, улмаар тархины хөгжлийг удаашруулан, хавдар үүсгэдэг” гэв.
Ташрамд дурдахад, янжуураас гарахын тулд түр хэрэглэх зориулалттайгаар бүтээсэн электрон тамхийг өдгөө дэлхий нийтээр хэтрүүлэн хэрэглэснээс болж олон хүн уушгины үл мэдэгдэх өвчтэй, амьсгалахад байнгын хүндрэлтэй, цээж хөндүүрлэх, зүрхний хэм алдагдах, ханиалгах зэрэг “мөнхийн” зовуурьтай болсон байна.
М.Гэгээ